УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-У.Хүрэлсүхийн Засгийн газар өрийн таазыг нэмэгдүүлж байна, зээл авахаас өөр ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг ярих боллоо. Таны бодлоор энэ Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ?
–Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд арай эрт байна. Яагаад гэвэл Засгийн газар байгуулагдаад таван сарын хугацаа л өнгөрсөн. Хамгийн багадаа зургаан сарын дараа үнэлэлт дүгнэлт өгөх асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сараас хойш шинэ Засгийн газрын амлалт, ажил хэрэг, үйл ажиллагааны үр дүн ямар байгааг асуух тоолуур гүйж эхэлнэ гэж бодож байна. Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг дүгнэсэн. Тухайн үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 43 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн. Энэ бол шинэ Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн дүгнэлт биш гэж би боддог. Яагаад гэхээр аравдугаар сарын сүүлээр шинэ Засгийн газар бүрдсэн. Үүнээс хойш ганцхан сарын дотор мундаг ажил хийчихнэ гэж байхгүй. Тэгэхээр өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлт болов уу гэж бодож байгаа.
-МАН-ынхан дахиад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдэг яриа сүүлийн үед сонсогдох боллоо. Энэ үнэн үү ?
–Засгийн газрыг огцруулахтай холбоотой ‘бор шувуу’ л хэвлэлээр яваад байгаагаас биш тийм явдал болоогүй. Өнөөдрийн байдлаар над дээр огцруулах бичиг барьж орж ирсэн хүн алга. Ам дамжсан цуу яриа.
-Та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлттэй хандаж ирсэн?
-Би өмнө нь Засгийн газрыг гэхээс илүү зарим нэг сайдыг шүүмжилсэн. Миний шүүмжлэл дунд зарчмын асуудал нэлээд яригдсан. Гишүүдийн болон иргэдийн дунд ч зарим сайд асуудалтай байна гэдэг яриа бий. Энэ бол Засгийн газрыг бүтнээр нь шүүмжилж байгаа асуудал биш. Зарим сайд нар салбарынхаа ажлыг мэдэхгүйн зовлон байгаа. Одоо ажилтайгаа танилцаад хагас жилийн нүүр үзэх гэж байна. Зарим сайд нартай холбоотойгоор нийгэмд тодорхой хэмжээгээр Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал яригдаж эхэлж байна. Зарим сайдад хэрэг үүсчихсэн шалгаж байгааг АТГ мэдээлсэн. Дээр нь Ерөнхий сайд ажил авах үедээ сандал ширээ зөөхгүй, халаа сэлгээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл зарим сайд салбараа нэлээдгүй бужигнуулсан асуудал байгаа. Угтаа бол Ардын намын нэг Засгийн газар Ардын намын өөр нэг Засгийн газраар л солигдсон шүү дээ. Гэтэл эсрэг намынхан шинээр Засгийн газар байгуулсан юм шиг зарим яам дээр халаа сэлгээ, хууль зөрчсөн томилгоо хийгдэж байна. Энэ бол тухайн салбартаа болон нийгэмд ч сөргөөр л харагдана.
-Засгийн газрыг бүтнээр нь биш юм аа гэхэд хэд хэдэн сайдыг огцруулах асуудал хөндөгдөх гээд байгаа юм биш үү?
-Хэн нэгэн сайдыг огцруулах асуудал яригдаагүй. Ийм асуудлыг мэдээж намын бүлэг, Удирдах зөвлөл дээр ярьж байж процесс цааш явна шүү дээ. Гэтэл албан ёсоор тийм зүйл болоогүй. Хэвлэлээр бол таамгийн шинж чанартай мэдээлэл л цацагдаж байх шиг байна. Ер нь хавар болохоор л хариуцлага тооцно, огцруулна гэдэг яриа гардаг ш дээ. Гэхдээ хууль зөрчсөн, алдаа гаргасан бол тухайн сайдтай хариуцлагын асуудал яригдах нь зарчмын асуудал.
-Д.Хаянхярваа дарга Засгийн газраа огцруулахгүй, шахаж ажиллана гэж мэдэгдэж байгаа. Үүнийг бүлгийн байр суурь гэж ойлгож болох уу?
-Үе үеийн Засгийн газрыг парламент, бүлэг, улс төрийн нам нь шахаж ажилладаг. Эргээд ард түмэн намын мөрийн хөтөлбөр хэр зэрэг хэрэгжсэн, ард түмний гарт баригдаж, нүдэнд харагдаж, сэтгэлд хүрэх ямар ажил хийсэн эсэхээр сонгуулиар дүн тавьдаг. Түүнээс биш тэр сайд сайн ажилласан, энэ сайд муу ажилласан гэж дүгнэдэггүй. Хариуцлага бол Засгийн газар гэхээсээ илүү нам дээр ирдэг. Мэдээж улс төрийн нам бол Засгийн газраа шахаж шаардаад болж бүтэхгүй зүйлийг нь хэлж зөвлөөд ажиллах нь зүй ёсны хэрэг.
-Ардын нам өөрсдийнхөө Засгийн газрыг огцруулж, алдаа гаргасан болохоор намын рейтинг унаж байна. Та бүхэн тойрогтоо очиж ажиллахад ч ийм хандлага ажиглагдаж байгаа байх тийм үү?
-Намын рейтингийн талаарх судалгаатай танилцаагүй учраас ямар байгааг нь сайн мэдэхгүй байна. Ардын нам 65-уулаа болсон учраас Үндсэн хуулиа өөрчлөөд, олон жил ярьсан системийн алдаагаа засч, шударга ёс тогтоож, хөрөнгө оруулагчдын харж байгаа том том төслөө хөдөлгөх байх гэсэн хүлээлт 2016 оны сонгуулийн дараа байсан. Харамсалтай нь, 65-ын бүлэг маань иргэд сонгогчдынхоо дээрх хүлээлтэнд нийцсэн хариулт өгч чадалгүй дотооддоо бужигнаж, нэг хэсэгтээ л хоёр хуваагдсан байдалтай явж ирсэн нь үнэн шүү дээ. Хөдөө орон нутагт ажиллах үеэр “засаг төрөө тогтвортой байлгана гэсэн яасан бэ” гэж олон хүн асууж байсан. Тийм үед хэлэх үг олддоггүй юм билээ. Би 2012-2016 онд МАН сөрөг хүчин байх үед Ардын намын гал тогоог удирдсан ерөнхий нарийн бичгийн дарга хийж явсан учраас арав гаруй жагсаал цуглааныг удирдаж байсан. Үүний нэг нь “давхар дээл”-ний асуудал хөндсөн жагсаал. Сая тойрогтоо ажиллах үед сонгогчид маань ‘жагсаал цуглаан хийгээд, сонгуулиар амлаад байсан ‘давхар дээл’-ийг тайлуулна гэсэн чинь яасан бэ. Танайхан чинь одоо бүр зуун хувь давхарлаад өмсчихлөө’ гэж асууж байна лээ. Хэлэх үг олдоогүй.
-Энэ бүхнээс болоод 2020 оны сонгуулиар ялагдал хүлээж магадгүй гэсэн болгоомжлол та бүхэнд байгаа байх. Алдаагаа хэрхэн засах вэ?
–Мэдээж улс төрийн намын амжилтыг сонгуулийн амжилтаар нь дүгнэдэг. Дараагийн сонгуульд амжилт гаргах нь Ардын намын гол зорилтуудын нэг. Сонгуулийн үр дүнг урьдчилж таах боломжгүй шүү дээ. Манай намын дарга, Ерөнхий сайд маань ‘гал, ус, сонгууль гуравт ам гарч болдоггүй юм байна’ гэж Шадар сайд байхдаа хэлж байсан. Энэ үнэн. Намын нэр хүнд, рейтингийг сайжруулах шаардлагатай гэж гишүүд ярьж байгаа. Одоо эв хүчээ нэгтгэж сонгуулийн ялалтанд бэлтгэх цаг мөн. Ингэснээр манай намд ялалт ирнэ. Тиймээс сонгогчдынхоо, намын гишүүдийнхээ хүлээлтэд эерэг сайн хариулт өгөхийн тулд эвээ эрхэмлэж, хүчээ нэгтгэж зүтгэх хариуцлагатай гэрийн даалгавар бидэнд байна даа.
-Танай намын Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй нэг тал болоод, Ардын намын сөрөг хүчин болчихсон мэт харагдах юм. Харин та ямар хариулт өгөх вэ?
-Манай нам эрх барьж байгаа нам. Намын дарга хүн юу гэж Ерөнхийлөгчтэй нийлж намынхаа эсрэг хүчин болох вэ дээ. Өөрийнхөө удирдаж байгаа намын эсрэг сөрөг хүчин болдог тохиолдол дэлхийд ховорхон биз. Мэдээж улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзаж учирч, ярьж хөөрдөг зүйл бий байх л даа. Асуудал байвал ний нуугүй нам дотроо ярилцдаг байх хэрэгтэй гэж би боддог. Улс төрийн нам бол хамтын удирлагын байгууллага. Саяхан болсон намын Удирдах зөвлөлийн хурал дээр би томоохон асуудлуудаа дотроо ярих хэрэгтэй болсон юм биш үү гэдэг санал гаргасан.
-Ямар асуудлаа ний нуугүй ярих ёстой гэж та хэлсэн юм бэ?
-Оффшор, Оюутолгой, Эрдэнэт гэх мэт асуудлаа бүгд ний нуугүй ярих цаг нь болсон байна. Энэ хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль гэх мэт том төслүүд хэлэлцэнэ. Дээр нь хаврын улс төрийн асуудал байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр гурван ч жагсаал боллоо. Жагсаал гэдэг нь нийгэмд тодорхой хэмжээний бухимдал байгааг илтгэдэг. Би өөрөө Ардын намын тугийг барьж арав гаруй жагсаал удирдаж явсны хувьд мэдэж байна. Тиймээс энэ бүхнийг манай нам дотооддоо ярих цаг нь болсон. Одоо Ардын намд сөрөг хүчин, хагарал талцал гэхээс илүү хүчээ нэгтгэж, эвээ бэхэлж ажиллах ганцхан гарц байна. Мэдээж хэрэг энэ бүхнийг намын дарга зангидаж явах ёстой. Завины залуур, эрх нь бас үүрэг нь ч тэр хүний гарт бий. Өмнөх засгийг огцруулна, огцруулахгүй гэсэн зарчмын байр суурь зөрсөнөөс үүдэлтэй хуваагдлыг одоо илааршуулах биш бүрмөсөн эдгээх хэрэгтэй.
-Та намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр дүрэм журам, зарчмаа зөрчсөн хүмүүстээ ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал хөндсөн гэж сонссон. Яг юу болсон юм бэ?
-Саяхан Сүхбаатар аймгаас ИТХ-д сонгогдсон манай намын хэдэн төлөөлөгч Ардчилсан намынхантай нийлж олонхи болоод Засаг даргаа огцруулсан асуудал гарсан юм билээ. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох, намаас хөөх эсэх асуудал Удирдах зөвлөл дээр яригдсан. Тэр үед би “Ардчилсан намтай нийлэн олонх болж засгийн газраа огцруулж болохгүй гэдэг намын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарчихаад байхад эсрэг явсан хүмүүстээ төв нам, Удирдах зөвлөл ямар хариуцлага тооцсон бэ. Тэрний жишгээр л байя гэж Сүхбаатар аймгийнхан асуувал юу гэж хариулах вэ. Намын шинэ дүрмээр ямар зохицуулалт байгаа вэ. Намаас хөөж, туух энэ асуудал дээр нухацтай ярилцах хэрэгтэй” гэж л асуусан юм. Цаашид зарчим, дүрэм журмаа мөрдсөн хэм хэмжээтэй улстөр явах ёстой.
-Та У.Хүрэлсүх даргатайгаа нэлээд муудалцсан. Эргээд намын Их хурал дээр У.Хүрэлсүх ахын ёсоор уучлалт гуйсан. Та түүнийг уучилсан уу?
-Бид хоёр бие биедээ уучилж болшгүй зүйл хийгээгүй. Ерөнхий сайд бид хоёр зан ааш ойролцоо, хурдан омголон зантай, хэлэх гэснээ түс тас хэлчихдэг хүмүүс. Гэхдээ араас нь юм бодоод өс санаад байдаггүй адилхан араншинтай. Чуулганы танхимд жижиг маргаан болоод л өнгөрсөн. Нилээд дэвэргээд хэвлэлээр шуугисан болохоос, эрчүүдийн дунд бол байдаг л нэг маргаан ш дээ. Хэн хэн нь түргэдэж алдсан явдал бий. Бид хоёр учраа ололцож ойлголцсон.
-Ер нь юунаас болоод тэгж маргалдсан юм бэ?
-Бид хоёрын маргааны гол сэдэв бол Сангийн сайдын томилгоо байсан юм. Би “Та Уул уурхай, газар, лицензтэй холбоотой хүнийг танхимдаа авахгүй гээд хоёр хүнийг буцаасан атлаа Хотгор шанагын уурхайг зарсан хүнийг Сангийн сайдаар тавьдаг нь ямар зарчим барьсан асуудал вэ. Энэ Засгийн газрын хамгийн эмзэг цэг Сангийн сайд нь боллоо” гэж хэлээд л маргаан эхэлсэн. Түүнээс биш улс төрийн том зөрчилдөөнөөс болоод маргалдсан зүйл байхгүй. Ерөнхий сайд надаас уучлалт гуйж, намын нөхдийнхөө өмнө гар барьж тэврэлдээд, эв найртай явна гэдгээ хэлсэн. Би ч бас ах зах хүний өөдөөс хэдэрлэсэндээ уучлалт хүссэн.
-Одоо та хоёр ямар харилцаатай байна вэ?
-Одоо ямар ч асуудал байхгүй. Хэвийн харилцаатай байгаа.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Энэ хүн Засгийн газрын ‘зовлон” болж байна гэвэл та санал нийлэх үү?
-Сангийн сайдыг Хотгор шанагын уурхайтай холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээллийг АТГ-аас хийсэн байна лээ. Хотгор шанагын уурхайг Ч.Хүрэлбаатарын хоёр ах, өөрийнх нь туслах хувь эзэмшиж байгаад зарсан. Мөнгийг нь авсан гэх баримтууд байгаа. Миний зарчим бол Хотгор шанагын уурхайг гадаадад зарахад оролцсон хүн Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүр барьж болох уу гэдэг зарчмын үүднээс л тухайн үед хандсан юм.
-Дубайн гэрээг шалгах танай намын бүлгийн ажлын хэсэгтэй холбоотой мэдээлэлийг та чуулган дээр ярьж байсан?
-Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулаад ирэхэд манай бүлэг цөөнх байхдаа ажлын хэсэг гаргаад шалгахад уг гэрээ Монголд ямар ч ашиггүй, хохиролтой гэсэн дүгнэлт гарсан юм. Тэр ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж байсан учраас уг дүгнэлт дээр гарын үсэг зуруулах болоход мань хүн зурахгүй гэсэн. Бид хойноос нь зуруулах гэж хөөцөлдөж нэлээд ажил удсан. Ингээд энэ асуудлыг намын удирдлагын түвшинд ярьж байгаад ажлын хэсэгт орсон дөрвөн гишүүнээр гарын үсэг зуруулсан юм. Тэр дөрөв нь Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Б.Чойжилсүрэн нар. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд, ард түмний мэдэлд авах тухай асуудал яригдахад 65-ын бүлэг, намын Удирдах зөвлөл хуралдаад бүгд дэмжинэ гэсэн улс төрийн шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэрийн эсрэг кноп дарсан хүн Сангийн сайд болж болох уу гэж би чуулган дээр хэлсэн. Би худлаа яриагүй шүү. Гэхдээ энэ бол болоод өнгөрсөн асуудал л даа.
-Оюутолгойтой холбоотой нэлээн том шалгалт явагдаж байна. Олон хүнийг барьж хорилоо. Үүнд та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Би бол Оюутолгойн гэрээг шалгах нь зөв гэж харж байгаа. Гэхдээ хүн хэлмэгдүүлж, улс төрийн зорилго агуулж болохгүй. Хоёрдугаарт, Дубайн гэрээнээс эхлээд буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхээс өөр арга байхгүй. Дубайн гэрээг хийхэд Ч.Сайханбилэг танхимын сайд нартайгаа санал зөрөлдөж, Засгийн газрын хуралдаан дээр хэрүүл болж байгаад ‘би хар толгойгоороо хариуцна’ гээд алх цохиж шийдвэр гаргасан гэдэг юм. Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш одоо гурав дахь ажлын хэсэг шалгалт явуулж байна. Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулж, Сангийн сайд Ч.Улаан нар оролцоод Оюутолгойн гэрээний биелэлт гүйцэтгэл, үр дүнг шалгасан. Тэр шалгалтын дүн муу гэж гарсан. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани гэрээний заалтаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын 20 гаруй хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Хоёр дахь ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатараар ахлуулж, манай нам цөөнх байхдаа бүлгээс Дубайн гэрээг шалгасан. Монголд хор хохиролтой гэрээ болжээ гэсэн дүгнэлт гаргасан. Одоо Д.Дамба-Очир гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг шалгаж байна. Энэ шалгалтын дүн бол олигтой гарахгүй байх. Шалгалт хийсэн ажлын хэсэг бүрийн дүгнэлт сөрөг гарсан. Жишээ нь, 2019 оноос Монголын ард түмэн үр өгөөжийг нь хүртэх ёстой байсан ч 2037 он болгож хойшлуулсан гээд яривал олон юм бий. Тэгэхээр энэ гэрээг эргэж хараад, Монгол Улсад ашигтай болгох ёстой. Оюутолгойн үйл ажиллагааг зогсоож, гацааж болохгүй. Харин гэрээгээ сайжруулах нь зүйтэй. Монгол Улсад эерэг сайн болгож үр өгөөжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хуулийн байгууллага авлига авсан, аваагүйг шалгаад авилга өгсөн авсан нь тогтоогдож нотлогдох юм бол авлигын гэрээ болж хувирна.
-Танай намын С.Баяр энэ асуудалд холбогдон шалгуулж байна?
-Ийм асуудалд танай нам, манай нам гэж яриад хэрэггүй. Одоо бол Монгол Улсын том эрх ашгийг харах, ярих ёстой. Монгол Улсад хор, хохиролтой байгаа бол нэн даруй засч сайжруулах ёстой. Нэр холбогдоод байгаа хүмүүс авлига аваагүй бол тэр хүмүүсийн нэр хүндийг цайруулж цагаатгаж өгөх хэрэгтэй. Харин авлига авсан нь тогтоогдох юм бол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
-Оффшорын хууль анх удаа батлагдаж, хэрэгжиж байна. Энэ хуулийн хэрэгжилт хангалттай байж чадаж байна уу?
-Монгол Улс өмнө нь оффшорын хуульгүй байсан. Оффшор гэдэг зүйлийг мэддэг ч үгүй байсан. Саяхнаас оффшор гэдэг үг 2016 оны сонгуультай зэрэгцэж гарч ирлээ шүү дээ. Манай Засгийн газрын үед өргөн баригдаж энэ УИХ Монгол Улсын анхны оффшорын хуулийг баталж өгсөн. Хуульд цоорхой ч юм уу дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Сайжруулаад, нөхөөд явах хэрэгтэй. Шударгаар бизнес эрхлээд, шударгаар мөнгө олоод, бизнесийн шаардлагаар данс нээсэн бол ний нуугүй үнэнээ хэлээд зарлачих хэрэгтэй. Үүнээс айж ичээд байх юм байхгүй шүү дээ. Харин хууль бусаар мөнгө олоод, хулгайлж аваачаад нуусан бол хариуцлагаа хүлээхээс өөр аргагүй. Цаашид Монгол Улс авлигагүй, хуулиа хэрэгжүүлдэг болохоор зорьж байгаа бол оффшорын асуудлаар хатуу байр суурь баримтлах ёстой. Би энэ талаар Ерөнхий сайдад саналаа хэлж байсан.
-Оффшорын хуулийг барьж улстөрчид нэг нэгнээ ‘намнах’ зорилготой баталсан гэж хардах нэгэн бий. Улстөржилт бужигнасан үед ‘намнах’ ажиллагаа эхлэхийг үгүйсгэхгүй. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Энэ бол улстөрчдийн бие биенээ ‘намнах’ хэрэгсэл биш байх ёстой. Цаашид Монгол Улс төр шиг төртэй, улс шиг улс байя гэвэл оффшор мэт асуудалтай тэмцэхээс өөр аргагүй. Гэхдээ хэлмэгдүүлэлт байж болохгүй, улс төрийн зорилгоор бие биенээ намнах гэсэн зорилго байж хэрхэвч болохгүй. Цаашид оффшор данстай холбогдуулан шалгаж байгаа мэдээллийг илүү нээлттэй болгох ёстой юм байна лээ.