Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад аваад байна. Мөн өчигдөр /2018.04.15/ болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлууллаа.
Монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн. Монгол хүн бүр наадмын түрүү бөхөөс адис авч, түмний аварга хэмээн сүсэглэн дээдэлдэг. Уран хурц барилдаан, уужуу тайван зантай бөхчүүдийг үеийн үед дээдлэн хүндэлсээр ирсэн билээ. Харамсалтай нь бөхчүүдийг нэгтгэдэг Монголын Үндэсний бөхийн холбоо хоорондоо эв эеэ ололцохоо болиод байна. Хоёр ч удаа “Их Эе”-э хуралдуулж холбооны тэргүүнээ сонгосон ч маргаан үргэлжилсээр. 2017 оны ээлжит бус “Их Эе” хурал 40 гишүүнтэй болж, Л.Чинбатыг сонгосон нь Бөхийн холбооны дүрмийг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр 151 гишүүнтэй “Их Эе” хуралдаж, тэргүүнээрээ дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэийг сонгосон. Гэтэл Л.Чинбат ойр ойрхон бөхчүүдтэй уулзаж, мэдэгдэл хийж, улмаар Бөхийн өргөөг хүчээр эзлэх гэсэн үймээнийг дэгдээсэн байна. Энэ үйлдэл өнгөрөгч амралтын өдөр хурцадсанаас цагдаагийн хамгаалалт авахад хүрсэн байна.
Энд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болсон хэвлэлийн хурлын мэдээллийг эргэн сануулъя.
Бөхийн холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр, тэргүүлэгч гишүүн И.Доржсамбуу болон өмгөөлөгч Д.Оюунтунгалаг нар яаралтай хэвлэлийн хурлыг зарласан билээ. Энэ хурал дээр “Үндэсний баяр наадамд зургаан удаа түрүүлж, чөлөөт бөхийн олимпийн наадмаас мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аварга бурхны оронд заларсан энэ үед хэвлэлийн хурал хийх болсондоо харамсаж байна. Учир нь, өчигдөр “Монгол HD” телевизийн байранд хэсэг бөхчүүдийг цуглуулж, хурал болсноос гадна хэвлэл мэдээллээр Бөхийн холбооны ташаа мэдээллийг энэ үед гаргаж байгаад нь харамсаж яаралтай хурал хийхээс аргагүй боллоо. Бөхчүүдийг цуглуулж, хуралдан Бөхийн өргөөнд хүч хэрэглэн дайран орно гэсэн үйлдэл гаргаж, хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна“ гэж мэдээлсэн.
Энэ хурлын төгсгөлд 2017 оны тавдугаар сард болсон Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийн хуралдаанаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүн М.Хүдэрбаатар болон дархан аварга Хорлоогийн Баянмөнх нар тайлбар өгсөн юм.
Х.Баянмөнх хэлэхдээ “Нас өндөр болсон ч гэсэн, надтай хамт барилдаж явсан хүн бурхны оронд одсон энэ цаг ч гэлээ би нэг л зарчмыг баримталж явдаг юм. Монголын ард түмэнд үнэн үг хэрэгтэй. Худал үг хэлж болохгүй. Үүний төлөө би бүх насаараа тэмцэж ирсэн. Би насны буянаа эдэлж сууж байх ёстой гэж хэлж байгаа бол огт үгүй. Би дахин арван жил үндэсний бөхийн шинжлэх ухааны үйл хэрэгт зүтгэж явах чадалтай хүн. Хүн бол насаа хязгаарлаад хасаад байдаг юм биш. Хүн төрөлхтөн төрсөн өдрөөс эхлэн үхэх өдөр хүртэл ажилладаг. Оюун ухаан мөнхөд байдаг. Хүний нийгмээс хоцорч явна шүү. Би бүдүүлэг байна шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. Болоогүй байна. Би дахин сурах гэж байна. Монгол бичгийн сургууль руу орох гэж байна. Намайг дарамтлах гэж байгаа бол бүтэхгүй шүү. Би бөхийнхөө төлөө нүд анитал тэмцэнэ” гэж хатуухан үгийг чулуудсан.
Ийнхүү дөрөвдүгээр сарын 12-ны өдөр одоогийн Бөхийн холбооноос хэвлэлийн хурал хийж, бямба гаригт үймээн гарч магадгүй гэдэг болгоомжлолыг өгсөн. Үймээн ч болж, Увсын голдуу бөхчүүд манлайлж оролцсон байна.
Үймээний дараа Х.Баянмөнх аваргатай дархан аварга Г.Өсөхбаяр уулзсан аж. Энэ үеэр Х.Баянмөнх аварга “Үүрээр таван цаг хүртэл суулаа. Хоёр талаасаа ярилцъя. Хуулиа бариад явья. Эсвэл олон нийтийн санал авах хэрэгтэй байна. Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй болчихлоо. Хэрвээ болохгүй бол бөхчүүд хуралдаад тэргүүнээ сонгоё” гэсэн байна.
Тэд дахин хоёр талаас хуралдаж, ярилцахаар тохиролцжээ. Гэтэл ням гаригт дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн өргөөний гадна ирж, дэд тэргүүн Ц.Магалжавтай уулзаж, багагүй ам зөржээ. А.Сүхбат аварга Ц.Магалжавыг Данзан гэж дуудах юм байна гэж даапаалаад авсан байна.
Бөхийн өргөөний гадна доторгүй бөхчүүд маргалджээ.
Дархан аварга А.Сүхбат үймээний талаар “Бөхийн холбооны маргаан өнөөдөр болж байгаа юм биш. Энэ бол 16-17 жилийн өмнө эхэлсэн асуудал юм. Олон жил яригдаж, бужигналаа. Шүүх, хуулийн байгууллагаар шалгуулсан, мэтгэлзсэн асуудал байна. Энэ дотор авилга зэрэг олон зүйл нуугдаж байна. Үүнийг эсэгүүцээд бид яваад байна. Монгол Бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбоо ард түмний өмч гэж бид үзэж байгаа. Яагаад буруу шүүлттэй байгаа юм. Яагаад допингийн асуудлыг шийдэж болдоггүй юм бэ? Яагаад бөхчүүдийнхээ нийгмийн асуудлыг анхаардаггүй юм” гэсэн тайлбарыг өчигдөр хэвлэлийнхэнд өглөө.
Бөхчүүд Бөхийн өргөө рүү дайрч орох гэсэн оролдлого гарч, одоогоор цагдаагийн хамгаалалтад аваад байна. Үүнээс гадна өнөөдөр урлагийн тоглолтын хуваарьтай ч хамгаалалт гарсан учраас тус тоглолт болох эсэх эргэлзээтэй байна. Их, дээд сургуулийн оюутнуудын дунд болдог ‘Робокон’ тэмцээн энэ сарын 18-нд болох хуваарьтай аж. Оюутан залуус бүтэн жилийн хөдөлмөрөөрөө өрсөлддөг Робокон тэмцээнд тохирох хамгийн тохиромжтой заал нь Бөхийн өргөө аж. Тиймээс энэ маргаанаа зогсоосой хэмээн олон багш, оюутнууд хүсэж байна.