Булган аймаг ОХУ-ын Буриад улсын Закамень аймагтай хиллэдэг. Энэхүү хилийн бүс нь тэр чигтээ ой хөвч учир ойн түймэр гарах магадлал их байдаг. Тиймээс хоёр аймаг энэ жил хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоос энэ талаар тодруулахад, “ОБЕГ, Буриад улсын Онцгой байдлын Яамтай ойн хээрийн түймрийн чиглэлээр гэрээ хийж, харилцан ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ гэрээний дагуу хил залгаа оршиж байгаа нутаг, сумдад хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ” гэв.
Аймгийн Онцгой байдлын газар хилийн цэргийн анги салбар, хил залгаа сумтай хамтран хилийн бүс, зурваст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн мэдээллийг шуурхай авч унтраах, улсын хил давуулахгүй байх арга хэмжээг авахаар бэлтгэл бэлэн байдлаа хангаж байна. Хил орчмын нутагт ан гөрөө хийх, бугын эвэр, жимс түүх зэргээр хилийн зөрчил гарч гал түймэр гарах эрсдэл байдаг юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.