Улаан асрын зүүд (112-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (112-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (112-р бүлэг)

Улаан асрын зүүд (112-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


Зуун арван хоёрдугаар бүлэг

НҮГЭЛ ИХТ ОХИН ЧАВГАНЦ ХҮЧТЭНИЙ ГАРТ ОРЖ, ЧИВЭЛ ИХТ ХӨГШИН ТАТВАР ЭМ ЭРЛЭГИЙН ҮҮДЭНД ШУРГАВ

Өгүүлэх нь: шөнийн манааны эмсийг хүлж яаманд хүргэн өчиг өгүүлсүгэй гэж Фөн Жег хэлсэнд тэдгээр нь цөм мөргөн сөгдөн гуйв. Линь Жышяо, Жя Юнь хоёр: “Та нар гуйгаад тусгүй ээ. Лаое биднээр гэрээ сахиулсан тул явдал учир гараагүй бол бидний аз болно. Одоо нэгэнт хэрэг гарч их багагүй цөм толгой даахгүй хэрэгт орсон тул хэн чамд тусалж чадна вэ. Жөү Рүйн хуурай хүү мөн бол тайтайгаас эхлээд их багагүй цөм цэвэр үлдэж чадахгүй” гэв. Фөн Же:

-Энэ бол цөм урьдын тавилан болох тул эдэнтэй юү ярих вэ. Эднийг тэнд аваачвал болно. Алдсан юмыг чи яаманд очиж, үнэнхүү Лао тайтайгийн эд болох тул Лаое нараас асуувал сая мэднэ. Бид дээш мэдүүлж, Лаое нарыг залж авчраад алдсан эдийн дансыг бичиж авчирсугай гэхтүн. Бичгийн түшмэлийн яаманд бид мөн ийнхүү мэдүүлсүгэй гэсэнд Жя Юнь, Линь Жышяо хоёр “За” гээд гарав. Ши Чүнь уйлаад л: “Ийм явдлыг би ер олж сонссонгүй. Яагаад очиж очиж бид хоёр дээр таардаг байна. Маргааш Лаое тайтай нар ирэхээр би ямар нүүрээр хүмүүсийн нүүр харах вэ. Хамаг орон гэр юмаа бидэнд орхиод явах хооронд ийм болчих гэж байхуу. Одоо яаж амьд явах юм бэ гэсэнд Фөн Же: “Бид ямар дуртайдаа… Шөнийн манаачид тэнд байж л байна” гэв. Ши Чүнь: “Чи өвчтэй байсан тул хэлэх үгтэй. Над хэлэх үг алга. Манай их бэргэн намайг хорложээ. Тэр тайтайд хэлсээр байгаад намайг үлдээж гэр харуулсан юм. Одоо би нүүрээ хаана шургуулах вэ” гэсээр гашуудан уйлав. Фөн Же, “Охин минь, чи ингэж бодож болохгүй. Бүгдээр адилхан нүүрээ барсан. Чи ийм мунхаг бодол өвөрлөвөл миний санаа их зовно” гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал гаднах хүрээнд нэг хүн чанга дуугаар “Тэр удган чавганцыг оруулж огт болохгүй. Манай Жэнь ордонд оруулдаггүй байсан юм. Энэ ордонд харин хамаа намаагүй оруулна гэж санасангүй. Өчигдөр Лао тайтайгийн шарилыг гаргатал ямар нэг сүмийн чавганц ирээд дотогш орно гэж үхэн хатан зууралдсан. Би зандраад оруулаагүй. Захын хаалганы хөгшин намайг харааж тэр чавганцад мөргөн гуйсаар авчирч орууллаа. Тэр захын хаалгыг үе үе нээж хаагаад юу хийнэ вэ. Би санаа амаргүй, дөрвөн жин болтол унтаж чадахгүй байтал ийн үймэлдлээ. Би очиж дуудтал үүдийг нээж өгсөнгүй. Дотор улам их үймэлдсэн тул би үүдийг эвдэн орж баруун хүрээнд зогсож байсан нэг хүнийг завдан цохиж алав. Энэ дөрөвдүгээр охины гэр байсныг би сая олж мэдсэн бөгөөд тэр чавганц энэ гэрт байсан. Энэ өглөө тэнгэр гэгээрэхээс өмнө тэр алга болжээ. Энэ хулгайг тэр чавганц л дагуулж ирсэн” гэж бархирав.

Пин Эр нар сонсоод: “Хэн ингэж дүрсгүй аашилж байна. Охид, найнай цөм энд байж байхад гадаа ингэж бархирах хэрэг юу вэ” гэсэнд Фөн Же: “Жэнь ордон гэхийг сонссонгүй юү. Тэдний ирүүлсэн тэд ад чөтгөр мөн байхаа” гэв. Ши Чүнь бүр их зовов. Фөн Же, Ши Чүнээс “Тэр бас юуны чавганц гэнээ. Чиний тэнд чавганц ирж хоноо юү” гэсэнд цаадах нь: “Мяо Юй ирж Мигман тавьж хоносныг хэлж байгаа юм” гэв. Фөн Же түйсэж, “Тэр яасан ч ийм юм хийхгүй. Тийн гэвч энэ адын амьтан үг гаргаад Лаое мэдвэл бас муу болно” гэсэнд Ши Чүнь улам айж босоод явсан гэв. Фөн Же, Ши Чүнь айсаар уршиг татуузай гэж болгоомжилж түүнийг явуулалгүйгээр “Хулгайгаас үлдсэн юмыг хураалгаад, хүнээр харуулаад яв” гэв. Пин Эр “Бид хурааж чадахгүй. Яамнаас хүн ирж, шалгатал бид харж л байя. Лаоед мэдүүлэхээр хүн явуулсан уу” гэсэнд Фөн Же: “Чи эмгэнийг явуулж асуулгатугай” гэв. Удалгүй хүн ирж: “Мөд байцаах хүн ирвэл, өөр хүн тодорхой ярьж чадахгүй тул Линь Жышяо явж чадахгүй, Юнь Эр явжээ” гэж мэдүүлэв. Фөн Же толгой дохиод Ши Чүнь хоёул гуниглан суув.

Хуурай хүү гэгч Хө Саний дагуулж ирсэн хулгайч нар их алт, мөнгө, шүр, сувд дээрэмдэн аваад гаргатал араас нь ирсэн хүмүүс нь цөм өөдгүй амьтад тул баруун гэрт орохоор очоод, гэрийн дотор дэнгийн гэрэлд нэг сайхан охин, нэг сайхан чавганцтай сууж байхыг цонхны цаанаас харжээ. Тэр хулгайчид юуны амь насыг бодох завгүй байна. Тэр даруй муу санаа үүсч түрэн орохыг завдтал Бао Юун хүрч ирсэн тул санд мэнд авсан юмаа бариад зугтжээ. Хө Сань ганцаараа зугтсан ажээ. Бүгдээр үүрлэсэн газартаа цуглаж хоноод маргааш нь Хө Сань алагдаад, одоо бичиг цэргийн яаманд мэдүүлснийг мэдэж аваад, энд байж болохгүй болсон учир далайн дээрэмчидтэй нийлэхээр зөвлөлджээ. Оройтвол, баривчлах зар тараад боомт газраар нэвтрэн гарч чадахгүйг ойлгоцгоов. Тэдний доторх нэг зоригтой эр “Бид явах ч явна. Би тэр чавганцыг орхиж төвдөхгүй байна. Үнэхээр сайхан төржээ. Аль сүмийн ангаахай болоо” гэсэнд нэг нь “Тийм тийм, би саналаа. Хоёр ордны хүрээн доторх Лун Цүй Ань сүмийнх байх. Уржнан тэр чавганц тэдний гэрийн Бао Эр Еэ гэгчтэй ийм тийм болоод, дараа нь санааны өвчин олоод эмч залж эмнүүлэх гэж гадуур ярьж байсан байхаа. Яг тэр мөн” гэв. Нөгөө хүн сонсоод: “Бид өнөөдөр нэг өдөр нуугдан галын ахаар бага сага юм төхөөрүүлээд, маргааш үүрээр боомтоор цувран гаръя. Та нар боомтын гаднах хорин газрын хөтөл дээр намайг хүлээ” гэв. Хулгайч нар хэлэлцэн тогтоод, юмаа хувааж аваад тарав.

Жя Жөн нар шарилыг сүмд хүргээд байрлуулан тавьсны дараа төрөл садан нь таран явцгаажээ. Жя Жөн хажуугийн байшинд шарилыг сахин сууж байхад Шин, Ван хоёр Фүрэнь дэргэд нь уйлж байлаа.

Маргааш нь шарилд тахилга өргөж будаа хоол өрж байтал Жя Юнь орж ирээд, Лао тайтайгийн шарилд нэг мөргөөд, Жя Жөнгийн дэргэд очиж сөгдөн амар эрээд “Өчигдөр шөнө хулгай орж, Лао тайтайгийн дээд гэрийн юмыг хулгайлаад явчихлаа. Бао Юун тэдэнтэй үзэлцээд нэгийг нь цохьж алав. Дараа нь бичиг цэргийн яаманд мэдүүллээ” гэж хэлэв. Жя Жөн сонсоод их цочиж байхад тайтай нар сүнсээ зайлтал айж уйлан гашуудав. Жя Жөн хэдэн юм асуугаад “Алдсан юмныхаа дансыг яаж бичив” гэж асуусанд цаадах нь:

-Гэрийн хүмүүс мэдэхгүй тул бичээгүй байгаа… гэсэнд Жя Жөн:

-Тэр болно. Манай гэрийг нэгэнт хөндөж өнгөрсөн1 тул сайн эдийг дансалбал бас буруудна. Хурдан Лянь Эрийг дууд гэв.

Энэ үед Жя Лянь, Бао Юйг дагуулан өөр газар тахил тавиад ирээгүй байсан тул хүн явуулж дуудуулав. Жя Лянь сонсоод уурлан дэвхэрч, Юнь Эрийг хармагц, Жя Жөн байгааг ч хайхралгүй шүд зуун харааж: “Хүндлэхийг дайхгүй муу хувхай гавал. Би чамд хүмүүс дагуулан манаа халаа эргэх чухал ажил даалгасан байтал чи үхчихсэн байв уу. Ямар нүүрээр ирж хэлж байгаа юм бэ” гээд түүний нүүр рүү хэдэнтээ нулимав. Цаадах нь үг дуугүй гараа унжуулан зогсоно. Жя Жөн: “Чи үүнийг хараагаад тус болохгүй” гэсэнд Жя Лянь сөгдөөд, “Одоо яах вэ” гэв. Жя Жөн:

-Арга алга. Яаманд хэлж хулгайчийг бариулахаас өөр ямар арга байна. Хичээх нэг зүйл нь, Лао тайтайгийн гэрээсэлсэн эдийг бид ер хөдөлгөөгүй. Чи мөнгө авъя гэвэл Лао тайтай нас болоод хэдхэн өдөр болж байх тул би хөдөлгөж төвдөөгүй юм. Ажил явдал өнгөрсөн хойно дансаа бодоод хүний өрийг даръя гэсэн юм. Үлдсэн мөнгөөр нь эндэхийн болон өмнө газрын онгоны хөрөнгө бэлтгэе гэсэн юм. Үнэндээ тэр юмны тоо байг мэдэхгүй. Одоо бичиг, цэргийн яамнаас алдсан юмны данс авна гэх тул хэдэн гол сайн юмыг дансалж болохгүй. Алт мөнгө өдий төдий. Хувцас хунар, засал зүүдэл өдий төдий гээд, магадтай тоогүй, хий данс бичиж болохгүй. Одоо чи харин ангид өөр хүн мэт болсон нь инээдтэй байна. Яагаад арга алдраад байгаа юм бэ. Чи энд сөгдөөд яах юм бэ гэв. Цаадах нь хариу хэлж чадалгүй гарч явав. Жя Жөн “Чи хаана очно вэ” гэж дуудсанд “Би харьж сайтар төвхнүүлье” гэв. Жя Жөн нэг далайсанд цаадах нь бөхийв. Жя Жөн,

-Чи дотогш орж эхдээ мэдүүл. Лао тайтайгийн инж нараас нэг хоёрыг аваачаад тэднээр нарийн сайн бодуулж байгаад данс бичүүл гэв.

Лао тайтайгийн юмыг Юань Ян гардан хариуцаж байсныг Жя Лянь мэдэх бөгөөд одоо тэр үхсэн тул хэнээс асууна. Жэнь Жу тэд яаж нарийн мэдэх вэ гэж санасан боловч хэлж чадалгүй зүгээр л ‘За’ гээд хүлээв. Дотогш яваад орсонд Шин, Ван хоёр Фүрэнь нэг зэрэг донгодоод, Жя Лянийг харьж гэр сахисан хүмүүст “Маргааш ямар нүүрээр бидэнтэй уулзана вэ” гэж хэл. Тэрбээр бас л “За” гэж хэлж гарч ирээд, тэрэг хөлөглөн Ху По нарыг хот руу явуулахыг захиад өөрөө луус унаж, хэдэн зарц дагуулан довтолгов. Жя Юнь ч дахин юм хэлж чадалгүй ухран гараад мориндоо мордон түүний хойноос явав.

Жя Лянь, Лао тайтайгийн дээд гэрт орж очвол Фөн Же, Ши Чүнь хоёр байв. Тэднийг хараад уур нь хүрсэн боловч түүнээ гаргасангүй. Линь Жышяогаас “Яамнаас хүн ирж үзэв үү” гэж асуусанд цаадах нь хийсэн ялаа мэдэх тул газар сөгдөөд “Бичиг цэргийн яамнаас ирж үзээд, орсон гарсан ул мөрийг ч шалгаж, үхсэн хүний биеийг ч шалгасан” гэж мэдүүлсэнд Жя Лянь ихэд цочиж: “Юун үхдэл вэ” гэв. Цаадах нь Бао Юунгийн цохиж алсан хулгайч, Жөү Рүйгийн хуурай хүү гэж хэлэв. Жя Лянь “Юнь Эрийг дууд” гэв. Төдхөн Жя Юнь орж ирээд сөхчив. Жя Лянь:

-Чи Лаоетай уулзаад үүнийг яагаад хэлээгүй вэ! гэсэнд цаадах нь:

-Манааны хүн түүнтэй төстэй гэсэн тул сүүлд нь биш байж мэднэ гээд хэлээгүй юм гэв. Жя Лянь:

-Чи яасан мунхаг амьтан бэ. Чи хэлсэн бол би Жөү Рүйг дагуулж ирээд үзүүлээд мэдэх байсан юм гэсэнд Линь Жышяо:

-Одоо яамны газраас хүүрийг таниулах гэж захын үүдэнд тавьсан… гэтэл Жя Лянь:

-Бас нэг мунхаг амьтан таарчээ. Юм хулгайлж яваад алуулсан хүний амийг бас төлнө үү… гэсэнд цаадах нь:

-Үүнийг хүнээр таниулах хэрэггүй. Боол би ч танина. Тэр мөн байна лээ гэв. Жя Лянь дотроо, тийм байхаа тэр. Тэр жил Жэнь даяагийн занчих гэсэн хүн. Жөү Рүйгийн тэр хүү байжээ гэж бодов. Линь Жышяо: “Бао Эртэй зодолдсон тэр мөн шүү дээ. Эр Еэ үзсэн биз дээ” гэв.

Жя Лянь энэ мэтийг сонсоод улам уурлаж манааны хүнийг занчих гэсэнд Линь Жышяо “Эр Еэ уураа дараа. Манааны хүнийг томилж гаргасан тул тэд манахгүй сууж чадах уу. Ганц манай ордонд гуравдугаар хаалганы дотор нэг ч эр хүн оруулахгүй журамтай тул боол бид ч дотроос дуудахгүй бол орж чаддаггүй. Боол би гадаа Юань агьтай цаг тутам эргэж шалгаж байсан. Гуравдугаар хаалгыг таг дарж, гаднах хаалгыг огт нээдэггүй байв. Тэр хулгайч нар арын годилоор оржээ” гэж мэдүүлэв. Жя Лянь “Доторх манааны эмс хаачсан юм бэ? гэсэнд цаадах нь:

-Манааны хүмүүсийг найнайгийн тушаалаар хүлээд Эр Еэгийн байцааж асуухыг хүлээж байна гэв. Жя Лянь “Бао Юун хаана байна вэ” гэсэнд цаадах нь:

-Тэр хүрээлэнд очсон… гэсэнд Жя Лянь

-Дуудаад авчир гэж хэлэв. Зарц нар Бао Юунг авчирав.

-Золоор чи энд байжээ. Хэрэв чи байгаагүй бол бүх юмаа цөлмүүлэх байжээ… гэсэнд цаадах нь дуугарсангүй. Ши Чүнь тэр үгийг хэлэхээс айж, дотроо сандарч байв. Фөн Же ч айгаад үг дуугарсангүй. Тэгтэл гадаа “Ху По эгч нар ирлээ” гэх чимээ сонсогдсонд бүгд тосон очиж нэг зэрэг уйлалдав. Жя Лянь үлдсэн юмыг бүртгүүлбэл, дээл хувцас, торго дурдан, зоосны авдар2 мэтийг хэвээр орхиод бусдыг нь цөмийг цөлмөжээ. Жя Лянь үзээд мод саравчны мөнгө, тгооны гэрийн мөнгийг өгөөгүй одоо юугаараа төлөв вэ гэж бачимдав. Ху По орж ирээд баахан уйлж, авдар хорго нээлттэй байхыг хараад тэр бүхнийг яаж санах вэ. Дэмий л багцаалдан худал данс нэрийг бичүүлээд бичиг цэргийн яаманд хүргүүлэв. Жя Лянь шөнийн манааны хүн томилтол Фөн Же, Ши Чүнь хоёр харив. Жя Лянь, Фөн Жег ч зэмлэж, гэртээ хонож чадалгүй морио унаад хотоос гадагш гарахаар явав. Фөн Же, Ши Чүньд хань болгохоор Пин Эрийг явуулав.

Энэ үе мөнөөх хулгайч нар боомтын газар очоод байжээ. Тэд улам ч хичээнгэтэй огт унтахгүй ажээ. Тэдний нэг нь Мяо Юйд сэтгэл алдаад бөглүү ганц сүмийн олон эмсийг дарлахад амар гэж бодоод гурван жин болж хөл татарсан хойно хөнгөн шийдэм мэтийг барьж мунхруулах утлага аваад өндөр хэрэм дээр үсрэн гарав. Лун Цүй Ань сүмийн дэн зул гялалзаж байхыг холоос хараад, гулсан бууж хана дагуу явсаар нэг буланд очиж нуугдав. Дөрвөн жин болтол, нэг мөнх зулын гэрэлд Мяо Юй ганцаараа олбог дээрээ бясалгал хийж харагдав. Тэрбээр жаахан амарч суугаад санаа алдан: “Миний бие нэр алдар олъё гэж энд амарлингуйн орноос энэхүү нийслэлд ирсэн атлаа, энд уригдан ирсэн мэтээр өөр газар явах сонирхолгүй болжээ. Өчигдөр сайныг санаж дөрөвдүгээр охинтой очиж уулзахдаа, тэр нэг тэнэг амьтанд ад үзэгдэж, шөнө бас их айлаа. Энд ирсэн хойноо ч зүрх савлаад олбог дээрээ тогтохгүй шахуу байна” гэж бодов. Бясалгалд ямагт ганцаар суусаар ирсэн тул өнөөдөр хүн авчирч хань хийхэд бас эвгүй байв. Таван жингийн үеэр бие нь жаахан жихүүцсэн тул хүн дуудъя гэтэл цонхны цаана ямар нэг юмны чимээ гарав. Тэрбээр гэнэт өчигдөр шөнийн явдлыг санаж айхдаа хүн дуудтал цаадуулаас нь нэг ч хүн дуугарсангүй. Гайхширан сууж байтал гэнэт нэг сайхан үнэр ханхлав. Тэгтэл гар хөл нь хөдлөхгүй минчүүрч, үг ч хэлж болохгүй болсонд нэн их айв. Тэгтэл гялалзсан хутга барьсан нэг хүн орж ирэв. Энэ зуур Мяо Юй хөдөлж чадахгүй боловч ухаан нь саруул байсан тул өөрийг нь алахаар ирснийг мэдээд зүрх орж айхаа байчихав. Гэтэл тэр хүн хутгаа ардаа хавчуулж, Мяо Юйг зөөлхөн сайхан тэвэрч нэг удаа аальгүйтээд үүрэв. Энэ хэр Мяо Юйгийн дотор согтож мунхарсан мэт санагдав. Хөөрхий нэгэн асар ариун охиныг дээрэмчин утлагаар мунхруулаад дур мэдэн аваад гарав. Мөнөөх хулгайч Мяо Юйг үүрч, арын хэрмийн ёроолд хүрээд дээсэн дүүжингээр авиран гараад гадагш буутал цаадуул нь тэрэг унаа бэлдээд хүлээж байлаа. Нөгөө хүн Мяо Юйг тэргэн дээр хэвтүүлээд, зэрэгтэн тушаалтны дэнлүү өлгөж, хашаа хаалтыг дуудан нээлгээд, хотын хаалганд амжин хүртэл яг хаалга нээх цаг болжээ. Хаалганы түшмэл, албаны ажилд яарч яваа юм байх гэж бодоод шалгалгүй гаргав. Хулгайч нар хотоос гараад шавдан түргэлж явсаар хорин газрын хөтөл дээр хүрээд бусад хулгайч нартайгаа нийлж, өмнөд далайг зорин одов.

Мяо Юй хулгайчид олзлогдон явсны дараа эв эеийг дагасан юм уу, эсвэл этгээдэлсээр алагдсан юм уу алин болохыг мэдсэнгүй. Ер нь таамаглахад ч бэрх болов. Түүнийг дагагч Лун Цүй Ань сүмийн нэг чавганц бясалгалын дуганы ар талд унтаж байсан бөгөөд таван жингийн үеэр, хөлийн чимээ гарахыг сонсоод Мяо Юйг бясалгалдаа айгаад суухгүй байгаа юм болов уу гэж санажээ. Дараа нь эрэгтэй хүний хөлийн чимээ гарч үүд цонх дуугарсанд босож харъя гэж санасан боловч бие нь мэдээ алдарч дуугарах дургүй болоод, бас Мяо Юй дуугараагүй тул дэмий л нүдээ бүлтийлгэн чагнасаар үүр цайтал дотор нь сая онгойжээ. Босоод, хөгшин бумбыг дуудаж, Мяо Юйгийн цай усыг бэлтгүүлж, дотогш орвол цаадах нь алга байв. Үүд цонх нь нээлттэй байсанд маш гайхав. Урьд шөнийн чимээ анираас сэжиг төрж “Өдий эрт хаачсан байхав” гэж бодоод гарч эргэн тойронд үзвэл, хэрмийн дээрээс нэг дээсэн дүүжин унжиж байв. Доор нь нэг хутганы хуй, нэг алчуур харагдав. Эмгэн: “Муухай юм болжээ. Урьд шөнө хулгайч мансууруулах утлага шатаажээ” гээд сандран хүн дуудаж үзүүлбэл, сүмийн үүд хаалттай байв. Эмгэд, эмс охид цөм “Урьд шөнө нүүрсний утаанд хордоод, өглөө босож болсонгүй. Ийм эрт биднийг дуудаж яана вэ” гэцгээв. Нөгөө чавганц “Багш хаачсаныг мэдэж байна уу та нар” гэсэнд цаадуул нь “Хонсим бодисадваа дуганд бясалгал хийж байгаа” гэв. Чавганц “Та нар яасан дэмий зүүдэлдэг юм, очоод үз” гэж хашгирав. Цөмөөр мэдэхгүй учир сандарч сүмийн үүдийг нээж үүгээр түүгээр эрээд олоогүй боловч дөрөвдүгээр охины тэнд очсон байх гэж бодов. Тэд захын хаалганд очиж тогшсонд Бао Юун дотроос нь зандрав. Эмгэд “Манай Мяо багш хаачсаныг мэдэхгүй эрж явна. Эрхэм та үүдээ нээж өгвөл дотогш орж, ирсэн эсэхийг асуугаад явъя” гэсэнд Бао Юун:

-Багш чинь, хулгайч дагуулан ирж манайхыг талуулаад, авсан юмныхаа амтанд ороод жаргал эдлэхээр яваа биз гэв. Эмгэд ум ма ни бад мэ хум гээд:

-Ийм үг хэлсэн хүн хэлээ огтлуулаад тамд унана даа чи гэсэнд Бао Юун уурлаж:

-Та нар чалчихын хэрэг байхгүй. Ихээхэн зан гаргаад байвал занчина шүү гэв. Бүгд царайчлан инээмсэглэж:

-Та үүдээ нээгээч дээ. Бид ороод үзье. Таныг дахин зовоохгүй гэсэнд Бао Юун:

-Итгэхгүй байгаа бол ороод эрцгээ. Хэрэв олохгүй бол та нартай ярина шүү гээд хаалга нээв. Нөгөөдүүл дотогш орж Ши Чүний тэнд очив. Тэдний үгийг сонсоод Ши Чүнь гашуудан зововч дотроо: “Мяо Юй өглөө эрт гарч явахдаа, манай тэр Бао овогтын үгийг сонсон уурлаад дахиж ирэхгүй болов уу. Надтай сэтгэлийн үгээ ярих хүнгүй боллоо. Одоо би үнэхээр хүний нүүр харж чадахгүй боллоо. Өнчин намайг бэргэн илүү үздэг. Лао тайтай намайг их анхаардаг боловч тэр минь өнгөрлөө. Би ч ингээд ганцаардлаа. Хожим юу болдог бол” гэж зовоод, бас Ин Чүнь эгч үйл тамаа үзэж, Шы эгч өвчтэй нөхрөө харан шаналж, гуравдугаар эгч алс хол явсан нь цөм л урьд төрлийн муу заяаны тул ямар арга байхав. Энэ Мяо Юй ганцаараа, хөвөх үүлэн дээр хээрийн галуу мэт санааны таваар явна. Би тэр мэт явж чадвал миний заяа болно. Тийм боловч би бол удамт угсааны үр болох тул яаж санаагаар болж чадах вэ. Энэ удаад гэр сахиад их алдаа хийсэн тул бас ямар нэр нүүр байхав. Тайтай нар миний зовлонг мэдэхгүй тул хожим хойтын явдал хааш эргэхийг хэлж мэдэхгүй гэж бодмогц гэрээс гарч хувраг болъё гээд хөө хар гэзгээ хайчлахыг завдав. Цай Пин нар орж ирэхэд гэзэгнийхээ хагасыг хайчилчихсан байв. Цай Пин сандарч: “Нэг хэрэг дуусаагүй байхад бас нэг хэрэг гарлаа. Одоо яах вэ” гэв.

Яг ийн үймэлдэж байтал Мяо Юйгийн эмгэд багшийгаа эрж иржээ. Цай Пин учрыг асууж мэдээд цочин сандарч: “Өчигдөр эндээс явснаас хойш эргэж ирээгүй” гэв. Тэдний яриаг дотроос сонссон Ши Чүнь сандарч: “Хаачсан бэ” гэсэнд цаадуул нь:

-Урьд шөнө анир чимээ авсан ч нүүрсний угаарт бид хорджээ. Энэ өглөө үзвэл Мяо багш алгаа. Сүмийн хэрэмд дээсэн шат өлгөөтэй байна гэж ярив. Ши Чүнь айн сандарч, Бао Юунгийн өчигдөр хэлсэн үгийг санаад лав тэр хулгайч нар түүнийг олж үзээд, урьд шөнө хулгайлсан байж мэднэ. Тийн гэвч тэр бол их л ариун гүжирмэг хүн тул амиа хайрлахгүй байхаа гэж бодоод: “Та нар яагаад бүгдээрээ олж сонсдоггүй юм бэ” гэж асуув. Чавганц:

-Яагаад сонсдоггүй байна гэж үү? Бид бүгдээрээ бүлтийтэл харж байвч нэг ч үг дуугарч чадахгүй болжээ. Тэр хулгайч нар лав мансууруулах утлага шатаасан байх. Мяо багш ч бас тэр утаанд хордоод дуугарч чадаагүй биз. Тэр бүү хэл хулгайч нар хутга гаргавал тэр айгаад дуугарч чадахгүй шүү дээ гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Бао Юун захын хаалганд: “Дотроос тэр муусайн чавганц мавганцыг хурдан хөөж гарга. Захын хаалгыг хурдан хаа” гэж бархирсанд Цай Пин буруудахаас айгаад тэднийг гаргаад захын хаалгыг хаалгав. Ши Чүнь ихэд зовсонд Цай Пин ятган байж, гэзгийг нь засаж самнаж өгөв. Цаадуул нь: “Цуу чимээ гаргаж болохгүй. Мяо Юй алга болсныг ч мэдээгүй мэт өнгөрүүлээд, Лаое, тайтай нарыг ирсэн хойно мэдье’ гэж зөвлөв. Энэ үеэс хойш Ши Чүнь гэрээсээ явахаар зориг шуударч байлаа.

Энэ үед Жя Лянь Те Кань Сы сүмд очоод, гэртээ ирээд алдсан юмыг дансалж, манааны хүмүүсийг байцаасан зэргээ Жя Жөнд хэлэв. Жя Жөн: “Яаж данслав” гэж асуув. Жя Лянь, Ху Погийн цээжээр хэлснийг бичиж авснаа гаргаж бариад:

-Эх дагины хайрласан юмыг тодорхойлон бичжээ. Улсын гэрт төдий л байдаггүй юмыг данслахад төвөгтэй тул ач хөвгүүн би, бэлвэсрэл дууссан хойно гарч сайтар мөрдүүлбэл эрж гаргаж болно гэсэн нь Жян Жэнгийн санаанд олон юм хэлсэнгүй. Жя Лянь дотогш орж, Шин, Ван хоёр Фүрэньд: “Лаоег эртхэн хариулбал сайн байна. Үгүй бол олсны сэв мэт ээдэрчээ” гэсэнд Шин Фүрэнь: “Тиймгүй байлгүй. Бид энд бас зүрхээ гартаа барьж байна” гэв. Жя Лянь:

-Үүнийг бид хэлж чадахгүй. Тайтай мэдтүгэй. Эр Лаое зөрөхгүй байхаа гэсэнд цаад хоёр тайтай нь зөвлөлдөхөөр болов. Нэг хоноод Жя Жөн ч санаа зовж, Бао Юйг илгээн:

-Тайтай нар өнөөдөр хариад хоёр гурван өдрөөс дахин ирнэ. Энд үлдээх гэрийн зарцыг ч тогтлоо. Тайтай нар үлдээх хүнээ тогтоно биз гэж хэлүүлсэнд, Шин Фүрэнь, Ин Гө нарын хэдэн хүнийг үлдээж шарилд бараа болгоод Жөү Рүйн эхнэр мэтийн хэдэн хүнийг ерөнхий даамлаар үлдээв. Бусад эзэн, боолыг буцаахаар болов.

Энэхэн төдийд морь эмээллэн, тэрэг хөллөж яарцгаах үед Жя Жөн нар Жя Мүгийн шарилд мөргөцгөөсөнд тэд нэгэн зэрэгт уйлалдав. Бүгд босоод явах бослонд Жао бага эхнэр түрүүлгээ харж хэвтээд босохгүй байв. Жөү Рүйн эхнэр түүнийг уйлж байна гэж бодоод татаж үзвэл, амаараа цагаан хөөс цахруулаад нүд нь цагаанаар эргэлдэн хэлээ унжуулсан тул үзсэн хүн айв. Жя Хуань ирээд дэмий л уйлсанд, эх нь мэдээ ороод: “Би харихгүй. Лао тайтайг даган өмнөш буцна” гэв. Цаадуул нь: “Лао тайтай чамаар юү хийнэ” гэсэнд бага эхнэр: “Би энэ насаар Лао тайтайг дагасан байтал да Лаое бас хүлээхгүй намайг онгод заяагчид зүхэн ёрлоно. Ма удганы ачаар уураа гаргасугай гэж мөнгөө талаар сүйтгээд нэгийг ч үхүүлж чадсангүй. Одоо би харивал бас аль нэг нь намайг ёрлоно” гэв.

Бүгдээр анхандаа Юань Ян оршжээ гэсэн боловч Ма удганы учрыг сонсоод арай биш бололтой гэж санацгаав. Шин, Ван хоёр Фүрэнь үг дуугарсангүй. Цай Пин ганцаар: “Юань Ян эгч чи өөрөө дуртай үхсэн байтал Жао бага эхнэрээс зуурч юу хийнэ? Тавигтүн” гэж гуйв. Түүний дэргэд Шин Фүрэнь байсан тул өөр юм хэлж чадсангүй. Тэгтэл бага эхнэр:

-Би Юань Ян биш. Намайг аваачиж Ма удгантай хоёул юуны учирт хараал хийсэн юм бэ гэж асуухаар эрлэг номон хаан элч томилжээ… гэснээ Лянь Эр найнай минь, чи эндэх Лаоегийн өмнө үгээ гүйцэд хэлэхгүй болов уу. Би мянган өдрийн буруутай боловч нэг өдөр сайн явсан удаа байна. Сайн Эр найнай минь! Хайрт Эр найнай минь! Би чамайг хорлох гэсэн биш болой. Нэгэн цагийн мунхагаар тэр хөгшин янхны үгэнд орчихсон юмаа гэж бархирав.

Ийнхүү үймж байтал Жя Жөн хүн явуулж Хуань Эрийг дуудуулсанд эмгэд очиж: “Жао бага эхнэр дайрлагад дайрагдаад Сань Еэ тэнд харж байна гэж мэдүүлэв. Жя Жөн: “Хаана байсан юм бэ? Бид одоо явъя” гэсэнд бүсгүйчүүд түрүүлээд явав. Ард үлдсэн Жао бага эхнэр засарч өгөхгүй солиорсоор байв. Шин Фүрэнь түүнийг бас ийм тийм юм хэлүүзэй гэж болгоомжлон, хэдэн хүнээр түүнийг харуулаад: “Би одоо явлаа, хотод очоод, эмч явуулъя” гэв. Ван Фүрэнь түүнийг ад үздэг болохоор тоолгүй орхив. Бао Чай бол номхон сайн хүн тул түүнийг Бао Юйг хорлосныг санаж байвч дотроо төвдсөнгүй, далдуур хүмүүст хэлж харгалзуулав. Ли Вань “Би бас энд байя” гэсэнд Ван Фүрэнь “Хэрэггүй” гэв. Тэгээд явцгаав. Жя Хуань сандарч: “Би бас энд үлдэх үү” гэсэнд Ван Фүрэнь түй гээд: “Эх чинь үхэх гэж байхад тэнэг толгой чи бас орхиод явах санаатай юү” гэв. Жя Хуань дуугарсангүй. Бао Юй: “Дүү минь чи явж болохгүй. Би хот ороод хүн илгээж чамайг эргүүлнэ” гэв. Ингээд тэд хөдлөв. Сүмд цөөн хүн, тэдний дотор Жао бага эхнэр, Жя Хуань, Ин Ү нар үлджээ.

Жя Жөн, Шин Фүрэнь нар хотод түрүүлж хүрээд дээд гэрт орж уйлалдав. Линь Жышяо, гэрийн зарц нарыг дагуулан ирж мэндлээд сөгдөв. Жя Жөн “Явцгаа. Маргааш уулзъя” гэж зандрав. Өнөөдөр Фөн Же хэдэнтээ муудсан учир тэднийг угтаж чадсангүй. Ши Чүнь очиж уулзсан боловч нүүрээ хийх газар олдохгүй ичиж ширвээдэв. Шин Фүрэнь түүнийг тоосон ч үгүй. Ван Фүрэнь угийн хэвээр байсан бөгөөд Ли Вань, Бао Чай хоёр гараас нь барьж хэдэн үг хэлэв. Ёу хатан ганцаараа “Охин минь чи хэдэн өдөр зүдэрчээ” гэсэнд Ши Чүнь царайгаа улалзуулаад юм хэлж чадсангүй. Бао Чай Ёу хатан руу нүд ирмээд гэр гэртээ харьцгаав.

Жя Жөн дээд гэрийг мөлт мөчидхөн үзсэн болоод санаа алдан юу ч дуугарсангүй. Явж бичгийн гэртээ орж Жя Лянь, Жя Рүн, Жя Юнь нарыг дуудуулж хэдэн үг захив. Бао Юй бичгийн гэрт эцэгтээ хань болон сууя гэсэнд “Хэрэггүй” гэв. Жя Лань эхийгээ дагаад харив.

Маргааш өглөө нь Линь Жышяо бичгийн гэрт орж сөгдсөнд, Жя Жөн хулгайд автсан үеийн байдлыг асууж лавлав. Цаадах нь Жөү Рүйгийн учрыг ч мэдүүлээд:

-Яамнаас Бао Эр Еэг баривчилжээ. Түүнээс манай алдсан юмны дансыг нэгжин олжээ. Түүнээс тэр бүлэг хулгайч нарын тухай мэдүүлэг авч байна гэв. Жя Жөн сонсуут ихэд уурлаж:

-Гэрийн боол энэрлийг мартаж, хулгайч дагуулан ирж эзнээ тонож байгаа нь үнэхээр уравсан хэрэг гээд даруй хүн явуулж хотын гадаа яваа Жөү Рүйг бариулж яаманд хүргэн өчиг өгүүл гэв. Линь Жышяо босохгүй сөгдсөөр байсанд Жя Жөн: “Чи яагаад сөгдөөд байна” гэв. Цаадах нь:

-Боол би цаглашгүй ял хийжээ. Лаое өршөөнө үү… гэтэл Лай Да зэрэг хэдэн зарц ирж мэндлээд бэлэвсрэлийн ажил явдлын дансыг барив. Жя Жөн, “Лянь Эр Еэд өгч сайхан бодуулаад авчир” гээд Линь Жышяо босгож гаргав. Жя Лянь орж ирээд хагас сөгдөн Жя Жөнгийн чихэнд шивнэв. Цаадах нь нүдээ бүлтийлгэн:

-Дэмий өгүүлжээ. Лао тайтайгийн явдлын мөнгийг хулгайд алдвал боолыг торгон гаргуулж болох уу… гэсэнд Жя Ляний царай улайж, хөдлөлгүй зогсоно. Жя Жөн:

-Эхнэр чинь аль хэр байна вэ гэсэнд цаадах нь сөгдөөд:

-Горьгүй болсон төлөвтэй байна гэв. Жя Жөн санаашраад:

-Айл гэрийн явдал ингэж доройтно гэж ер санасангүй. Хуань Эрийн эх бас тэнд сүмд өвчтэй үлдсэн. Ямар өвчин туссаныг мэдэхгүй. Та нар мэдсэн үү гэсэнд Жя Лянь дуугарсангүй. Жя Жөн: “Эмч аваачиж үзүүл гэж хэл” гэв.

Жя Лянь сандран гарч эмч олоод Те Кань Сы сүмд аваачиж, бага эхнэрийг үзүүлэв. Амьд үхсэн алин болохыг дараах бүлэгт үзэгтүн!


Тайлбар:

  1. Гэр хөрөнгөө цөлмүүлснээ энд цээрлэж, хөндөж өнгөрлөө гэж өөрчилж хэлжээ.

  2. Зоосны авдар-Гуулин зоосыг хэлхээд хадгалдаг авдар. Жинхэнэ мөнгийг түүнд хадгалдаггүй.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж