Дурсгалт газрыг хамгаалах өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Дурсгалт газрыг хамгаалах өдрийг тэмдэглэнэ

Дурсгалт газрыг хамгаалах өдрийг тэмдэглэнэ

Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах Олон улсын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтан өнөөдөр ЮНЕСКО-гийн үндэсний элч Н.Уртнасан, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, СУИС-ийн соёлын сургуулийн багш Б.Мөнхбадрал нар мэдээлэл хийлээ.

ЮНЕСКО-ийн Ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ныг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарчээ. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр 34 удаа тэмдэглэсэн байна. Энэ өдөр өөрийн өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, талаар ажил өрнүүлж, ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн Байгаль болон соёлын өвийг хамгаалах конвециор ач холбогдолтой, хосгүй үнэт, гайхамшигтай үл хөдлөх дурсгалуудыг хамгаалдаг аж. Одоогоор дэлхийн 1000 гаруй өвийг бүртгэжээ. Үүнээс 800 гаруй нь соёлын өв байна. Харин манай улс энэ конвецид 1990 онд нэгджээ. Энэ үеэс Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалууд, Бурхан халдун, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газруудыг бүртгүүлээд байна.

2018 оны энэ өдрийг ICOMOS (Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын Зөвлөл) “Өв соёлоо хойч үеийнхэндээ” уриан дор тэмдэглэн ажиллахаа зарлаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, ЮНЕСКО-гийн үндэсний элч Н.Уртнасан:

  • Дэлхий нийтэд энэ арга хэмжээг ЮНЕСКО-ийн “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл” буюу “ICOMOS” зохин байгуулсаар ирсэн. Энэ байгууллага нь дэлхий нийтэд хөшөө дурсгалаа хамгаалах талаар олон талт ажлыг зохион байгуулж байна. Манай улсад энэ байгууллагын төлөөлөгч байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Соёлын өвийг хойч үеийнхэндээ” уриан дүр тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн олон арга хэмжээн зохион байгуулагдахаар төвлөгдөөд байна.

“Соёлын өвийн үндэсний төв”-ийн захирал Г.Энхбат:

  • “Соёлын өвийн үндэсний төв”-өөс явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 9537 дурсгалт газрын 93 мянга гаруй соёлын өв байна гэсэн статистик гарсан. Энэ өдрийн гол зорилго нь үе, үеийн хүмүүс бие, биедээ үнэт өв соёлоо харилцан солилцож, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршиж байна. Мөн соёлын өвийг хамгаалах залуу удирдагчид, судлаачид, мэргэжилтнүүдийг төрүүлэх, энэ сэдэв рүү сонирхлыг нь татах зорилготой.

СУИС-ийн Соёлын сургуулийн багш Б.Мөнхбадрал:

  • Манай сургууль улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Соёлын өв” анхдугаар олимпиадыг зохион байгуулж байна. Гол зорилго нь соёлын биет болон биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүмүүст мэдээлэл өгөх зорилготой. Өнөөдөр олимпиадын эхний шат сургууль бүрт эхэлсэн. Шалгаруулалт ирэх тавдугаар сарын 10-д өндөрлөж, тэргүүн болон шилдэг байруудад шалгарсан сурагчдын нэрс тодорно.  Уралдааны тэргүүн байрт орсон сурагч СУИС-д суралцах эрхийг гардах бөгөөд удаах байруудад орсон сурагчид мөнгөн шагналын урамшуулалтай.

ICOMOS-н Монголын Үндэсний хороо Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран “Музей – өнгөрсөн ба ирээдүйг холбогч гүүр” сэдэвт өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 18-нд орон даяар зохион байгуулахаар болжээ. Мөн СУИС-ийн Соёлын сургуультай хамтран “Соёлын өв” сэдвээр улсын анхдугаар эчнээ олимпиадыг дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд дөрөвдүгээр сарын 10-аас тавдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж