Э.Амартүвшинтэй “Травиата”

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшинтэй “Травиата”

Э.Амартүвшинтэй “Травиата”

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын үзвэрийн хуваарьт энэ долоо хоногт Ж.Вердийн “Травиата” дуурь багтжээ. Тодруулбал ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 22-ны 17.00 цагаас тус дуурийг театрын уран бүтээлчид үзэгчдэдээ барихаар бэлтгэж байна.  

Сонгодог урлагт дуртай үзэгчдийн шимтэн сонсдог дуурийн нэг бол “Травиата” билээ. Тус театрт 106 дахь удаагаа тоглогдох энэ дуурьт гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин Жермонд дуулах гэж байгаагаараа онцлог болж байна. Дэлхийн нэр хүндтэй театруудад уригдан шилдэг сонгодог дууриудад тоглож, Монголынхоо нэрийг гаргаж буй тэрбээр энэ удаа “Травиата” дуурьт дуулахаар эх орондоо түр зуур саатжээ.

Э.Амартүвшин 2018 оны гуравдугаар сарын 11-д Москва хотноо Большой театрын тайзан дээр зохион байгуулагдсан дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчид оролцдог олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн “Браво” ёслолд уригдсан. Тэрбээр Евро Азийн 15 улсын сонгодог урлагийн мэргэжлийн уран бүтээлчдээс шалгаран шилдэг “Браво” шагналын эзэн болсон юм. Энэхүү хүндтэй шагналыг авснаас хойш тэрбээр театрынхаа тайзан дээр “Травиата” дууриар уулзах гэж байгаа нь үзэгчдийн хувьд томоохон бэлэг, бас том хүндлэл, хүлээлт юм. Түүнтэй хамт гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, залуу уран бүтээлч Б.Батжаргал нар гол дүрийг амилуулна. 

Э.Амартүвшин энэ оны нэгдүгээр сард Италийн Режио ди Парма хотын театрт Италийн нэрт хөгжмийн зохиолч Жзеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг гайхамшигтайгаар дуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэгнэсэн. Тэр өдгөө дэлхийн томоохон тайзуудад талын Монгол дуучны ур чадвар, баялаг авьяасыг харуулсаар явна. Тиймээс түүний олон улсад тоглох тоглолтын хуваарь ойрын хэдэн жилд гарчихсан байгааг харахад дэлхийд Монголоо сурталчилж буй уран бүтээлчээрээ бид бахархахгүй байхын аргагүй билээ. 

Э.Амартүвшин Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны “Мөнгөн” шагнал, “Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны гранпри, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг тус тус аваад байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Большой театрын тайзнаа “Браво” шагналыг гардсан.

Дуурь, бүжгийн эрдмийн театр 55 дахь тоглолтын улиралын онцлох уран бүтээлийн нэг бол Камелийн ‘Цэцэгт хадагтай’ зохиолоос сэдэвлэн бүтээсэн Ж.Верди “Травиата” дуурь билээ. Уг дуурь анх Монголын тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тавигдаж, өдгөө 41 дэх жилтэйгээ золгож байна. Монголын хамгийн анхны эмэгтэй найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор сургуулиа төгсөж ирээд монгол хэлээр найруулан тавьж, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байжээ. Мөн 2000 онд найруулагч Ё.Цэрэндолгор итали хэлээр шинэчлэн тавьж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдсан байна. Энэхүү дуурийг 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Ху Вон шинэчлэн найруулж, тайз, хувцсыг шинэчилсэн бөгөөд тайзны зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажилласан байна. 

Ирэх ням гаригт УДБЭТ-ын тайзнаа тоглогдох Ж.Верди “Травиата” дуурийн гол дүрүүдийг танилцуулж байна.

  • Виолетта – Б.Эрдэнэтуяа (гавьяат жүжигчин)
  • Альфредод – Б.Батжаргал
  • Жермон – Э.Амартүвшин (Гавьяат жүжигчин, Монгол улсын соёлын элч)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж