Цукербергийн захидал

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Цукербергийн захидал

Цукербергийн захидал

Дөрөвдүгээр сар гарсаар монголчууд элдэв захидалд даруулж байна. Шоронд саатуулагдаад байгаа “Жаст” компанийн захирал Ш.Батхүү, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын монголчуудад хандсан ил захидал, Монгол Улсаас Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайханы прокурорт хаягласан захидал, эцэст нь өнгөрсөн амралтын өдрүүдээр Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергээс захидал хүлээн авлаа. Ш.Батхүү захидалдаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан түүнээс хоёр цагийн ярилцлага аваад зөвхөн өөрт хэрэгтэй хэсгээ эвлүүлэн ашиглалаа гэж гомдоллосны хариуд тэрхүү ярилцлагыг нь бүтнээр үзэв. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидалдаа бичсэнийхээ дагуу өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн бөгөөд ирсэн даруйд нь АТГ баривчлан саатуулаад байна. Харин Цукербергийн видео захидал хуурамч байлаа.

Өөрийнх нь үүсгэн байгуулж эдүгээ дэлхийн улс орнуудыг албан бусаар “эзэгнээд” байгаа Facebook сүлжээ нь хуурамч, худал мэдээллийг түгээгч гол суваг боллоо гэдэг зэмлэлийг сүүлийн хоёр жилд хангалттай хүртээд байгаа Цукербергийн босгосон эзэнт гүрэн хүн төрөлхтөний түүхэнд гарсан дэвшил үү, аль эсвэл гай юу гэдэг дээр ид маргаан өрнөж байна. Эз нь татахад Facebook сүлжээний 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайд алдаж, энэхүү мэдээллийг Cambridge Analytica компани улс төрийн зорилгоор ашигласан дуулиан мандаад байна. Анх 50 орчим сая хэрэглэгч гэгдэж байсан ч эцсийн байдлаар 87 сая хэрэглэгчийн мэдээлэл болж таарсан. Энэ асуудлаар Марк Цукерберг АНУ-ын Сенатад дуудагдан үүссэн нөхцөл байдлын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Таван цаг орчим сенаторуудын асуултад хариулах явцдаа Facebook төлбөртэй болж магадгүй гэсэн үгийг унагасан бөгөөд амралтын өдрүүдэд монголчуудын хүлээн авсан видео захидал чухамхүү энэ үгэн дээр тоглосон явдал байлаа. Цукербергийн сүлжээг өргөн ашиглагчдын санааг амраахад төлбөртэй болох тухай үг унагасан ч үнэгүй Facebook цаашид ч байна, харин төлбөртэй байх нь бизнесийн өөр нэг модель байж болох тухай тэр хэлсэн.

Албан бус мэдээллээр Монголын хоёр сая орчим иргэн Цукербергийн сүлжээнд нэгджээ. Сенатад өгсөн мэдүүлгийнхээ явцад Facebook нь дэлхийд монопол байгаагаа хүлээн зөвшөөрсний адилаар энэ сүлжээ Монголд ч монопол болж албан болоод хувийн бүхий л харилцаа, мэдээлэл солилцоо энэ орчинд явагдаж байна.

Чухамхүү энэ монопол байдал нь эргээд Цукербергийн толгойны өвчин болоод байгаа нь монголчуудын хувьд мөн адил юм. Энэ монопол байдлыг улс төрийн зорилгоор ашиглаж хүссэн мэдээллээ тараах, хүмүүсийн тархийг угаах, сонголтод нөлөөлөх оролдлого дэлхийн улс орнуудад хийгдэж ирсэнд хангалттай анхаарал хандуулаагүйгээ Цукерберг хүлээн зөвшөөрсөн. Олон нийтийн сүлжээг “улс төрийн худал мэдээлэл тараах суваг болгон ашиглаж, ингэж ашиглах арга нь улам нарийсч байгаа” хэмээн Цукерберг хүлээн зөвшөөрлөө.

Монголд ч мөн адил. 2016 оны парламентын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зардлын дийлэнх хэсэг “сошиал баг” гэгч рүү явсныг бүгд мэднэ. Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжих сонгуулийн сурталчилгааны хэмжээнд хязгаар тогтоож өгсөн нь үүнд дам нөлөөлсөн ч утасныхаа ард уяатай байгаа хэрэглэгч рүү мэдээлэл цацах нь тодорхой цагт л нэвтрэх телевизийн нэвтрүүлэг, захиалаагүй л бол олж уншихгүй сонинд мөнгө төлж сурталчилгаа цацсанаас хамаагүй үр дүнтэй нь ойлгомжтой.

Олон нийтийн сүлжээний энэхүү сөрөг талын хор уршгийг талаар мэддэг, ярьдаг ч одоогоор дэлхий нийт нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байна. Энэ асуудалд тууштай байр суурь баримталж байгаа нь Европын холбооны орнууд. Олон нийтийн сүлжээгээр доромжилсон, гүтгэсэн бол торгууль ногдуулах хууль Германд үйлчлээд эхэлсэн. Мөн цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалах хууль энэ сарын 25-наас Европын холбооны орнуудад мөрдөгдөх гэж байна. Энэ хуулийн санкц нь өндөр хэмжээний торгууль юм. Тухайн компанийн жилийн орлогын дөрөв хүртэл хувьд торгууль ногдуулахыг зөвшөөрч байгаа ажээ.Швейцарийн Давос хотноо жил бүр болдог Дэлхийн Эдийн засгийн форум 2011 оны уулзалтаараа дижитал орчинд байгаа хүмүүсийн хувийн мэдээллийг эдийн засгийн баялаг гэж үзэн дараа дараагийн зохицуулалтыг хийх тухай ярилцсан.

Нөгөө талаар олон нийтийн сүлжээ нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх өргөн талбар мөн үү гэвэл мөн. Монголын холбогдох байгууллага, бодлого боловсруулагчдын зүгээс ч энэ асуудалд хандах нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Гэвч албан бус мэдээллээр уламжлалт арга буюу хаах, хориглох санал давамгайлах магадлал өндөр буй. Ноён Цукербергийн таван цагийн мэдүүлэг ч энэ салаа замыг нэгтгэх чиглэлд ямар нэг санаа оноо өгсөнгүй. Өөрийнх нь сүлжээнд тарж байгаа худал мэдээлэл, тархи угаалтын контентуудтай тэмцэхийн тулд хиймэл оюун ухааны тусламжийг ашиглаад эхэлсэн гэж Цукерберг хэлсэн ч өрсөлдөгчид нь мөн адил ийм технологид суурилж байгааг бас хэлжээ.

Анх найз нөхдийн хоорондын сүлжээ байхаар бүтээгдсэн зорилгод нийцүүлэн өөрчлөлт хийхээ Цукерберг өмнө нь мэдэгдэж зарим нэг өөрчлөлтийг хийж эхлээд байгаа. Энэ өөрчлөлт олон нийтийн сүлжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд ойлгочихсон хүмүүсийн төөрөгдлийг тайлахад тус болох учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж