Увсын сайдуудаа У.Хүрэлсүх хөөх үү, хамтдаа харих уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Увсын сайдуудаа У.Хүрэлсүх хөөх үү, хамтдаа харих уу?

Увсын сайдуудаа У.Хүрэлсүх хөөх үү, хамтдаа харих уу?

-Увсын гурвыг төрхөмд нь үдэж өгөөд У.Хүрэлсүх огцрохгүй үлдэж болох ч өөрийг нь Ерөнхий сайд болгоход ихээхэн зүтгэл гаргасан тэднийг танхимаасаа хөөвөл багаараа огцорсонтой бараг ялгаагүй явдал болно-


Зургаан сарын өмнөх Ж.Эрдэнэбатын зовлонг У.Хүрэлсүх тойрч гарахгүй нь, Үндсэн хуулийн алдааны золиос нь Ардын засаг болох нь цаг хугацааны асуудал болжээ. Энэ нь У.Хүрэлсүхийн муугийнх гэхээсээ манай Үндсэн хуулийн тогтолцооны гажуудалтай холбоотой юм. Ардчилсан Үндсэн хуулийг баталсан 1992 оноос хөөвөл Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдсон Д.Бямбасүрэнгээс эхлээд У.Хүрэлсүх хүртэлх 15 Ерөнхий сайдын хэн нь ч танхимынхаа гишүүдийг томилох эрхгүй, сайддаа хариуцлага тооцох боломжгүй нь эргээд УИХ, Ерөнхийлөгчийн барьцаанд орох хамгийн том шалтгаан болсоор ирсэн. Яг ийм шалтгаанаар Ж.Эрдэнэбатыг унагааж гарч ирсэн У.Хүрэлсүхийг ухсан нүхэнд нь унагах улс төр хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд Төрийн ордонд өдөлж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох үед У.Хүрэлсүхээс зоримог, зоригтой шийдвэрүүд гарах байх гэсэн хүлээлт улс төр, эдийн засгийн хүрээнд байсан. Гэвч, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар нэгбүрчлэн хэлэлцэж зөвшөөрүүлдэг процессийн хүлээсэнд орсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сүүдэр, УИХ-ын барьцаанаас хол явж чадсангүй.

Улс төрд түүх давтагдах нь бий. Ардчилсан намаас сургамж авах нь бүү хэл алдааг нь давтаж яваа Ардын намынхан Мэргэжлийн засгаараа туг тахисан бол Ардын засгийнхаа араас зул өргөх нь хэзээ мөдгүй болжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2012 оны сонгуулиар эрх мэдлийн гадна үлдсэн тэд 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсон биш өлдөхийн зовлонгоо давж чадахгүй, өрөөлийн тоглоом болсон хэвээрээ байгаа.

У.Хүрэлсүхийн засагт гурван эмзэг цэг бий. Нэгдэх нь, давхар дээл, хоёр дахь нь, Увсын сайдууд. Гурав дахь нь, Оюутолгой, Эрдэнэт тойрсон баривчилгаа. Эдгээр эмзэг цэг нь У.Хүрэлсүхийг багаараа огцрох уу, эсвэл зөвхөн Увсын гурван сайдаа төрхөмд нь буцаах уу гэх сонголтод хүргэж болзошгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгэнтээ “Ч.Хүрэлбаатар энэ засгийн хамгийн эмзэг цэг болсон”-ыг чуулганы танхимд хэлснээс болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хулгайч, нохойгоороо дуудалцсан удаатай. Ардын засгийн авдрыг манаж яваа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр хориг тавьсан Ерөнхийлөгч түүнийг хорхойтой араандаа зуусан хэвээр ч байгаа юм. Тэрбээр хориг тавих болсон үндэслэлээ ‘Гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон байна’ гэж тайлбарласан бий.

Ерөнхийлөгчийн зүгээс У.Хүрэлсүхтэй уулзаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг танхимаас нь сугалах саналтай байгаагаа хэлсэн гэх яриа Төрийн ордноос сонсогдох болсон. Ганцхан Ч.Хүрэлбаатарыг ч биш, эхний ээлжинд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гэсэн Увсын гурван сайдыг У.Хүрэлсүхийн засгаас хөөхөөр тохиролцсон гэх. Ч.Хүрэлбаатарыг  Хотгор шанагын уурхайтай холбоотой, ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэж явдагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нуудаггүй.  Харин Ц.Нямдорж ‘Эрдэнэт’-ийн 49 хувийн асуудал болон Ерөнхийлөгчийн цаазын ялыг сэргээх хүсэлтийг дэмжээгүйгээсээ болж огцорч магадгүй болжээ.

Ардын засаг 13 яам, 16 сайдтай. Ерөнхий сайдын хувьд өөрөө парламентын гишүүн биш тул сул талаа нөхөхийн тулд танхимаа зуун хувь УИХ-аас бүрдүүлсэн байх талтай. Дээр нь Ж.Эрдэнэбатын засгийг огцруулахад Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарын дэмжлэгийг багагүй авсан. Хуульд зааснаар бол кабинетийн нийт гишүүний 50 хувь нь огцорсон /чөлөөлөгдсөн/, эсвэл Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар автоматаар тардаг. Тэгэхээр Увсын гурвыг төрхөмд нь үдэж өгөөд У.Хүрэлсүх өөрөө үлдэж болох ч, Ерөнхий сайд болоход нь ихээхэн зүтгэл гаргасан тэднийг танхимаасаа хөөвөл багаараа огцорсонтой нь бараг ялгаагүй явдал болно.

Улс төрийн хүрээнд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглахад, Увсын гурван сайдын араас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд С.Чинзориг,  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын асуудал ч орж ирж болзошгүй байна. Учир нь, хаврын чуулгантай зэрэгцээд гэнэт л сувилагч, багш нар “цалин нэмэх асуудлаар” ар араасаа мэдэгдэл хийгээд эхэлснийг У.Хүрэлсүхийг огцруулах сценарийн нэг хэсэг биш гэвэл тэнэг хүн ч үнэмшихгүй биз. “Цалин нэм” гэсэн акцийн цаана чухам юу явагддагийг Н.Учрал гишүүнээс асуувал У.Хүрэлсүх Ерөнхий сайдад учрыг сайн хэлээд өгөх биз.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж