Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Допингийн тохуурхал

Улсын
наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний дүн гарчээ.
Энэ шинжилгээг зөвхөн энэ жи­лээс аваагүй ээ. Авдаг бо­лоод удаж байгаа.
Харин нөгөө шинжилгээний хариу нь наадмаас хойш хоёр сар орчмын дараа
гардаг. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг. Барилддагаа
барилдаад, дав­дагаа даваад, авдагаа аваад, угаа­­­дагааа угаачихсан
хойно шүү.  
Тиймээс энэ шинжилгээг чухам яах гэж авдгийг огт
ойлгодоггүй юм. Бөхчүүдийн хэд нь допинг хэрэглэдэг гэ­сэн судалгаа
гаргах гэж арай авдаггүй байлгүй. Энэ удаад шөвгөрсөн 32 бөхөөс наймд нь
допинг илэрсэн талаар хэвлэлүүд өчигдрөөс мэдээлж эхлээд байна. Хэрэв
монгол бөхчүүдийн хэд нь допинг хэрэг­лэдэг гэдгийг тогтоох гэж дээрх
шинжилгээг хийсэн бол дөрвөн бөх тутмын нэг нь допинг хэрэглэсэн гэх
дүгнэлтийг хийж болохоор бай­гаа юм. Харин цолыг хураадаг бол баларсан
юм болох нь ээ. Баахан цолны найр хийгээд хүмүү­сээс хураасан хөрөнгө
мөнгө, бэлэг сэлтээ буцааж өгөх болчихоод байна.   

 Монгол бөх допингтой холбогдсон түүх…

Анх
хоёр бөхөд допинг илрэв /Тэдний нэрийг дурдаагүй учир нь нөгөөх хоёр
эрхэм одоо ч цолтойгоо байгаа болохоор хууль ёсны гэж үзээд нэр төрд нь
халдаж шүүхийн хаалга татахаас эмээв/. Дараа нь Ардын хувьсгалын 88
жилийн ойн үндэс­ний их баяр наадмаар сэргээшийн шинжилгээ өгсөн
бөхчүүдийн дөрвөөс нь допинг илэрсэн мэдээллийг санахад илүүдэхгүй.
Гэхдээ хэн гэдэг, ямар цолтой бөх сэргээшийн шинжилгээнд бүдэрснийг нууц
хэвээр үлдээсэн. Ер л жил болгон ийм мэдээлэл гар­­даг. Гэхдээ хэн ч
цолоо хураал­гаж үзээгүй. Ямар ч арга хэм­жээ авдаггүй. Гүндүүгүй
монголчуудын гуниггүй сэтгэлд сэв суулгаад яах вэ гэж боддог юм байлгүй.
Тэгсэн хэрнээ БНСУ-ын гэрээт лабораторид бөхчүүдийн допингийн
шин­жил­гээг хийлгэхэд өнгөрсөн хугацаанд хэдэн арван саяар тоологдох
мөнгө зарцуулжээ. Харин энэ мөнгө салхинд хийс­сэнээс өөрцгүй өнгөрч,
хэнд ч хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхалтай. Энэ жил най­ман
бөхөөс допинг илэрлээ гэнэ. Хэвлэлээр хэсэг шуугиж бай­гаад нам жим
өнгөрнө. Хэн ч цолоо  хураалгахгүй. Допингийн шинжилгээний хариу тэгэс
хийгээд нам жим болдог уламж­лал тогтоод удаж байна. 

 Хэдэн жилийн дараа онгоц болох эд…  

Жил
бүр л допингийн шил­жилгээ хийлгэдэг авч хариуг тэр болгон дэлгэдэггүй
хачирхалтай түүх жилээс жилд нэмэгдсээр байна. Монголд сэргээшийн
шинжилгээ хийх нарийн лабо­ратори байхгүй учраас Өмнөд Солонгос руу
явуулдаг сорьцыг төсвийн мөнгөөр шинжлүүлдэг. Төсвийн мөнгө гээч
иргэдийн татварын мөнгө. Тэгсэн хэр­нээ иргэдэд энэ талаар
мэдээл­дэггүй. Нуудаг. Асуусан, шалгаа­сан сэтгүүлчийг “Юун хүний мууд
дуртай юм” гэж загнах нь энүүхэнд. Уг нь бөхөө дээдэлдэг монгол ухаанаар
бол бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй байх нь Үндэсний бөхийн холбоо
төдийгүй энэ шинжилгээг хариуцаж хийл­гэдэг Үндэсний олимпийн хорооны
хийх ёстой ажил. Гэтэл огт эсэргээрээ байгаад та өөрийн дүгнэлтээ хийх
биз. Дарах тусам үнэд ордог дарс шиг допингийн шинжилгээний хариуг хав
дардаг нь нэг л “но”-той. “Би чамд хайртай” киноны Баяраагийн аав шиг
хэдэн жилийн дараа онгоц болох эд гээд хав дараад суудаг юм болов уу.
Монгол бөхийг шударга байлгахын төлөө тэмцсээр ирсэн молиго Очироос
эхлээд А.Сүхбат аварга хүртэл бөхчүүд энэ бүхний эсрэг дорвитой ажил
хийж чадна гэдэгт итгэж байна. Сэргэсэн, сэргэлэнтсэнийг нь дотооддоо
ялгаж чадахгүй байж гадаадаас асуугаад юу хийнэ. Нэгэнтээ л гадаадад
шинжилгээ хийлгэхэд асар их мөнгө ордог, хариу нь хэдэн сарын дараа
гардаг. Гарлаа ч наадмын дүнд нөлөөлөхгүй юм бол шинжилгээ хийлгэж юугаа
хийнэ. Нэмэгдэхүүний байрыг солиход, нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй
шиг допинг хэрэглэсэн ч, хэрэглээгүй ч цолтойгоо л хоцорно. Гадаа­дынхан
шиг барилдах эрхийг хасаад, цол, цалинг нь хурааж авч чадахгүйгээс хойш
тэдэнтэй мөр зэрэгцэх гээд зиндаархаад байх хэрэг байна уу. Тэр
үндэсний спортоор барилдаж байгаа хэдэн бөхчүүд нь барилддагаараа
барилдаад явж л байг. Үндэсний олимпийн хороо энэ хэрэгт хошуу дүрэхээс
зайлсхиймээр байгаа юм. Сэргээшээ хэрэглэнэ үү, байна уу тэд өөрсдөө л
мэдэг. Ер нь бараг ганц нэгэд нь давуу эрх олгож байснаас бүгдээрээ
сэргээш хэрэглэсэн ч болохоор л зохицуулалт хийчихмээр юм. 

Бөхчүүдийн тархийг “вакцинжуулъя”

Энэ
жил зодог­лосон 1024 бөхөөс шөвгийн 32-д үлдсэн бөхчүүдээс допингийн
шинжилгээ авч, БНСУ руу явуулсан байна. Харин шин­жил­гээний хариу тус
улсаас ирээд арав гаруй хонож байгаа гэнэ. Албан бус мэдээллээр улсын
цол хүртсэн найман бөх допинг хэрэглэсэн болох нь нэгэнт тодорхой
болжээ. Өөрөөр хэлбэл, шөвгөрсөн дөрвөн бөх тутмын нэг нь “дусал”
хийлгэж байгаад барилдсан аж. Шөвгөрөөгүй хэдэн нөхөр юу хэрэглэснийг
хэн мэдлээ. Ингэж байхаар энэ шинжилгээний оронд бөхчүүдийн тархийг
“вакцинжуулъя”. Сэргээш хэ­рэг­­­лэхийн хор уршгийн талаар наадамд
зодоглож байгаа бөх­чүүдэд мэргэжлийн багш нараар хичээл заалгасан ч
буруудаад байх юмгүй. Дараа жилийн наадам даанч ойрхон байна. Одоо
хэсэгтээ сэргэсэн, сэргээгүй, хэрэглэсэн, хэрэглээгүй гэж маргалдаж
суутал ирэх жилийн наадам болно. Миний мэдэхийн энэ допингийн шинжилгээг
авдаг болсоор лав таван наадам өнгөр­лөө. Хэрэглэсэн мөртөө хэн ч
хариуцлага хүлээгээгүй. Тиймээс дараагийн наадмаас урьтаж хууль, эрх
зүйн орчныг нь сайтар боловсронгуй болгож, автоматаар цолыг нь хураадаг
системд шилжүүлэхгүй бол горьгүй нь ээ. Жилийн жилд л хэвлэлээр баалуулж
байхаар цаашдаа чих амар сууцгааг л дээ, бөхчүүд маань. Нэг үхрийн эвэр
доргивол гэгчээр хэн хэн допинг хэрэглэснийг нь зарлахгүй байж, төчнөөн
бөх хэрэглэлээ гээд орхих нь үнэнч, шударгаар давсан бөхчүүдэд хэцүү л
байдаг байлгүй дээ.   
Ганц нэгхэн увайгүй нөхдөөс болж нийт
бөхчүүдийн нэр хүнд унах боллоо. Сүүлийн үед зарим бөхчүүд гуйвж дай­ван
яваа нь олшрох болж элдэв зодоон, бүр хар тамхины хэрэгт ч нэр
холбогдож, нэг л “но”-той ноцолдох болсон нь допингийн гай юу хэн
мэдлээ. Тиймээс үүнийг нэг мөр цэгцлэх цаг болсон. Япончууд сумогоо
дэл­хийд таниулж чадсан нь  хатуу ёс журам тогтоож, хамгаас шударгаар
шүүдэг явдал. Хам­гийн сүүлчийн жишээ гэхэд олон сумочийг хууль бус үйл
ажиллагаанд оролцсон гэж хэ­дэн арваар нь хөөснийг санаж буй байх.
Тиймээс ч сумод найраа орлоо гэж хардах, сэрдэх зүйл гардаггүй. Манай
бөхчүүд найраанд оролцсон гэх сургийн төдий мэдээг эс тооцвол шүү дээ.
Тиймээс л бид үндэсний бөхөө аврахын тулд хатуу журмыг мөрдөхөөс аргагүй
бай­далд тулгараад байна.  Үгүй гэ­вэл сэргээш хэрэглэж, элдэв
болчимгүй авир гаргасан бөх­чүү­дийн­хээ толгойг илсээр суутал, монгол
бөхийн дэвжээ бузар булай бүхнээр дүүрч гүйцэх нь ээ. 

Сэргэсэн, согтсон, “шодойд­сон”, шогтсон бөхчүү­дийн но­цол­­доон хармааргүй л байна шүү.

Л.НАРАНТӨГС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж