Б.Шүүдэрцэцэг: Дондогдулам хатнаар бахархах, бас сүрдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Б.Шүүдэрцэцэг: Дондогдулам хатнаар бахархах, бас сүрдэнэ

Б.Шүүдэрцэцэг: Дондогдулам хатнаар бахархах, бас сүрдэнэ

Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Чанрав овогт Баатарсүрэнгийн Тогтохбаяр Эх дагина Ц.Дондогдуламын тухай бичсэн “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” романы нээлт өнгөрөгч долоо хоногт боллоо.

Улсын эх дагина, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай дайчин, Ялгуусан дагина, Эрх цагаан дара, Эрдэнэ сэцэн ноён Цэндийн Дондогдулам хатан 1874-1923 оны хооронд амьдарч байжээ. Эх дагина XX зуунд Монголын түүхэнд тодорсон хамгийн эрх мэдэлтэй хатан байсан түүхтэй.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг долоон жилийн өмнөөс Эх дагинын тухай романыхаа судалгааны ажлыг эхэлж, түүний төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сум, өссөн нутаг Өмнөдэлгэр сум, Балдан Брэвун хийд зэрэг бусад түүхэн газруудаар явж, нутгийн хүмүүстэй уулзан аман судалгаа хийжээ.

‘Аз хур’ номын дэлгүүрт болсон номын нээлтийн үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй ярилцсанаа хүргэе.

-Та Эх дагина Ц.Дондогдуламын тухай роман бичнэ гэж эртнээс хэлж байсан. Өнөөдөр номын нээлт болж, уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Эндээс яриагаа эхэлье?

-Эх дагина Ц.Дондогдуламын тухай роман бичих санаа одоогоос долоон жилийн өмнө төрж байсан. 2011 онд “Ану Хатан” романыг бичээд хэвлэлтээс гаргасан үед энэ санаа төрсөн юм. Би өөрөө ч сонгоогүй. Тэр жил Эх дагинын төрсөн нутаг одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд хатдын өргөө нээлтээ хийсэн. Хатдын өргөөг шав тавихаас эхлүүлээд нээлтээ хийхэд нь хүртэл  Монголын нийгэмд нөлөө бүхий эмэгтэйчүүд оролцож байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Д.Арвин санаачилж, Ардын жүжигчин Н.Сувд,  А.Долгор гээд олон хүн хүрэлцэн ирсэн. Энэ нутагт Хатдын өргөө барих болсон шалтгаан нь тэндээс Төрийн хоёр их хатан төрсөнд гол утга учир нь байсан. Тэр нь улсын Эх дагина Цэндийн Дондогдулам, мөн түүнийг нас барснаас хойш ганцхан жил Богдын хатан байсан Гэнэнпил гэдэг эмэгтэй юм. Энэ хоёр эмэгтэй хоёул Баян-Адарга сумаас төрсөн байдаг. Тэгээд энэ том арга хэмжээнд уригдан оролцох үеэр зочидтой ярилцаж байхад романыг бичих хүсэл төрсөн. Тухайн үед Д.Арвин гишүүн кино хиймээр байна, зохиолыг нь бич гэж хэлж билээ.

-Зохиолоо хэдийнээс бичиж эхлэв?

-2011 онд Хатдын өргөөний нээлтийн арга хэмжээнд оролцсоны дараа эхэлсэн. Тухайн үед “Ану хатан” киноны төсөл эхэлчихсэн, ажил ид ундарч байлаа. Хоёр ажлыг зэрэг эхлүүлэх үед тэр бүр зохиолдоо төвлөрч чаддаггүй байсан. Ингээд Ц.Дондогдуламын тухай романы ажлаа түр орхисон юм. Харин гурван жилийн дараа бичсэн зүйлээ эргэн хартал санаанд хүрээгүй тул шууд л устгачихсан. Тухайн үед 100 гаруй хуудсыг устгасан. Тэгээд л судалгаагаа хийж эхэлсэн түүхтэй.

-Тэгэхээр Их дагинын судалгааны ажил бараг долоон жил үргэлжилсэн байх нь ээ?

-Юм бүхэн цаг хугацаатай. Тухайн үед би энэхүү романаа яаж биччихээгүй юм гэдэгтээ их баярладаг. Тийм ч учраас би зуун хуудас бичсэн мөртлөө компьютерийнхээ delete товчийг дарсандаа харамсдаггүй.  “Хотол цагаан гүнж” романыг бичиж дууссаны дараа энэ агуу хатны тухай бичих судалгааны ажилд орсон. Үүнд олон хүний сэтгэл, зүтгэл тусалсан. Ганцаараа бол миний хүч чадал энэ романыг бичиж дуусахад хүрэхгүй байсан. Юуны түрүүнд, Их дагинын өлгий нутаг Баян-Адаргын хатдын өргөөг санаачлагч М.Мөнхбатад их талархаж байдаг. Өнгөрсөн намар энэ хүнтэй хамт Хэнтий аймгийн дөрвөн сумаар явж, судалгааг хийсэн. Тэгсэн Их дагинын төрсөн нутаг нь Хөвчийн Жонон Бээсийн хошуу байсан. Энэ хошуу Чингис хааны өлгий нутаг, “Нууц товчоо”-д гардаг энэ хошуу одоогийн долоо, найман сумыг хамарсан халхын хамгийн том баян хошуу байсан юм билээ. Их дагиныг бага байхад нь аав нь дархан аварга Б.Бат-Эрдэнийн нутаг одоогийн Өмнөдэлгэр суманд очиж байсан түүхтэй. Их дагинын бага нас Чандманы голд өнгөрсөн юм билээ. Энэ мэтчилэн түүхийн их зүйл гарч ирсэн. Бид тухайн үед Их дагинын нүүдэллэж байсан газраар аялсан. Нутгийн иргэдийн аман хууч яриаг их сонссон. Ингэж судалгааны ажил олны хүний зүтгэлээр бий болсон.

-Судалгааг хийж байхад тань шашин болон түүхийн талын зөвлөхүүд байсан уу?

-Эх дагина Ц.Дондогдулам Балданбэрээвэн хийдийн орчим Чандмань гол гэж сайхан нутагт өссөн юм билээ. Тэр нутагт Богдтой танилцах хүртлээ амьдарч байсан гэдэг. 1913 онд Их дагина болсон хойноо нутагтаа очсон түүхтэй. Зөвхөн шашны зөвлөх гэхэд Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба, гэвш Д.Тайвансайхан, гэвш А.Эрдэнэбат, бурханч Д.Ухаанзаяа зөвлөсөн. Түүхийн талаас түүхийн ухааны доктор Д.Энхцэцэг, Богд хааны музейн захирал О.Мэндсайхан, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нарт их талархаж байна. Эрдэмтэд дундаас их хатны түүхийг нэг л хүн судалдаг. Тэр хүн бол Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор Д.Энхцэцэг юм. Д.Энхцэцэг багш маш том зөвлөмж, зөвлөгөөг өгсөн. Тэр хүний ач тус их байлаа. Ер нь их олон хүн тус болсондоо. Энэ бүгдийн дараа бичихэд тодорхой эх сурвалжууд бий болсон. Судалгааг анх 2011 онд нутагт нь очсоноос хойш өнөөдрийг хүртэл бүхий л боломжоороо хийсэн.

-Та энэхүү “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагинын өчил” романыг олон нийтийн хүртээл болгохоос өмнө Эх дагинын тухай нийтлэл гаргаж байсан шүү дээ?

-Судалгааны талаас бичих зүйлтэй болчихсон байсан. 2015-2016 онд Эх дагинын тухай “Эх дагина Ц.Дондогдулам Бээжин, Делид үл хөдлөх хөрөнгөтэй байв” гэсэн нийтлэл бичсэн. Тухайн үед судалгаатай болчихсон. Энэ нийтлэл сэтгүүл, grandnews зэрэг вэб хуудсуудаар олон удаа гарсан байдаг.

-Та Эх дагина Ц.Дондогдуламыг цөөн үгээр тодорхойлбол?

-Эх дагина XX зуунд Монголын түүхэнд тодорсон хамгийн эрх мэдэлтэй хатан байсан. Мөн нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн, эд баялаг хураасан хатан байжээ гэдэг нь тодорсон. Энэ хүнээр бахархах, заримдаа сүрдэх сэтгэл догдлолтой болжээ. Эх дагинын дараа Д.Сүхбаатар жанжны гэргий Янжмаа гуайг нэрлэж болох байх. Янжмаа гуай нэг хэсэг Бага хурлын дарга байсан. Мөн олон улсын эмэгтэй манлайллын түүхэнд Азийн анхны эмэгтэй ерөнхийлөгч гэж орж байсан юм билээ.

-Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Эх дагинын тухай романыг бичих үед их ядарсан. Одоо нэг хэсэгтээ тайван байна даа.

Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ:

“Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” роман

  • Хянан тохиолдуулсан: Д.Болдхуяг
  • Хавтасны зураач Ч.Солонго
  • Хавтасны дизайн: Д:Пүрэвсүрэн, П.Долгион
  • Уран бичигч: Б.Оюунсайхан
  • Хянагч: Б.Гантигцэцэг
  • Хэвлэлийн эх бэлтгэсэн: Д.Оюун
  • Хэвлэх үйлдвэр: ‘АДМОН ПРИНТ’ ХХК

“Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” романы хэсгээс:

“Гэгээнтэн хүүд жижигхэн мөнгөн аягатай сүү амсуулж, Юндэндоо хэмээх нэр хайрлан, баруун чихэнд нь гурав шивнэлээ.

-Хүү минь, чи энэ цагаас манай хүүхэд болов. Би вээр ээж нь, Богд Гэгээнтэн чиний аав нь боллоо.

-За … гэж хүү дуугаран, амтат бор еэвэн үмхлэв. Би хүүг тэврэн зүүн хацрыг нь үнэрлэвээс, жаахан амьтан утаар шүүрс алдсанаа, зүүн хөхөн тушаа нүүрээ нааж билээ. Сэтгэл минь өмрөөд л явчихав. Ингэж нялх амьтныг энгэртээ наах сан гэж эхийн зөв совингоор хүсээд байж.

Гэвч Юндэндоо хэзээ ч Гэгээнтэн бид хоёрыг ижий, аав хэмээн дуудсангүй. Маргааш нөгөөдрөөс нь намайг Алиа, Гэгээнтнийг Онио гэх болсон агаад, хожмоо өргөж авсан хүүхдүүд бүгд бид хоёрыг тэгж дуудсан юм даг” хэмээн Богд хаан, Эх дагина хоёрын хүүхэд үрчилж өсгөж байсан тухай өгүүлжээ.

Зохиолч энэ романыг бичнэ гэдгээ олон жилийн өмнөөс зарласан тул уншигчдын дунд хүлээлттэй байсан юм. Ийнхүү Эх дагина Дондогдуламын тухай “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” роман хэвлэлтнээс гарч номын санд тавигджээ. 

Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Чанрав овогт Баатарсүрэнгийн Тогтохбаяр 2002 онд анхны номоо хэвлүүлснээс хойш “Домогт Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон”, “Хотол цагаан гүнж” романууд бичжээ. Мөн “Туужууд”, “Үйсэн дээрх бичээс”, “Сувдан даруулга” тууж өгүүллэгийн түүвэр, “Тоорын өнгөт уруул” шилмэл өгүүллийн түүвэр, “Хүслийн цахлай”, “Сэтгэлийн анир” зэрэг арав гаруй ном бичсэнээс гадна хүний эрхийн сонгодог туурвил “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”, “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” номыг орчуулж эрхлэн хэвлүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж