Цөлжилт сааруулах ажил элсний нүүдлээс ч удаан байна

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Цөлжилт сааруулах ажил элсний нүүдлээс ч удаан байна

Цөлжилт сааруулах ажил элсний нүүдлээс ч удаан байна

Дэлхийг дундуур нь зүсээд харвал хамгийн гадна талаар нь бүрхсэн хар хүрэн өнгийн хөрс өндөгний уурагны гадуурх нимгэн хальс шиг харагддаг. Энэ бол хүн төрөлхтний хүнсний гол эх үүсвэрийг тэжээн тэтгэдэг үржил шимт хөрс юм. Ийм л хөрсний төлөө хүн төрөлхтөн, төрт улсууд өөр хоорондоо дайтсаар ирсэн. Харин уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, суурин хөгжлийн хэт ачааллаас үүдэн улс орнууд амьжиргааны эх үүсвэрийнхээ төлөө өөр хоорондоо бус, хатуу ширүүн уур амьсгалыг зөөлрүүлэхээр тэмцэх болжээ. Яагаад гэвэл хөрсний доройтол, цөлжилтөөс болж дэлхий нийт жилд 42 тэрбум ам.долларын хохирол амсдаг. Энэ нь дэлхийн ДНБ-ий 0.05 хувьтай тэнцдэг гэсэн үг. гэхдээ дэлхийн 167 улсад аж төрж буй хоёр тэрбум гаруй хүний амьжиргаа цөлжилт, газрын доройтол нэмэгдэх тусам муудаж байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал юм. Цөлжилт нь зөвхөн элсний нүүдэл биш. Ган, үер ус, хөрсний элэгдэл, зуд, түйрэн, далайн шуурга гээд улс орнуудад хамгийн их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүдийг багтаасан багц ойлголт.

Хамгийн харамсалтай нь энэ бүгдийг оролцуулаад тооцвол дээрх 42 тэрбум гэдэг тоо бүр их болж өснө. Улс орнууд хохирлоо хэрхэн үнэлж, мэдээллээ яаж цуглуулж нэгтгэхээс цөлжилтийн эдийн засгийн хохирол арай өөрөөр тооцогддог. Зөвхөн АНУ-ын хэмжээнд цөлжилтөөс үүдсэн эдийн засгийн хохирол жилд 27 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Харин ДНБ-ий хэмжээтэй нь харьцуулбал Энэтхэгт хоёр, Нигерид найм, Кенид 0.7, Буркина Фасод есөн хувийг эзэлдэг гээд нэлээд том тоонууд гарч ирнэ. Зөвхөн газар тариалангийн салбарт гэхэд африкт 9.3 сая, азид 21 сая, австралид 3.1 сая, Европт 1.5 сая, хойд америкт 4.8 сая ам.долларын хохирол жилд учирдаг гэж НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тогтоосон байх юм.

Энэ хэрээр ядуурал, өлсгөлөн бий болгож, эдийн засгийн өсөлтөөс хойш чангаах аюултай тул цөлжилтийг сааруулахын тулд улс орнууд идэвхийлэн чармайдаг. Өмнөд хөрш гэхэд газрын доройтол, цөлжилтөд өртсөн нийт нутгийнхаа таван хувийг бүрэн нөхөн сэргээсэн нь өдгөө дэлхий нийтэд цуурайтаж буй гялалзам амжилт болж байна. 2050 он гэхэд тус улс ойжуулалтад жилд 9.5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн нь монголчууд бидний санаанд ч багтахгүй том зорилт юм. Учир нь бид цөлжилт гэхээр хэдэн мод суулгахаас цааш хэтэрдэггүй, өөрсдийнх нь амьжиргаанд шууд нөлөөлж байгаа гэдгийг төдий л сайн ойлгодоггүй ард түмэн. Зарим талаараа гутармаар ч юм шиг. Цөлжилт гэдэг үг нийслэлд суурьшиж буй нийт хүн амын тэн хагаст дэндүү хол, эсвэл хаа байсан урд зүгт говь цөлийн бүсэд л хамаатай асуудал мэт хүлээж авах нь бий.

Гэтэл цөлжилтөөс болж ургац хураалт багасаж, талхны үнэ нэмэгддэг. Бас газрын доройтлоос болж малын ашиг шим багасаж, эсвэл мал үрэгдэж махны нийлүүлэлт саарснаар үнэ нь тэнгэрт хадаж, инфляц хөөрөгдөх шалтгаан болдгийг бид өчнөөн жил л мэдэрлээ. Эдийн засгийн бүтцээр нь авч үзвэл газрын доройтол, цөлжилтийн нөлөөлөлд өртөмтгий салбар нь хөдөө аж ахуй. Бодлого судлалын төвөөс хийсэн судалгаагаар бэлчээрийн доройтлоос шалтгаалан малын гарц, ашиг шим буурснаар нэг малчин өрх жилд 2.6 сая төгрөгийн алдагдал хүлээдэг аж. үүнийг улсын хэмжээнд авч үзвэл 368 тэрбум төгрөг болж буй. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн бэлчээрийн мэргэжилтний хэлж буйгаар бэлчээр эрүүл байж гэмээнэ эрүүл малаас өндөр ашиг шим хүртэнэ. Гэтэл манай улсын нийт газрын доройтол суурь түвшингээс гурав дахин өндөр, бэлчээрийн даац 2.3 дахин хэтэрчихээд байгаа аж. Тиймээс ч хонины амьдын жин 48-44 кг, ямааных 35-33 кг болж, хонины ноос, ямааны ноолуурын гарц 2-8 хувиар буурсан дүнг Бодлого судлалын төвийнхөн гаргасан байна.

Нэг малчин өрхөд 2.6 сая төгрөгийн хохирол учирдаг

Түүнчлэн газар тариалангийн бүс нутгууд газрын доройтол, цөлжилтөд өртөх нь улам нэмэгдэж буйг ШУА-ийн геологи, газарзүйн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Н.Мандах хэллээ. Тухайлбал, атаршсан талбайн хэмжээ нийт тариалалтын талбайн 10 хувьтай тэнцэж байна. Ийм газар байгалийн ургамал сийрэг тул хөрс нь салхи, усанд өртөмтгий болдог. Тиймээс тариалалттай уринш хийх, хамгаалалттай ойн зурвас байгуулах, усалгаатай болгох шаардлагатай аж. Харамсалтай нь энэ тухай мэргэжилтнүүд олон жил зөвлөж, бодлогын баримт бичиг бүртээ дурдсан байдаг ч огт ажил хэрэг болдоггүй. Гэтэл үүний уршгаар өнгөрсөн жил улсын хэмжээнд тооцоолж байсан ургацынхаа 50 хувийг алдаж, импортын улаан буудайгаар нөхсөн.

Нөгөөтэйгүүр тариалангийн газрын үржил шим муудсанаар үр тариа, хүнсний ногоог органик бус бордоогоор бордож, шим тэжээл багатай ургац авна. Энэ бүхэн хүнсний сүлжээнд орсноор эргээд хүн амыг хоол тэжээлийн дутагдалд оруулж, түүнээс үүдсэн эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, газар тариалан, мал аж ахуйн салбар бол цөлжилтөөс үүдэх эдийн засгийн шууд хохирол юм. Харин шууд бус хохиролд хот байгуулалт, зам тээврийн салбарыг нэрлэж болно. Сүүлийн үед гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж, дэд бүтцийн байгууламжууд эвдэрч сүйдэх нь нэмэгдэх болсон. Жил бүр тэдгээрийг сэргээн засварлах мөнгөний хэмжээ ихсэж буй. Эдгээрээс хамгийн томыг дурдахад 2010 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаар дайран өнгөрсөн мянганы зам үерийн улмаас сэтрэхэд 2-3 тэрбум төгрөгөөр сэргээн засварласан.

Уг нь манай улс 2012 онд баталсан Цөлжилтөөс сэргийлэх, хөрс хамгаалах тухай хуулиар жилд нэг тэрбум төгрөгийг цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд зарцуулдаг. Бас аймаг бүр мод үржүүлэх чадавхтай болсон. газар тариалангийн салбарт ганд тэсвэртэй улаан буудай, төмсний үрийн сорттой болсон зэрэг сайн жишээ бий. Гэхдээ л энэ бүх ахиц дэвшил цөлжих үйл явцыг гүйцэхээргүй удаан өрнөж байна. Улсын хэмжээнд 2010 ба 2015 онд цөлжсөн талбайн хэмжээ хоёр хувиар нэмэгдэж, гамшигт үзэгдлүүдийн давтамж ихэссэн тоог Байгаль орчны төлөв байдлын тайлангаас харж болно. Харин энэ бүхэн нэг аймаг, бүхэл бүтэн салбар, цаашлаад улсын эдийн засагт хэдий хэмжээний хохирол учруулдгийг тооцсон тоймтой дэлгэчих судалгаа алга. Сүх далайтал үхэр амар гэгчээр элсний чимээгүй нүүдэлд эзэнгүй газар нутгаа эзлүүлэх хүртлээ алгуурлаж байснаас наана нь далайцтай арга хэмжээ авах шаардлагатай байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж