наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний дүн гарчээ.
Энэ шинжилгээг зөвхөн энэ жилээс аваагүй ээ. Авдаг болоод удаж байгаа.
Харин нөгөө шинжилгээний хариу нь наадмаас хойш хоёр сар орчмын дараа
гардаг. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг. Барилддагаа
барилдаад, давдагаа даваад, авдагаа аваад, угаадагааа угаачихсан
хойно шүү.
Тиймээс энэ шинжилгээг чухам яах гэж авдгийг огт
ойлгодоггүй юм. Бөхчүүдийн хэд нь допинг хэрэглэдэг гэсэн судалгаа
гаргах гэж арай авдаггүй байлгүй. Энэ удаад шөвгөрсөн 32 бөхөөс наймд нь
допинг илэрсэн талаар хэвлэлүүд өчигдрөөс мэдээлж эхлээд байна. Хэрэв
монгол бөхчүүдийн хэд нь допинг хэрэглэдэг гэдгийг тогтоох гэж дээрх
шинжилгээг хийсэн бол дөрвөн бөх тутмын нэг нь допинг хэрэглэсэн гэх
дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Харин цолыг хураадаг бол баларсан
юм болох нь ээ. Баахан цолны найр хийгээд хүмүүсээс хураасан хөрөнгө
мөнгө, бэлэг сэлтээ буцааж өгөх болчихоод байна.
Анх
хоёр бөхөд допинг илрэв /Тэдний нэрийг дурдаагүй учир нь нөгөөх хоёр
эрхэм одоо ч цолтойгоо байгаа болохоор хууль ёсны гэж үзээд нэр төрд нь
халдаж шүүхийн хаалга татахаас эмээв/. Дараа нь Ардын хувьсгалын 88
жилийн ойн үндэсний их баяр наадмаар сэргээшийн шинжилгээ өгсөн
бөхчүүдийн дөрвөөс нь допинг илэрсэн мэдээллийг санахад илүүдэхгүй.
Гэхдээ хэн гэдэг, ямар цолтой бөх сэргээшийн шинжилгээнд бүдэрснийг нууц
хэвээр үлдээсэн. Ер л жил болгон ийм мэдээлэл гардаг. Гэхдээ хэн ч
цолоо хураалгаж үзээгүй. Ямар ч арга хэмжээ авдаггүй. Гүндүүгүй
монголчуудын гуниггүй сэтгэлд сэв суулгаад яах вэ гэж боддог юм байлгүй.
Тэгсэн хэрнээ БНСУ-ын гэрээт лабораторид бөхчүүдийн допингийн
шинжилгээг хийлгэхэд өнгөрсөн хугацаанд хэдэн арван саяар тоологдох
мөнгө зарцуулжээ. Харин энэ мөнгө салхинд хийссэнээс өөрцгүй өнгөрч,
хэнд ч хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхалтай. Энэ жил найман
бөхөөс допинг илэрлээ гэнэ. Хэвлэлээр хэсэг шуугиж байгаад нам жим
өнгөрнө. Хэн ч цолоо хураалгахгүй. Допингийн шинжилгээний хариу тэгэс
хийгээд нам жим болдог уламжлал тогтоод удаж байна.
Жил
бүр л допингийн шилжилгээ хийлгэдэг авч хариуг тэр болгон дэлгэдэггүй
хачирхалтай түүх жилээс жилд нэмэгдсээр байна. Монголд сэргээшийн
шинжилгээ хийх нарийн лаборатори байхгүй учраас Өмнөд Солонгос руу
явуулдаг сорьцыг төсвийн мөнгөөр шинжлүүлдэг. Төсвийн мөнгө гээч
иргэдийн татварын мөнгө. Тэгсэн хэрнээ иргэдэд энэ талаар
мэдээлдэггүй. Нуудаг. Асуусан, шалгаасан сэтгүүлчийг “Юун хүний мууд
дуртай юм” гэж загнах нь энүүхэнд. Уг нь бөхөө дээдэлдэг монгол ухаанаар
бол бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй байх нь Үндэсний бөхийн холбоо
төдийгүй энэ шинжилгээг хариуцаж хийлгэдэг Үндэсний олимпийн хорооны
хийх ёстой ажил. Гэтэл огт эсэргээрээ байгаад та өөрийн дүгнэлтээ хийх
биз. Дарах тусам үнэд ордог дарс шиг допингийн шинжилгээний хариуг хав
дардаг нь нэг л “но”-той. “Би чамд хайртай” киноны Баяраагийн аав шиг
хэдэн жилийн дараа онгоц болох эд гээд хав дараад суудаг юм болов уу.
Монгол бөхийг шударга байлгахын төлөө тэмцсээр ирсэн молиго Очироос
эхлээд А.Сүхбат аварга хүртэл бөхчүүд энэ бүхний эсрэг дорвитой ажил
хийж чадна гэдэгт итгэж байна. Сэргэсэн, сэргэлэнтсэнийг нь дотооддоо
ялгаж чадахгүй байж гадаадаас асуугаад юу хийнэ. Нэгэнтээ л гадаадад
шинжилгээ хийлгэхэд асар их мөнгө ордог, хариу нь хэдэн сарын дараа
гардаг. Гарлаа ч наадмын дүнд нөлөөлөхгүй юм бол шинжилгээ хийлгэж юугаа
хийнэ. Нэмэгдэхүүний байрыг солиход, нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй
шиг допинг хэрэглэсэн ч, хэрэглээгүй ч цолтойгоо л хоцорно. Гадаадынхан
шиг барилдах эрхийг хасаад, цол, цалинг нь хурааж авч чадахгүйгээс хойш
тэдэнтэй мөр зэрэгцэх гээд зиндаархаад байх хэрэг байна уу. Тэр
үндэсний спортоор барилдаж байгаа хэдэн бөхчүүд нь барилддагаараа
барилдаад явж л байг. Үндэсний олимпийн хороо энэ хэрэгт хошуу дүрэхээс
зайлсхиймээр байгаа юм. Сэргээшээ хэрэглэнэ үү, байна уу тэд өөрсдөө л
мэдэг. Ер нь бараг ганц нэгэд нь давуу эрх олгож байснаас бүгдээрээ
сэргээш хэрэглэсэн ч болохоор л зохицуулалт хийчихмээр юм.
Энэ
жил зодоглосон 1024 бөхөөс шөвгийн 32-д үлдсэн бөхчүүдээс допингийн
шинжилгээ авч, БНСУ руу явуулсан байна. Харин шинжилгээний хариу тус
улсаас ирээд арав гаруй хонож байгаа гэнэ. Албан бус мэдээллээр улсын
цол хүртсэн найман бөх допинг хэрэглэсэн болох нь нэгэнт тодорхой
болжээ. Өөрөөр хэлбэл, шөвгөрсөн дөрвөн бөх тутмын нэг нь “дусал”
хийлгэж байгаад барилдсан аж. Шөвгөрөөгүй хэдэн нөхөр юу хэрэглэснийг
хэн мэдлээ. Ингэж байхаар энэ шинжилгээний оронд бөхчүүдийн тархийг
“вакцинжуулъя”. Сэргээш хэрэглэхийн хор уршгийн талаар наадамд
зодоглож байгаа бөхчүүдэд мэргэжлийн багш нараар хичээл заалгасан ч
буруудаад байх юмгүй. Дараа жилийн наадам даанч ойрхон байна. Одоо
хэсэгтээ сэргэсэн, сэргээгүй, хэрэглэсэн, хэрэглээгүй гэж маргалдаж
суутал ирэх жилийн наадам болно. Миний мэдэхийн энэ допингийн шинжилгээг
авдаг болсоор лав таван наадам өнгөрлөө. Хэрэглэсэн мөртөө хэн ч
хариуцлага хүлээгээгүй. Тиймээс дараагийн наадмаас урьтаж хууль, эрх
зүйн орчныг нь сайтар боловсронгуй болгож, автоматаар цолыг нь хураадаг
системд шилжүүлэхгүй бол горьгүй нь ээ. Жилийн жилд л хэвлэлээр баалуулж
байхаар цаашдаа чих амар сууцгааг л дээ, бөхчүүд маань. Нэг үхрийн эвэр
доргивол гэгчээр хэн хэн допинг хэрэглэснийг нь зарлахгүй байж, төчнөөн
бөх хэрэглэлээ гээд орхих нь үнэнч, шударгаар давсан бөхчүүдэд хэцүү л
байдаг байлгүй дээ.
Ганц нэгхэн увайгүй нөхдөөс болж нийт
бөхчүүдийн нэр хүнд унах боллоо. Сүүлийн үед зарим бөхчүүд гуйвж дайван
яваа нь олшрох болж элдэв зодоон, бүр хар тамхины хэрэгт ч нэр
холбогдож, нэг л “но”-той ноцолдох болсон нь допингийн гай юу хэн
мэдлээ. Тиймээс үүнийг нэг мөр цэгцлэх цаг болсон. Япончууд сумогоо
дэлхийд таниулж чадсан нь хатуу ёс журам тогтоож, хамгаас шударгаар
шүүдэг явдал. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд олон сумочийг хууль бус үйл
ажиллагаанд оролцсон гэж хэдэн арваар нь хөөснийг санаж буй байх.
Тиймээс ч сумод найраа орлоо гэж хардах, сэрдэх зүйл гардаггүй. Манай
бөхчүүд найраанд оролцсон гэх сургийн төдий мэдээг эс тооцвол шүү дээ.
Тиймээс л бид үндэсний бөхөө аврахын тулд хатуу журмыг мөрдөхөөс аргагүй
байдалд тулгараад байна. Үгүй гэвэл сэргээш хэрэглэж, элдэв
болчимгүй авир гаргасан бөхчүүдийнхээ толгойг илсээр суутал, монгол
бөхийн дэвжээ бузар булай бүхнээр дүүрч гүйцэх нь ээ.
Сэргэсэн, согтсон, “шодойдсон”, шогтсон бөхчүүдийн ноцолдоон хармааргүй л байна шүү.
"Ардын эрх" сонин