Нэр авахаар өдөрт 200 иргэн ханддаг

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Нэр авахаар өдөрт 200 иргэн ханддаг

Нэр авахаар өдөрт 200 иргэн ханддаг

Энэ сарын 10-наас эхлэн Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар авах боломжтой болсон. Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар хэрхэн авах талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын (ОӨУБЕГ)-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Болормаагаас тодрууллаа.

-Иргэд хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар авахдаа юуг анхаарах вэ?

-Төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох үүднээс хуулийн этгээдийн оноосон нэр олголтын бүртгэлийг цахимаар олгож эхэллээ. Иргэд http://les.burtgel.gov.mn/ хаягаар компани, аж ахуйн нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүж, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж авах боломжтой болж байгаа юм. Нэг иргэн өдөрт гурав хүртэлх оноосон нэр баталгаажуулж авах эрхтэй. Сонгосон нэрээрээ хайлт хийж, бүртгэлтэй байгаа адил төстэй нэрсийг шууд харах боломжтой. Өөрийн сонирхсон нэрээр хайлт хийнэ. Энэ үед хайлт хийсэн нэртэй ойролцоо, олголт хийсэн нэр иргэдэд шууд харагдах юм.  Түүнтэй авах нэр нь нэгдүгээрт, давхцахгүй байх ёстой. Хоёрт, Иргэний хуульд заасны дагуу төөрөгдөл үүсэхээргүй, ижил, төстэй байж болохгүй зэрэг шаардлагуудыг хангаж байж нэрээ авах ёстой.

-Нэрээ сонгосноос хэд хоногийн дараа бүртгүүлэх ёстой вэ?

-Хуулийн этгээдийн нэрээ цахимаар авсан бол ажлын 10, хуанлийн 14 хоногтоо багтан хуулийн этгээдээ бүртгүүлнэ. Наана нь нэрээ авах гэж Улсын бүртгэлийн газар ирэх шаардлагагүй болж байгаа юм.

-Өмнө  нь өдөрт хэдэн хүнд оноосон нэр олгох үйлчилгээ үзүүлдэг байсан бэ?

-Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд 100 айл дахь Улсын бүртгэлийн газрыг зорьдог.  Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэх юм. Өнгөрөгч хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас нийтдээ 200 мянга гаруй оноосон нэр хэдийнээ олгогдсон байдаг. Цаашдаа шинээр байгуулагдах ХХК болон зарим төрлийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг цахимаар хийхээр зорьж байгаа.

-Хуулийн этгээдүүд бүртгэлдээ гаргадаг нийтлэг алдаа нь юу байна вэ?

-Хаяг, байршил нь өөрчлөгдсөнийг 15 хоногийн дотор Хуулийн этгээдийн газар бүртгүүлээгүй бол хуулийн хариуцлагатай. Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 500 нэгж хүртэлх төгрөгөөр торгуулна. Тиймээс иргэн, хуулийн этгээд үүнд анхаарч бүртгэлдээ өөрчлөлт орсон даруйд манайд бүртгүүлж байхыг анхааруулъя. Мөн тамга тэмдгээ хаях, үрэгдүүлэх зэргээс болгоомжлох хэрэгтэй. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 1-3 дахин их торгууль ногдуулдаг байсан. Одоо Зөрчлийн тухай хуулиар доод тал нь 500 мянган төгрөгөөр торгуулна.

-Тамга, тэмдгээ солиулах бол хэрхэх вэ?

-Шаардлага хангахгүй, элэгдэж хуучирсан, солиулах шаардлагатай бол тамгаа хураалгаад шинийг авч болно.

-Аж ахуйн нэгжүүд тайлангаа хугацаанд нь ирүүлэхгүй зэрэг алдаа гардаг  байх. Энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Төрийн бус байгууллагын хуулиар тухайн байгууллага нь үйл ажиллагааны тайлангаа дараа жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дортор Улсын бүртгэлийн газар хүргүүлэх үүрэгтэй. Энэ хугацаанд багтан үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хувь хүнд 20 нэгж, хуулийн этгээдэд 200 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж