М.Даваажаргал: Мөрөөдлийнхөө төлөө хичээгээрэй

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

М.Даваажаргал: Мөрөөдлийнхөө төлөө хичээгээрэй

М.Даваажаргал: Мөрөөдлийнхөө төлөө хичээгээрэй

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өчигдөр Японыг зорилоо. Тэрбээр өнгөрөгч бямба гаригт аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн газрын 500 хүүхдийг ‘Өргөө’ кино театрт кино үзүүлж баярлуулжээ. Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээгээр хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэшн болох “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзсэн байна.

Хакүхо хүүхдүүдэд хандан ‘Миний аав Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй‘ хэмээн хүүхдүүдэд захижээ.

Хакүхо жил бүрийн зургадугаар сарын 1-д зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулдаг ч энэ удаа аавынхаа таалал төгссөн өдрөөс долоо хоногийн дараа хүүхдүүдийг баярлууллаа.

Хакүхо М.Даваажаргал хаврын тойргийн барилдаанаас энэ сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө авсан бөгөөд өчигдөр Япон улсыг зорилоо.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 33 асрамж халамжийн төвд 1012 хүүхэд өсч хүмүүжиж байгаа гэсэн албан ёсны мэдээлэл байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж