Сирид өгсөн цохилт дэлхийн дайныг өдөөсөн үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

Сирид өгсөн цохилт дэлхийн дайныг өдөөсөн үү?

Сирид өгсөн цохилт дэлхийн дайныг өдөөсөн үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Жон Болтоныг томилсон нь ямар нэгэн дайнд бэлтгэж буй хэрэг гэдгийг олон улсын ажиглагчид хэлж байв. Тэдний таамгийг батлах мэт АНУ тэргүүтэй Барууны хоёр орон бямба гаригт Башар аль-Ассадад анхааруулах зорилгоор Сирид агаарын цохилт өглөө. Киприйн Акротири цэргийн баазаас хөөрсөн Их Британийн дөрвөн “Tornado” бөмбөгдөгч Сирийн Хомс хотын ойролцоох химийн зэвсэг үйлдвэрлэх, хадгалах байршлуудад найман удаа цохилт өгчээ. Францын арми нийт 12 удаа цохилт өгсөн  нь гурав нь хөлөг онгоцоос, ес нь агаараас байв. Харин АНУ нийт 85 тэсрэх бөмбөг харважээ.  Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох Доума хотноо энэ дөрөвдүгээр сарын эхэнд химийн зэвсгийн халдлага гарч, 74 хүн амь үрэгдэж, олон хүн хордсонд Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг буруутгаж байна. Харин Башар аль-Ассад халдлагыг босогчид зохион байгуулсан гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цаана Жон Болтон

Сирид агаарын цохилт өгөөд 12 цаг ч болоогүй байхад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “ажиллагаа амжилттай боллоо” хэмээн Твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр “Өнгөрсөн шөнийн цохилт төгс боллоо. Франц , Их Британийн ухаалаг шийдвэр, чадварлаг армид талархал илэрхийлье. Үүнээс илүү сайн үр дүн гэж байхгүй. Ажиллагаа амжилттай боллоо” хэмээн жиргэжээ. Эдгээр үгс 2003 онд АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш Иракийн цэргийн ажиллагааг эхлүүлэн агаарын цохилт хийсний дараа хэлсэн үгтэй ижил сонсогдох аж. Түүнчлэн Сирид цохилт өгсөн Дональд Трампын стратеги экс ерөнхийлөгч Барак Обамагийнхтай төстэй байгааг шинжээчид хэлж байна. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Сирид цохилт өгөхдөө  Башар аль-Ассадыг химийн зэвсэг хэрэглэж “улаан шугам” давсан хэмээн буруутгаж байв.

наад талаас Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ болон Их Британитай хамтран Сири улсад агаарын цохилт  өгснөө “Башар аль-Ассад ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэж, “улаан шугам”-ыг давсан” гэж зөвтгөжээ. Тэрбээр “Энэ бол химийн зэвсэг хэрэглэж, энгийн номхон олон иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг хөнөөсөн Сирийн Засгийн газарт өгч буй хариу” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Францын Ерөнхийлөгчийн албан ёсны твиттер хуудсанд Францын армийн нисэх хүчний цэргүүд Сирид цохилт өгөхөөр хөөрч буй видео бичлэг тавигджээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей агаарын цохилт нь Башар аль-Ассадын засгийн газрын эсрэг бус химийн зэвсгийн агуулахыг устгах зорилготой байсныг  мэдэгдэв. Тереза Мей Их Британийн Засгийн газраар хэлэлцүүлэлгүй агаарын цохилтод оролцох шийдвэр гаргаснаар Үндсэн хуулийн конвенцийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ талаар тэрбээр цэргийн ажиллагааг яаралтай шийдвэрлэх нь улс орны ашиг сонирхолтой холбоотой байсан гэж тайлбарлав. Өмнө нь 2013 онд Их Британийн экс ерөнхий сайд Дэвид Камерон Сирид агаарын цохилт өгөх эсэхээр санал асуулга явуулахад олонх нь дэмжээгүй юм. Тэд Афганистан Ливи, Иракийн зөрчилд хөндлөнгөөс оролцоод бүс нутагт тогтвортой байдлыг тогтоож чадаагүйг шүүмжилж байв.

Аюулгүйн зөвлөлийн хуралдаан

Нөгөө талд гурван улсын агаарын цохилтыг буруушаасан тогтоолын төслийг ОХУ-аас бямба гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан боловч олонх эсрэг санал өгчээ. ОХУ-ын элч төлөөлөгч Василий Небензя Башар аль-Ассадын Засгийн газар химийн зэвсэг хэрэглэснийг тогтоогоогүй байж, гурван улс Сири улсын халдашгүй байдлыг эвдэн агаарын цохилт өгснийг буруушаажээ. Бүтэн хоёр цаг маргалдсаны эцэст санал хураалтад ОХУ, Хятад, Боливи улс дэмжсэн санал өгсөн бол найман гишүүн эсрэг санал өгчээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Сирийн асуудлаас үүдэн “Хүйтэн дайн” эргэж ирснийг анхааруулж, олон улсыг хяналтаа алдахгүй байхыг сануулжээ. Тэрбээр Аюулгүйн зөвлөл Сирийн асуудалд улс төрийн шийдлийг олж чадахгүй бол дэлхийн энх тайван, тогтвортой байдалд том заналхийлэл учирч болохыг анхааруулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж