Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Сири улсаас цэргээ гаргахгүй байхыг ятгажээ. Энэ дөрөвдүгээр сарын эхээр Дональд Трамп Сири улсаас удахгүй цэргээ гаргах тухай мэдэгдсэн аж. АНУ, Их Британитай хамтран бямба гаригт Сирид агаарын цохилт өгсөн Францын ерөнхийлөгч “дайралтаа” тодорхой хэмжээнд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа аж. Дамаскийн ойролцоо дөрөвдүгээр сарын 7-нд болсон химийн халдлагад Башар аль-Ассадын засгийн газрыг буруутган АНУ тэргүүтэй гурван улс бямба гаригт Сирид агаарын цохилт өгсөн юм.
Гэхдээ Цагаан ордын төлөөлөгч Сара Сандэрс “АНУ ойрын хугацаанд Сири улсаас цэргээ гаргана” гэж мэдэгждээ. АНУ –ын 2000 орчим цэрэг Сирийн ардчилсан хүчин гэх курд болон арабын дайчдаас бүрдсэн бүлгийг дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт Ираны ерөнхийлөгч Хассан Роуханитай утсаар ярихдаа Баруунаас дахин Сирид цохилт өгвөл олон улсын хямралыг үүсгэнэ гэж мэдэгджээ. АНУ, Их Британи, Францын хамтарсан агаарын цохилтын үеэр 105 гаруй цохилт хийснээс 71-ыг нь Сирийн тал амдан сөнөөсөн гэж ОХУ-аас мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА