“Бөхийн өргөө”-г жоомтой зүйрлэх ч хаашаа юм, гэхдээ…!!!

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

“Бөхийн өргөө”-г жоомтой зүйрлэх ч хаашаа юм, гэхдээ…!!!

“Бөхийн өргөө”-г жоомтой зүйрлэх ч хаашаа юм, гэхдээ…!!!

“Бөхийн өргөөг Цагдаагийн хамгаалалтад авчээ”. Энэ юу хэлнэ вэ. Хэрэв “өргөө” хэрэггүй, “холбоо” л хэрэгтэй байсан бол бөхчүүд “өргөөнийхөө” төлөө талцаж, үүдэнд нь хөшилдөж, өргөөгөө эвдэж, эцэстээ  цагдаа оролцох хүртэл явах байсан уу. Үүнээс үүдэн “Бөхийн өргөөг хувьчилъя”, “Төрийн мэдэлд авъя” гэсэн санаачилга ч дуулдаж эхэллээ. Тэгвэл “Бөхийн өргөө хэнийх вэ”. Түүний “үнэт зүйл” буюу капитал нь хаанаа байгаа юм бэ”.

Цаасан дээр бичсэн дүрмээс харахад “Их эе” гэдэг нэртэй, 200 гаруй бөх хуралдаад тэргүүндээ таалагдсан дүрэм зохиочхоод, дүрмээ мөрдөх нэрийдлээр “Тэргүүнээ хадгалсаар” өнөөдрийг хүрсэн байх аа. Тийм ч учраас Р.Нямдорж “Би больё гэдэг. Намайг сонгочихоод байдаг юм” гэж бардам хэлдэг билээ. Улстөрчидтэй харьцуулбал саяхны жишээгээр “Би гишүүнээсээ түдгэлзье гэсэн. Хэлэлцэж шийдэж өгөхгүй л байгаа” гээд байгаа Д.Гантулга гишүүний “балай” асуудлын хариулттай төстэй байгаа биз.

Ийм дүрэм байж болохгүй ээ. Дүрэм тодорхойгүй л бол тэндээс шударга ёс, зарчим хайх ч хэрэггүй. Тийм ч учраас дүрмийг тодорхойгүй байлгах, ямарваа хуультай зөрчилдөж “шаардлагатай тохиолдолд” салаа утгатай байлгах ашиг хонжоо бас байдаг юм. Энэ нь Ц.Нямдорж даргын хэлсэн өнөөх “мухардал” гэгч “аятайхан байрлал” л даа.

Хэрэв тус холбооны шинэ “эрх баригчдад” Бөхийн өргөө сонин биш бол юу сонин бэ? Арай “бөхчүүдийн хүч” биш биз. Ингэж сэрдэхийн учир нь удаа дараагийн газрын маргаанд бөхчүүд оролцсон. Тэдний ард тухайн газрыг булаалдаж буй хууль бус эзэн байдаг. Тэр ч байтугай УИХ-ын сонгуульд улстөрчийн төлөөх “хамгаалалтад” хүртэл  нэр бүхий бөхчүүд оролцсон нь саяхны факт байх аа. “Ахдаа”, “Даргадаа” үнэнч байхын цаана ирээдүйн “улстөрч бөх” байх бодол эрчүүдийн дотор байлгүй л яахав. Харин хэн нэгний турхиралтад “хэзээд бэлэн” байх бүлэглэл маягийн, якуза хэлбэрийн мафи төрхийн бөхчүүдийг наадамчин олон хүсэхгүй л болов уу.

Харамсалтай нь, өнөөдөр “Тэр бөх хэний хэн бэ” гэх биш “ Бөхийн өргөө хэнийх вэ” гэдэг нь Бөхийн холбооныхонд илүү сонирхолтой байгаа бололтой.

МҮБХ-ны дүрмийн 10 дугаар зүйлд “Монгол бөхийн өргөө нь Монголын Үндэсний бөхийн холбооны өмч мөн”, 10.2-т “Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно”, 10.3-т “Монгол бөхийн өргөөтэй холбогдох асуудлыг “Их эе”-ээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Р.Нямдорж энэ талаар ярихдаа “Хүмүүс ойлгохдоо арван хоньтой нь тавыг нь туугаад, хүн бүр цалингаасаа хандивлаад л нэг өрөөнд хандивын баахан хөрөнгө цугласан мэтээр ойлгодог. Үнэндээ тийм байгаагүй. Анх “Бөхийн өргөөг сүндэрлүүлнэ, хандив өгөөч” гэдэг зараар сайн дураараа 526 хүн л хандиваа өгсөн. Үүнээс дээд тал нь 1000 төгрөг, доод тал нь Анагаахын дээдийн оюутан болон холбоочин Баярмаа нар тус бүр арван төгрөг хандивласан. Бид тухайн үед “Мэдээлэл” гэдэг хоёр цуврал ном 1995 онд гаргасан. Эхнийх нь 1992-1993 онд болон 1994-1995 оны долдугаар сар хүртэлх  хандив өгсөн хүмүүс, байгууллагын жагсаалтыг хариуцлагатай түүхэн баримт болгон нийтэлсэн, үүнийг хуурамчаар үйлдэх аргагүй юм гэж билээ. Түүнчлэн “Үүнийг ойлгохын тулд 1995 онд та нар “очиж” ойлгох ёстой. Бид хандив өгч байгаа хүмүүсээ сурталчлахыг хүссэн. Тухайн үед “Ардын эрх” сонины сайхан сэтгэлтэй ажилтнууд арван төгрөгөөс эхлээд 1000 төгрөг, хэдийг ч хандивласан сониндоо нийтэлж бусдыг уриалдаг байсан. Гэтэл эсрэгээрээ “Бөхийн өргөөнд хандивласан мөнгө дуусчихаж” гээд цуурч эхэлсэн. Үнэн хэрэгтээ хоёр гурван сая төгрөг л цуглаад байсан юм гэсэн билээ.

 Ингээд  Бөхийн өргөөг барьж дуусгахад яагаад ч хүрэхгүй барилгын ажил зогсоход хүрээд байжээ. Энэ үед тухайн үед УИХ-ын олонхийн бүлгийн даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж нэг удаа бөх үзэж сууснаа МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид “Дэлхийн жишигт ард түмэн санаачилгаараа 40 хувийг нь шийдчихсэн байхад төр засаг нь дэмждэг юм шүү дээ” гэчихсэн юм байна. Үүнээс Р.Нямдорж “Барилгын ажлын 70 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилтийнхээ 50 хувийг шийдчихсэн юм чинь төрд хандаж болох юм байна гэж бодоод Улсын бага хурлын дарга Р.Гончигдоржтой уулзаж АН-ын олонхийн бүлгээр хэлэлцүүлж 800 сая төгрөг шийдэж өгсөн юм билээ. Тэр мөнгө нь бол төсвийн хөрөнгө. Тэр тусмаа “хоёр шатлалтай татварын  тогтолцоо нэвтрүүлнэ” гэж төсөвт тусгасан дөрвөн тэрбум байсан нь эрх зүйн хувьд боломжгүй болж хойшлогдоод дахин хуваарилахад түүнээс 800 сая төгрөгийг Монгол бөхийн өргөө төсөлд зарцуулахаар болжээ. Тэр нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар МҮБХ гэдэг ТББ-ын өмч юмсанж. Тэгвэл “Нямдоржийн” Бөхийн холбоо, “Нямдоржийн” Бөхийн өргөө” байлгамааргүй байгаа бол “Их эеэр” Р.Нямдоржийг тэргүүн байлгахыг “болиулах”, “солиулах”-аас өөр гарцгүй байдаг аж. Ингээд “Р.Нямдорж солигдлоо”. Бөхийн өргөө шинэ тэргүүний мэдэлд очих ёстой, тийм үү. Гэтэл яг эндээс “дуусдаггүй маргаан” эхэлж байгаа юм.

Одоо “Бөхийн өргөөг” төр мэдэлдээ авчихаар Төрийн бус байгууллагыг “дээрэмдсэн” болох гээд байдаг. Холбоо нь аваг гэхээр энэ маргаан дуусахгүй. Хохирогч нь хэн бэ гээд шүүхдэхээр дээрх “мэдээлэл” гэх товхимолд, эсвэл тухайн үеийн “Ардын эрх” сонинд бичигдэж нэг өдрийн цалингаа хандивласан иргэд, “бөхчүүд сайхан өргөөтэй болог” гээд хундан цагаан хонио бариад өгсөн малчин хүртэл “Бөхийн өргөөний эзэн” болж таарч байгаа биз. Хэрэв Монголын үндэсний бөхийн холбоог л “гоё сайхан” болгоё, үйл ажиллагааг нь сайжруулъя гэсэн бол “шинэ удирдлагууд” нь “өргөөтэй, өргөөгүй” чадах л байсан. Тэгэхээр өргөө чухал байгаа биз.

Нэг удаа тоглолт хийхэд 2 сая 500 мянган төгрөг. Тэнд 2500 хүний суудалтай. Энэ үзүүлэлт л өргөөг өгөөш болгоод байгаа юм биш биз. Тэгвэл энэ талаар Р.Нямдорж ярихдаа “Бөхийн өргөөний тоглолт нууц явна гэж байдаггүй. Арваад хоногийн турш телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар зарлагдаж байж тоглолт болдог. Сониуч хүн бол үүнийг тэмдэглээд бодож болно шүү дээ. Тэнд хийдэг тоглолтын үнэ дунджаар 10 мянган төгрөг л байдаг юм билээ. Нэг тоглолт 25 сая, хоёр тоглоход 50 сая, гурав тоглоход 75 сая тэр мөнгийг л намайг авдаг юм шиг ойлгодог юм шиг байгаа юм. Хэн ч ямар ч үнээр билетээ зарсан “Бөхийн өргөө” нэг тоглолтоос 2 сая 500 мянган төгрөг авдаг. Үүнээс 2 сая 250 мянган төгрөг нь “Бөхийн өргөө”-ндөө үлдэж 250 мянган төгрөгийг нь татварт тушаадаг. Тиймээс тоглолтыг нь тоолоод шалгахад л болоо шүү дээ” гэсэн юм.

Энэ ашигтай өргөөг ашиг хонжоо багатайгаар эдэлдэг үзүүлэлт зарим “шарк”-д хардлага төрүүлсэн үү. Эсвэл илүү өндөр ашигтай ажиллаж болохыг бизнесийн нүдээр хараад Монголын үндэсний бөхийн холбоог “хөрөнгөжүүлье”, боловсноор хэлэхэд эдийн засгийн чадамжтай болгоё гэж зүтгэж байна уу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Ямартай ч аливаа спортын холбоо ашгийн төлөө байвал юу болохыг бид хангалттай харж байна. Гольфийн холбоо, “муушигчдын холбоо” хоёр яав ч нэг зиндаанд биш шүү дээ. Түүнчлэн “байшинтай” холбоод илүү маргаантай байдгийн жишээ нь Монголын залуучуудын холбоо биш гэж үү. Хэчнээн өргөн “фронт” билээ гэдгийн цаана мөн л байшингийн асуудал бий. Та бүхэн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны байраар ороод үзээрэй. Төсөөлж байснаасаа төөрнө дөө. Энэ мэтчлэн байшинтай холбооны онцлог гэж бас байдаг юм байна. Монголын үндэсний бөхийн холбоо “Бөхийн өргөө” гэдэг барилга байгууламжаас болоод талцаж эвдрэлцэж болохгүй чухал шалтгаантай юм шүү.  Тусгаар тогтнол гэхчлэн том ярихаа байг гэхэд үндэсний гэх, стратегийн гэхэд томдохооргүй нийт ард түмний эв нэгдлийг агуулдаг онцлогтой энэ холбоо эвдрэлцсэнээс “Бөхийн өргөө”-г ямар нэг замаар маргаанаас сугалж аваад яахыг харах шаардлагатай байна. Хэрэв тухайн үед УИХ-ын дарга Р.Гончигдорж, тухайн үед олонхийн бүлгийн дарга асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан нарын үед тэр үеийн хоёр шатлалт татварын тогтолцоо нэвтрүүлэх мөнгөнөөс 800 сая төгрөгийг “Бөхийн өргөөний барилгыг гүйцээхэд” зориулахаар шийдвэрлэсэн л юм бол яагаад төр авч болохгүй гэж. Холбоо “хэрүүлийн алимаа” хураалгаад эв зүйгээ олсны дараа хувьчлаад буюу дуудлага худалдаагаар авч болох биш үү. Эс бөгөөс түүхэн их аваргаа бурхны оронд одож Алтан өлгийд залсны шөнө хүртэл залгамж хойч үе нь “Бөхийн өргөөг” талцаж бүсэлчихээд хуучин, шинэ тэргүүнүүд нь шүүхээр гүйлдсэн жудаггүй гутам дүр зургийг хэтэрхий олон хоног харах болох нь.

Бөхийн өргөөгөө жоомтой зүйрлэх ч хаашаа юм. Гэхдээ л “жоомоо алах гээд гэрээ шатаасан”-тай дэндүү төстэй байдалд хүрээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж