Улаан асрын зүүд (111-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.15-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (111-р бүлэг)

Улаан асрын зүүд (111-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


Зуун арван нэгдүгээр бүлэг

УРАН ХАЖИН ОХИН ЭЗНИЙ ХАМТ САНСРЫН ОРНОО ДЭВШИЖ, УГ МУУТ БООЛ УРШИГ ТАРЬЖ, ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОЛГОЙЛОВ

Өгүүлэх нь: бяцхан инжийн зөөж ирсэн үгнээс болж Фөн Же уурлаж бачимдахдаа цусаар гулгин хөсөр унав. Пин Эр амжиж түшин аваад хүнтэй элбэж өргөж босгов. Дараа нь гэрт нь хүргээд ханзан дээр хэвтүүлээд аяга ус өгсөнд амсаад мансууран хэвтэв. Чю Тун ирж нэг харчихаад явсанд Фөн Же дуудсан ч үгүй. Дэргэд нь байсан Пин Эр Фэн Эрд: “Хурдан яваад хоёр тайтайд мэдүүл” гэсэнд цаадах нь яаран явж Фөн Жегийн цусаар гулигаад явж сууж чадахгүй байгааг мэдүүлэв. Шин Фүрэнь дотроо Фөн Жег өвчнөөр шалтаглан хойш ухарсан гэж санасан боловч төрөл ургийн нь бүсгүйчүүл энд байх тул юм хэлсэнгүй. Даруй “Явж амрагтүн” гэв. Хүмүүс ч юм хэлсэнгүй. Энэ өдөр төрөл ургийн нь ах дүү нар тасралтгүй ирж очиж байсан боловч ойр дотнын нь хэдэн хүн түүний оронд туслав. Гэрийн зарц нар Фөн Же байхгүй болохоор ухран хойргошиж чи би гэж түлхэлцэн дээр дороо орж, эх захаа алдав.

Хоёр жингийн үеэр холын зочдыг мордсоны дараа шарилд мөргөх болсонд бүсгүйчүүл уйлцгаав. Юань Ян уйлсаар мууран унасанд бүгд түшин авсны дараа сэргээд “Лао тайтайд их хайртай тул дагаж явсугай” гэх мэт үг хэлэв. Хүмүүс гашуудан уйлж байхдаа цөм л ийм үг хэлдэг болохоор төдий л тоосонгүй. Яг шарилд мөргөх үед эзэн боол нийт зуу гаруй хүн цуглаад байхад Юань Ян алга байв. Хүмүүс дор бүрнээ сандраад түүнийг хайхарсангүй. Ху По нарыг мөргөж байх үед Юань Янг эрэе гэсэн боловч, уйлсаар байгаад ядраад гэрт амарч байгаа биз гээд л санаанд орсонгүй.

Хүмүүс шарилд мөргөж дууссаны дараа Жя Жөн, Жя Лянийг дуудаж маргааш шарил гаргах явдлыг асуугаад хүн үлдээж гэр сахиулах мэтийг зөвлөв. Жя Лянь: “Эздийн дотроос Юнь Эрийг үлдээж гэр сахиулъя. Боолууд дотроос Линь Жышяогийн нэг гэрийг үлдээж хашаа саравч буулгах мэтийн ажлыг захируулъя. Гэвч дотроос хэнээр гэр сахиулахыг мэдэхгүй” гэсэнд Жя Жөн:

-Эх чинь, чиний эхнэрийг өвчтэй, гадагш явж чадахгүй гэсэн тул түүнийг үлдээе. Жэнь их бэргэн, дөрөвдүгээр охиныг үлдээж хань бараа болгоё гэж байна. Хэд хэдэн эмгэн, охиныг үлдээж дээд гэрийг харуулбал дээр байх гэв. Жя Лянь сонсоод дотроо: “зарим нь хоорондоо таарахгүй, манай тэр өвчтэйг харж дийлэхгүй дээ” гэж бодоод Жя Жөнд:

-Лаое та түр амарч бай. Би орж зөвлөж тогтоод мэдүүлье гээд дотогш оров. Энэ үед Юань Ян уйлж уйлж: “Би Лао тайтайг насаараа дагаад өнөөдөр хүртэл төвхнөсөнгүй. Одоо их Лаое гэртээ байхгүй ч их тайтайгийн ийнхүү үйлдэхийг би тоохгүй. Лаое бол учир явдлыг ер хайхардаггүй хүн тул хойшид гэрийн явдал самуурахад хүрвэл мань мэтийн хүмүүсийг тэд дур мэдэн аваачих бишүү. Хэнийг дэргэдээ үлдээгээд хэнийг эрд барьж өгөхийг хэн мэднэ вэ? Би ч тэр мэтийн зовлонг эдэлж чадахгүй тул үхвэл харин санаа амар болно. Тэгэхдээ, яаж үхэх вэ” гэж бодсоор Лао тайтайгийн өргөлийн тасалгаанд оров. Босго алхан ортол зулын бүдэг гэрэлд нэг бүсгүй хүн тэлээ барин боож үхэхээр завдаж байх мэт бөртөлзөн харагдав. Юань Ян айсан ч үгүй. Дотроо, энэ хэн бэ. Мөн надтай адилхан бодолтой хүн, надаас урьтаж байна гэж бодоод: “Чи хэн бэ, бид хоёрын бодол таарсан тул хамт үхсүгэй”гэсэнд цаадах нь дуугарсангүй. Ойртон очоод үзвэл, энэ гэрийн инж биш болой. Нарийвчлан харвал хамаг бие нь хүйтэн оргих тэрхэн агшинд алга болжээ. Юань Ян гайхан мэлрээд хойш болж ханзны ирмэгт суугаад, уухайс, мөн байна. Энэ бол зүүн ордны Жя Рунгийн да найнай болой. Тэр аль хэдийн үхсэн байтлаа бас яагаад энд ирсэн хэрэг вэ. Лав намайг дуудахаар ирсэн байхаа. Бас яаж боож үхэх вэ гэж бодоод: “Тийм байна, надад үхэх арга заахаар ирсэн хэрэг” гэв.

Юань Ян ийнхүү бодтол гажуу амьсгал ясанд нэвтэрч босож зогсоод уйлсаар заслын хайрцгийг сөхөж, тэр жил хайчилж хаясан нэг туг гэзгээ авч өвөртлөөд тэлээгээ тайлж Чинь авхайн саяын заалхийлсэн газар уяжээ. Тэгээд жаахан уйлаад, гадаах улс тарах чимээгээр хүн орж ирүүзэй гэж болгоомжлон санд мэнд үүдээ хаагаад нэг сандал авч дээр нь гарч зогсоод тэлээнийхээ үзүүрийг гогцоолон зангидаад хүзүүндээ угламагц сандлаа түлхэв. Хөөрхий түүний амьсгал тасарч, ариун сүнс нь зулайн асраар гарчээ. Явах замаа олж ядан байтал Чинь авхай өмнө нь бөртөлзөн харагдсанд Юань Янгийн сүнс хүрч очоод “Рун да найнай намайг түр хүлээгтүн” гэв. Тэр хүн “Би Рун да найнай бишээ. Зэргэлгээн цэцэн дагины охин дүү Кө Чин байна” гэсэнд Юань Ян “Чи Рун да найнай мөн байтлаа яагаад биш гэж байгаа юм бэ” гэв. Мөнөөх хүн “Үүнд бас шалтгаан байна. Би чамд хэлж өгье. Би Зэргэлгээн цэцэн дагины ордонд урин шуналын тэргүүн суудалд сууж, амрагийн хэлхээ, янагийн сэжмийг атгаж байсан бөлгөө. Тоост, ертөнцөд буувал аяндаа тэргүүн зэргийн шуналтан болох тул эдгээр урин охид шуналт хөвгүүнийг эртхэн шуналтны захиргаанд аваачсугай гэж, байшингийн нуруунаас дүүжлэн үхжээ. Одоо би эгэлийн шуналд нэвтэрч хүслийн далайгаас хэтрээд нисванисын тэнгэрт дэвшсэн тул их сансрын арилсан орны “Шуналтны захиргааг” эрхлэх хүнгүй байна. Одоо зэрэгэлгээн цэцэн дагина чамайг миний оронд томилж, энэ захиргааг чамаар удирдуулах болсон тул намайг илгээж чамайг дуудуулжээ” гэв. Юань Янгийн сүнс “Би бол хүсэл дурлал огт үгүй хүн бөгөөтөл намайг яахин шаналтан гэнэ вэ” гэсэнд цаадах нь: “Чи мэдэхгүй байна. Ертөнцийн хүн цөм хурьцал тачаалын явдлыг “Хүсэл” гэнэ. Тийнхүү хуял садар явснаа өөрөө урин нисванис гэх нь төдий чухал учир биш болой. “Хүсэл” хэмээх нэг үгийг мэдэхгүй байна. Баяр баясгалан, уур унтуу бадарвал хүсэл болой. Чи бид хоёрын энэ хүсэл бол яг цэцгийн цоморлиг мэт бадран дэлгэрээгүй хүсэл болой. Бадран дэгдвэл энэ хүсэл даруй үнэн хүсэл биш болой” гэжээ. Юань Янгийн сүнс сонсож толгой дохин ухамсарлаад Чинь овогт Кө Чинг даган оджээ.

Ху По шарилд мөргөж дуусаад Шин, Ван хоёр Фүрэний гэр сахих хүн томилохыг сонсож, Юань Ян маргааш тэргэнд яаж суухыг хэлэхээр Жя Мүгийн гэрт очоод олсонгүй. Тэгээд өргөлийн тасалгаанд оров. Үүд нь хаалттай байсан тул хаалганы завсраар дотогш шагайвал зулын гэрэл сүүмэлзэн бараан сүүдэр навталзах тул айдас нь хүрч, бас ямар ч чимээгүй болохоор буцаж “Энэ өлөгчин хаашаа явсан бэ” гэсээр Жэнь Жутай таараад “Чи Юань Ян эгчийг харав уу” гэж асуув. Цаадах нь: “Би бас түүнийг чинь эрж явна. Тайтай нар уулзах гээд хүлээж байна. Өөр өрөөнд ороод унтчихав уу” гэсэнд Ху По “Би үзлээ. Гэрт алга. Зулын бадам хайчлах хүнгүй тул гэр дотор хав харанхуй. Би айгаад орж чадсангүй. Одоо хоёулаа орж байх, үгүйг нь үзье” гэв. Ху По ороод зулын бадмыг хайчилж байтал Жэнь Жу “Хэн сандал энд хаяв. Би арайтай бүдэрч унасангүй” гэсээр дээш хараад еэ гээд дуун алдаж хойш ухартал Ху По дээр түсхийтэл ойчжээ. Түүнийг хараад Ху По бархирсан боловч хоёр хөл нь хөдөлсөнгүй. Гадаа байсан хүмүүс гүйлдэн орж ирж үзээд үймэлдэн явж Шин, Ван хоёр Фүрэньд мэдэгдэв.

Ван Фүрэнь, Бао Чай хоёр уйлсаар очиж үзэв. Шин Фүрэнь:

-Юань Янг ийм чанга зоригтой гэж санасангүй. Хүн явуулж Лаоед мэдүүл гэв. Бао Юй энэ тухай сонсохдоо айгаад хоёр нүд нь гөлөрчээ. Ши Рэнь нар балгардан сандарч түшээд: “За чи уйлбал уйлдаа. Битгий тагларагтун” гэсэнд цаадах нь уйлсаар: “Юань Ян мэтийн хүн бас очиж очиж ингэж үхжээ. Тэнгэр газрын хоорондох билгийн уур үнэхээр эдгээр охидын бие дээр хуржээ. Тэр үнэхээр үхэх цагаа олжээ. Бид үнэхээр шаар тунадас болой. Луо тайтайгийн хөвгүүд ач нараас хэн түүнд хүрнэ вэ” гэж бодоод бас дахин баярлав. Энэ хэр, түүний их уйлан гашуудаж байгааг сонсоод Бао Чай дэргэд нь очиж үзээд бас инээв. Ши Рэнь нар сандарч одоо яах вэ. Бас солиороход хүрчээ” гэсэнд Бао Чай “Зүгээрээ, тэр бас өөрийн бодолтой болой” гэв. Бао Юй сонсоод түүний үгэнд биширч, тэр миний сэтгэлийг мэднэ. Өөр хүн яаж мэдэх вэ гэж эх захгүй юм бодож байтал Жя Жөн нар орж ирээд санаа алдан шогширч: “Сайн охин минь! Лао тайтайгийн санасан сэтгэлийг огоорсонгүй” гээд Жя Ляньд: “Чи гараад хүн явуулж энэ шөнөд нь авс авчруулж авслаад маргааш Лао тайтайгийн хамт гарган оршуулсугай. Энэ шөнө мөн Лао тайтайгийн авсны ард тавьж сэтгэлийг нь гүйцэтгэ” гэж захив. Тэгээд Жя Лянь яваад, энд Юань Янг буулгаж дотор өрөөнд тавиулав. Пин Эр мэдээд яаран ирж Ши Рэнь нарын хамт бөглөрч таглартлаа уйлав. Үүний дотор Зы Жюань бас нэг насны явдлаа санаж, хаашаа болохыг мэдэхгүй байх тул Линь охиныг дагаж явсан бол эзэн боолын элбэрлийг гүйцээгээд бас үхэх цагаа олох болой. Одоо Бао Юйгийн гэрт эзэнгүй орхигдоод, тэд хэдий бүлээн халуун аашилсаар боловч бас юу болно. Тиймээс энэлэн уйлна.

Ван Фүрэнь, Юань Янгийн бэргэн эгчийг дуудан ирүүлж түүнийг харж байхад авслаад Шин Фүрэньтэй зөвлөөд, Лао тайтайг оршуулах зардлын мөнгөнөөс зуун лан мөнгө шагнаад, дараа Юань Янгийн юмыг бүгдийг тэдэнд өгнө гэв. Бэргэн нь их баярлан мөргөж гараад:

-Манай охин үнэхээр зоригтой, буянтай хүн юм. Сайхан нэрийг олоод бас сайхан оршууллаа гэсэнд дэргэд нь байсан нэг эмгэн:

-Тийм болтугай. Бэргээн, одоо чи нэг амьд охиноо, зуун лан мөнгөөр худалдаад ийнхүү баярлаж байна. Харин тэр үед их Лаоед өгсөн бол нэн их мөнгө олоод улам их баярлах байжээ гэв. Энэ үг түүний зүрхийг хөндсөн тул царай нь улалзаад холдов. Хоёрдугаар хаалганд хүртэл Линь Жышяо авс дамжлан орж ирсэнд, тэрбээр хамжилцан авслалцаад уйлахуйц болж хэдэн удаа эхэр татжээ.

Юань Ян бол Жя Мүгийн тулд үхсэн тул Жя Жөн хүж авчран гурван багц шатааж хоёр гараа базан ёслоод:

-Тэр Лао тайтайтай хамт оршуулагдах тул шивэгчнээр үзэж болохгүй. Доор үеийн та нар цөм ёслон мөргөх хэрэгтэй гэсэнд Бао Юй сонсоод баярлан хэдэнтээ хичээнгүйлэн мөргөв. Жя Лянь түүний сайн хүн байсныг санаад очиж ёслох гэсэнд Шин Фүрэнь:

-Агь нараас нэг нь ёслоход болно. Буяныг нь барчихвал тэр дахиж олоход хэцүү гэв. Тэгээд Жя Лянь мөргөхийг болив. Бао Чай энэ үгийг сонсоод дотор нь эвгүй болж:

-Би чухамдаа түүнд мөргөх хэрэггүй боловч Лао тайтай наснаас нөгчөөд бид бүхэнд хийж гүйцээгүй юм зөндөө байх тул дур мэдэн аашилж чадахгүй. Тэр бидний өмнөөс ачлалыг гүйцэтгэх тул түүнд найдаж, Лао тайтайг баруун тэнгэрт морилох замд нь сайтар асруулбал бидний санаа амарна гэсээр Ин Эрийг түшиж авсны өмнө очоод архи цацтал нулимс нь дуслав. Архиа цацаж дуусаад хэдэнтээ мөргөж дараа нь тайтгарахгүй уйлав. Олны зарим нь энэ Бао эр эм хоёр тэнэг гэж, зарим нь энэ хоёрыг санаа сайтай гэнэ. Бас зарим нь ёс мэднэ гэцгээсэнд Жя Жөнгийн санаанд их таарчээ. Хэдүүл зөвлөөд Фөн Же, Ши Чүнь хоёрыг үлдээж гэрээ сахиулахаар болоод бусад нь цөм шарил хүргэхээр тогтов. Энэ шөнө нэг ч хүн унтаж амарсангүй.

Үүрийн таван жингийн үеэр хүмүүс цөм бүрджээ. Луу цагийн эхээр Жя Жөн тэргүүлж, ачлалт хөвгүүний ёслолыг туйлаар гүйцэтгэв. Шарилын сүйх үүднээс гартал айл бүрийн замын тахилга үргэлжлэв. Хагас өдөр яваад Те Кань Сы сүмд хүрч шарилыг тавиад, бүсгүйчүүд сүмд бараа болон хонов.

Ар талд Линь Жышяо хүмүүсийг удирдан пин саравчийг буулгаж, үүд цонхыг янзлаад хүрээ хашааг цэвэрлэж манааны хүмүүсийг гарган шөнө ээлжлэн мануулав. Гэвч Рун Гуо фүгийн дүрэм бол хоёрдугаар жин дуусвал гуравдугаар хаалгыг дарж, эрэгтэй хүнийг оруулахгүй тул хүрээний дотор бүсгүйчүүд манаа халааг авдаг ёстой. Фөн Же хэдий тэнхэрсэн боловч бас яаж тийм юманд гарч чадах вэ. Пин Эр, Ши Чүний хамт энүүгээр тэнүүгээр нэг явж манаачид захиад харьцгаав.

Энэ ажлын үеэр Жөү Рүйн хуурай хүү Хө Сань гарч ирэв. Ноднин Жя Жөнийг байхад Бао Эр зарцтай зодолдоод, дараа нь эзнээр занчуулан гарсанаас хойш тоглоомын газар л өдөр хоног өнгөрөөж байлаа. Сая Жя Мүгийн бие барсныг мэдээд энэ тэр явдалд зарагдах санаатай хүлээсэн боловч хийх юм олдсонгүй тул тоглоомын газар очиж уйтгарлан суув. Цаадуул нь хараад: “Сань абугай, яагаад алдсанаа эргүүлж авах гэж ирэхгүй байна” гэсэнд цаадах нь: “Эргүүлж авъя гэвч зоос алга” гэв. Тэд: “Чи Жөү даяадаа очиж хэд хоноод ордны мөнгөнөөс овоо олж ирдэг мөртөө энд ирж ядуу болж аашлах юу байна” гэв. Хө Сань:

-Тэд чинь хичнээн түмэн алт мөнгөтэй мөртөө хав дараад гаргахгүй байхад та нар ингэж яриад яахав. Тэр ер нь галд шатааж, хулгайд алдвал санаа нь амрах биз ээ гэв. Цаадуул нь,

-Чи худал хэлж байна. Тэдний гэрийн юмыг улсаас хураасан тул юуны алт мөнгө байхав гэсэнд Хө Сань:

-Та нар яаж мэднэ. Ил байгааг нь хураасан юм. Одоо Лао тайтай үхээд, арвин их алт мөнгө үлдээснийг тэд огт хөдөлгөсөнгүй. Цөм Лао тайтайгийн гэрт байна. Оршуулгын дараа хуваах гэнэлээ гэв. Тэдний дотроос нэг нь шоо хаяснаа: “Би алдсан хэдэн зоосоо эргүүлж авч чадахгүй нь. Явж унтана” гэсээр гараад мөнөөх Хө Санийг татаж: “Сань абугай би чамд хоёр юм хэлье” гэв. Цаадахыгаа гараад ирэхээр нь: “Чи ийм хурц сэргэлэн хүн байж, энэ мэтээр гар мөчид явахыг чинь хараад би бачимдах юм” гэсэнд Хө Сань: “Би ийм заяатай юм чинь яахав, арга алга” гэв. Цаадах нь: “Чи сая Рун Гуофүд мөнгө их байна гэчихээд түүнээс яагаад олж ирэхгүй байгаа юм бэ? гэв. Хө Сань: “Ах минь ээ, тэд хичнээн мөнгөтэй гэхдээ, чи бид хоёрт нэг цэн мөнгө зүгээр өгөх үү” гэсэнд цаадах нь: “Тэднийг мөнгө өгөхгүй байхад бид авч чадахгүй юү” гэж асуув.

Энэ үгийг сонсоод үгэн дотор үг байгааг мэдээд Хө Сань: “Түүнийг яаж авах юм бэ” гэсэнд тэр хүн: “Би чамайг чадалгүй гэсэн. Би бол хэдийнээ олоод авчихна” гэв.

-Чамд ямар чадал байгаа юм бэ?

-Чи баяжъя гэвэл зам зааж өг. Тэнгэрт гарах чадалтай сайн нөхөд над байна. Өдийд тэд хүүр оршуулахаар яваад гэрт хэдэн бүсгүй л үлдсэн. Хичнээн эр байлаа ч айхгүй. Чамд бол ийм том зүрх байхгүй.

-Юуны бас зүрхтэй, зурхгүйг яриад байна. Чи намайг тэр хуурай ааваасаа айна гэж бодоод байна уу. Би бол хуурай ээжийн сэтгэлийг бодоод л түүнийг хуурай аав гэдэг юм. Түүнийг хүн гэнэ үү. Чиний саяын хэлсэн мэтээр олж ирж чадахгүйгээр барахгүй толгой дээрээ шороо овоолохоос айна. Тэд аль яамтай сайнгүй вэ. Олж ирж чадахгүйг хэлэхгүй, олоод ирсэн ч эрж гаргана.

-Тийм бол чиний төөрөл болжээ. Миний нөхдийн дотор далайн хөвөөнд суудаг хүн ч бий. Тэгэхдээ одоо цөм энд байна. Ая байдлыг үзээд, арга замыг эрээд олж чадвал чи бид хоёр энд байсан ч тусгүй тул бүгдээр далайд гаръя. Болохгүй юү? Чи хуурай ээжээсээ салж чадахгүй бол түүний чинь аваад явъя. Тэгээд жаргацгаая.

-Та чинь согтуу биш биз. Юу чалчаад байна. Ингэж хэлээд Хө Сань түүнийг хөтөлж далд газар аваачаад баахан зөвлөлдөөд хоёр тийш явав.

 

Дээр Жя Жөн, Бао Юунг дуудаж хүрээ харуулснаас хойш Жя Мүгийн ажил явдалд тэвдээд түүнд алив ажил даалгасангүй. Тэрбээр хийхээ хийж, идэхээ идэж, нозоорвол унтаж, сэрвэл хашаа хүрээндээ очиж, мод сэлэм эргүүлж, баахан амар тавтай явна. Жя Мүгийн шарилыг гаргасан тэр өглөө, тэрбээр түүнийг мэдэж байсан ч, алба үүрэг даалгаагүй болохоор санааныхаа зоргоор тойрон явж байтал нэг чавганц нэг хөгшин бумбыг дагуулан, хүрээний захын бяцхан хаалганд ирж үүд тогшиж байхтай таарав. Бао Юун гүйж очоод: “Багштан хаана очно вэ” гэж асуусанд хөгшин бумба:

-Өнөөдөр Лао тайтайгийн явдал дууссан гэж сонслоо. Шарил гаргахад дөрөвдүгээр авхай үзэгдсэнгүй тул бодвол үлдэж гэр сахисан байхаа. Түүнийг уйтгарлуузай гэж манай багш уулзахаар ирлээ гэв. Бао Юун:

-Эзэд цөм гэртээ байхгүй ээ. Би хүрээний үүдийг харж байна. Та нар буцаа. Эздийг ирсэн хойно ирцгээ гэв.

-Чи чинь, хаанаас ирсэн хар толгой өнөөдөр бидний ирж, очихыг заах болов гэж хөгшин бумба асуув. Бао Юун:

-Би та нарыг ад үзэж байна. Та нарыг оруулахгүй гэвэл яах юм бэ гэж асуув. Хөгшин бумба ундууцаад:

-Одоо бүр нэгмөсөн урважээ. Лао тайтай байхдаа бидний ирж очихыг хорьсон удаагүй. Чи хаанаас ирсэн хэрмэл этгээд болоод өнөөдөр ингэж ёс номгүй аашилж байна вэ. Би заавал үүгээр орно гэж бархираад, үүдний бариулыг хэдэнтээ хангинуулав. Мяо Юйгийн уур хүрч дув дуугүй буцан явтал хоёрдугаар хаалга сахигч эмгэн шуугилдах чимээгээр ирж, сандран үүдээ нээж, түүний явж байгааг хараад Бао Юун уурлуулж гэдгийг мэдэв. Дээрх тайтай нар болон дөрөвдүгээр охин ойрноос найртай болсныг эмгэд цөм мэдэх тул сүүлд үүдний хүн оруулаагүй гэвэл тэр цагт толгой даахгүй явдал болох тул гүйж очоод:

-Багшийн ирснийг мэдсэнгүй ээ. Бид үүдээ нээлгүй удчихжээ. Манай дөрөвдүгээр охин, багшийг дурсан санасаар байна гэснийг Мяо Юй хэдий сонссон боловч түүний үгийг тоосонгүй. Захын хаалга сахигч эмгэн нэхэн хүрч очоод дахин давтан гуйгаад сүүлд буруудаж зэмлэгдэхээсээ айж байгаагаа хэлээд сөгдөн гуйхыг завдав. Мяо Юй арга буюу буцан ирэв. Бао Юун энэ байдлыг үзээд хорьж чадалгүй, нүдээ бүлтийлгэн санаа алдсаар буцав.

Мяо Юй хөгшин бумбын хамт Ши Чүний тэнд хүрч сэтгэлээ сэргээгээд ярилцан суув. Ши Чүнь:

-Гэр сахиж, суух тул хэдэн шөнө нойр алдахаас өөр аргагүй. Тийн гэвч Эр найнай өвчтэй тул ганцаар уйдаж, айдас хүрээд болохгүй байна. Энд нэг хүн байвал миний санаа амарна. Одоо хүрээнд нэг ч бүстэй хүнгүй. Өнөөдөр чи нэгэнт саатан гийгүүлсэн тул надтай нэг шөнө хань болж ярилцан мигман1 тавибал болох уу гэв. Мяо Юй чухамдаа дургүй боловч Ши Чүнийг үзээд өрөвдөж бас мигман тавина гэсэн тул баярлаад зөвшөөрөв. Тийнхүү, дэр дэвсгэр, цайны гүц цөгц зэргийг авчруулж, шөнө турш ярилцан суухаар болоод хөгшин бумбыг явуулав. Ши Чүнь машид баярлаж цай бингээр ноднин тунгаасан хурын усыг нээлгэж сайн цай бэлтгүүлэв. Энэ Мяо Юй бол өөрийн гүц, цөгцөө хэрэглэнэ. Хөгшин бумба яваад төдий л удаагүй байтал нэг дагагч нь Мяо Юйгийн эдлэл хэрэглэлийг хүргэж ирэв. Ши Чүнь цаадахаа цайлж, хоёул үг нийлэн удтал ярилцан суув. Тэргүүн жингийн үеэр Цай Пин мигманы хөлөг авчирч тавьсанд хоёул нүүрлэн сууж мигман тавив. Ши Чүнь хоёр удаа алдтал, Мяо Юй бас дөрвөн хүү найр тавьсанд цаадах нь хагас хүү олов. Санамсаргүй дөрвөн жин болтол тэнгэр газар хав харанхуй болж анир чимээгүй нам жим болов. Мяо Юй,

-Таван жин болбол би номд сууна. Над хамжих хүн бэлэн тул чи явж амрагтун гэсэнд Ши Чүнь орхиж ядавч Мяо Юй бясалгал хийнэ гэх тул хүчлэн мушгиж чадсангүй. Явж амрахыг завдтал зүүн захын дээд гэрийн доторх манааны хүн гэнэт үймэлдэн бархирав. Ши Чүний тэндэх эмгэд “Хэрэг гарлаа. Хүмүүс ирлээ” гэж бархирсанд Ши Чүнь, Цай Пин нар үнхэлцэгээ хагартал айв. Гаднах манааны эрчүүл ч бархиралдав. Мяо Юй “Муу юм боллоо. Хулгайч ирэх шиг боллоо” гэсээр сандран үүдээ хааж, дэнгээ үлээгээд цонхоор гадагш шагайвал хүрээн дотор хэдэн эр хүн зогсож харагдана. Тэднийг хараад айж дуугарч чадсангүй. Гараа сэгсэрсээр бууж ирээд: “Хэрэг болжээ. Гадаа хэдэн том эр зогсож байна” гэв. Энэ үед байшингийн оройгоор чимээ гарч гадаах манаачид орж ирээд: “Хулгайчийг бариарай” гэж бархирав. Нэг хүн:

-Дээд гэрийн юмыг цөмийг алджээ. Хүн харагдсангүй. Зүүн тийшээ хүн явжээ. Бид баруун тийш явъя гэж сонсогдов. Ши Чүний эмгэн өөрийн хүмүүсийн дууг таниад гадаах тасалгаанд “Энэ гэрийн орой дээр олон хүн гарчээ” гэсэнд манаачид “Чи үз. Энэ бишүү” хэмээн бүгд зэргээр үймэлдэв. Байшингийн орой дээрээс ваар шидэн нүүлгэсэнд хүмүүс хавьтаж чадсангүй. Яах аргагүй сандарч байтал хүрээний хажуугийн хаалга чанга дуугараад дайран орж ирэв. Нэг эр урт мод барин явж байхыг үзээд бүгдээр орох газраа олохгүй сандрав. Тэр хүн чанга дуугаар

-Тэднээс нэгийг ч битгий дутаалга. Та нар бүгд намайг дагагтун гэж хашгирсанд, энэ үгийг сонссон хэдэн хүн сүнсээ зайлтал айж үе мөч нь сулраад гүйж харайж ч чадахгүй болов. Энэ хүн хүрээн дунд зогсоод дэмий л хашгирна. Гэр доторх хүмүүсийн зарим гярхай нь түүнийг таньжээ. Энэ чинь хэн бэ гэвэл, Жэн овогтны тэндээс батлан ирүүлсэн Бао Юун байлаа. Гэрийн хүмүүс гэнэт зориг орж, их сүр бадруулан “Нэг нь явжээ. Зарим нь дээр байна” гэсэнд Бао Юун дорогш навтасхийгээд орой дээр үсрэн гарч хулгайчийг эрэв. Тэр хулгайч нар Жя овогтны гэрт хүнгүйг сайн мэдэх тул хүрээн дотор орж ирээд Ши Чүний гэрт үзэсгэлэнтэй чавганц сууж байхыг хараад тачаангуй сэтгэл үүсч бас дээд гэрийн бүсгүйчүүдийг дарлаж, бас айж, үүдийг өшиглөн орохыг завдтал гаднаас хүн орж ирэн нэхэхийг сонсоод хулгайч нар дээвэр дээр гарсан ажээ. Хүн цөөн байсныг үзээд хариуцахыг завдтал гэнэт нэг хүн дээвэр дээр үсрэн гарч хөөсөнд хулгайч нар ганцаарыг мэдээд нэн ч зориг орж, шийдэм зэвсгээр хариуцав. Тэд яаж Бао Юунгийн хүчит манцуургыг даахав. Дээвэр дээрээс өнхрөн унажээ. Тэр хулгайч нар дутааж хүрээний хэрэм дээгүүр харайн гарав. Бао Юун ч тэднийг нэхэн хөөв. Хүрээний дотор хэдэн хүн нуугдаж баахан юм дамжуулан гадагш гаргажээ. Хулгайчид дутаасанд бүгд шийдэм зэвсгээ өргөн хамгаалав. Ганц хүн нэхэж байхыг хараад басамжилж, хэтрүү түрэн орж ирэв. Бао Юунгийн уур нь хүрч “Муусайн хулгайч нар надтай үзэлцэх санаатай юү” гэсэнд хулгайч нар “Манай нэг хүнийг цохин унагажээ. Үхсэн амьдыг мэдэхгүй. Бид түүнийг булаан авчирсугай” гэцгээв. Бао Юун тэр чимээгээр гүйн орсонд хулгайчид манцуурга, шийдэм эргүүлж дөрөв тавуулаа түүнийг бүслэн авч занчилдав. Гадаах манаачид ч зориг орж гүйлдэн ирэв. Олон хулгайч түүнийг дийлэлгүй гарч зугтсанд Бао Юун хойноос нь нэхтэл нэг авдарт бүдрэн зогсож үзвэл, юмаа алдаагүй хэмээн бодов. Хулгайч нар холдсон тул хойноос нь явалгүй зул асаалган үзвэл газарт хэдэн хоосон хайрцаг байсан тул түүнийг хураалгаад дээд гэрт хүрэхээр явав. Зам сайн мэдэхгүй тул Фөн Жегийн тэнд хүрэв. Дэн зул гэрэлтэж байв. “Энд хулгайч ирэв үү” гэж асуув. Дотор Пин Эр дагжин чичирч: “Энд үүдийг нээгээгүй ээ. Дээд гэрт хулгай оров хэмээн үймэлдэх сонсогдсон тул чи тэнд очиж үзэгтүн” гэв. Бао Юун явах замаа олохгүй, тэндээс шөнийн манаачийг ирсэн хойно хамтдаа дээд гэрт хүрэв. Үзвэл, үүд цонхыг нь цөмийг нээж шөнийн манаачид уйлалдаж байв. Төдөлгүй Жя Юнь, Линь Жышяо нар ирж хулгайд автагдсаныг мэдээд сандарцгаан орж үзвэл, Лао тайтайгийн гэрийн үүд цэлийтэл нээгдсэнийг хараад зул асаалгаж үзвэл, оньсыг нь эвджээ. Орж үзвэл авдар хоргыг цөмийг нээжээ. Тийнхүү тэдгээр манаач, эмсийг “Та нар бүгдээр үхсэн байв уу. Хулгайч ирж байхад мэдсэнгүй юү” гэж хараасанд тэд уйлж: “Бид хэдүүл хоёр гуравдугаар жингийн ээлжинд сууж бүгдээр борви нугалалгүй нааш цааш явж байсан бөгөөд тэд бол дөрөв тавдугаар ээлжинд таарчээ. Биднийг ээлжнээс буутал тэнд бархиралдаж эхэлсэн. Тэгэхэд нэг ч хүн үзэгдээгүй. Санд мэнд гэрэл гарган үзвэл, юмаа хэдийн алджээ. Та нар тэр дөрөв тавдугаар жингийн манаачдаас л асуу” гэв.

Линь Жышяо “Та нар цөм үхлээ эржээ. Мөд мэднэ. Одоо бусад гэрүүдээр очиж үзье” гэв. Шөнийн манаач эр дагуулж, Ю хатны тэнд хүртэл үүдийг нь таг дарж байв. Нэг нь чимээгээр “Бид үхтлээ айжээ” гэсэнд Линь Жышяо: “Эндээс юм алдаагүй юү” гэж асуув. Доторх хүн сая үүдээ нээж: “Эндээс юм алдаагүй ээ” гэв. Тэд явсаар Ши Чүний тэнд очвол: “Хэрэг гарчээ. Охин үхтлээ айжээ. Сэргэтүгэй” гэх дуу дотор сонсогдоно. Тэд үүдийг нээлгэж яасныг асуувал, дотроос эмгэн үүдээ нээж: “Хулгайч нар энд зодолдоод… охин үхтлээ айжээ. Арай гэж Мяо Юй багш, Цай Пин хоёр охиныг сэхээлээ. Юмаа алдаагүй ээ” гэв. Линь Жышяо “Хулгайч яаж зодолдсон юм бэ” гэсэнд Манаач эр “Бао даяа дээр гарч хулгайчийг цохиж унагаад, нөгөөг нь цохин хөөжээ гэж сонссон” гэсэнд Бао Юун “Хүрээний хаалганы тэнд байна. Түргэн очиж үз” гэв. Жя Юнь нар тэнд очвол, үнэхээр нэг хүн тунтран унаад үхжээ. Нарийвчлан үзвэл, Жөү Рүйгийн хуурай хүүтэй төстэй байв. Бүгд гайхаж, нэг хүнээр харуулаад бас хоёр хүн гаргаж, ар өвөр хаалгыг сахиулав. Хаалганд очиж үзвэл, үүд нь оньстой хэвээр байв. Линь Жышяо үүдийг нээлгэж байцаагч түшмэлд мэдүүлэв. Тэр даруй ирж шалган үзээд арван нарийн годилоор дээвэр дээр гарсныг мэдэв. Баруун хүрээний гэрт хүрээд дээврийн ваар их хэмхэрснийг үзээд арын хүрээний зүг явжээ. Манаачид нэг зэргээр: “Энэ бол хулгай биш дээрэм байна” гэв. Байцаагч түшмэл сандарч:

-Ил цагаан ирсэн биш байтлаа яахин дээрэм болов гэж асуусанд манааны хүн:

-Бид хулгайчийг хөөтөл, тэд дээврээс ваар шидсэн тул бид ойртож чадаагүй. Харин манай гэрийн Бао овогт дээвэр дээр гарч тэдний заримыг нь цохиж, бусдыг нь хөөж явуулжээ. Хүрээнд хүрээд нилээд хэдэн хулгайч Бао Юунтэй байлдаж, түүнийг дийлээгүй тул тэд зугтжээ гэв. Байцаагч түшмэл

-Бас юү хэлнэ вэ. Дээрэм бол танай хүнийг дийлэхгүй юү. Олон үгний хэрэггүй. Та нар юмаа шалавхан бүртгээд алдсан юмсынхаа дансыг бичиж гарга! Бид дээш мэдүүлье гэв.

Жя Юнь нар дээд гэрт хүрвэл, өвчтэй Фөн Же, Ши Чүнь нар тэнд иржээ. Тэд бүгдээр алдсан юмсаа бүртгэж эхлэв. Юань Ян үхээд, Ху По нар шарил хөдөөлүүлэлцэхээр явсан бөгөөд тэдгээр юм нь цөм Лао тайтайгийнх болох тул тоо байг нь мэдэхгүй, зүгээр л хаалттай байсныг яаж бүртгэж чадах вэ. Бүгдээр: “Энэ авдар хоргонд эд бараа маш их байсан нь одоо хов хоосон босон тул хулгайлахад багагүй цаг орсон бизээ. Манааны хүмүүс юү хийж байсан юм бэ? Тэр цохиулж үхсэн хулгайч нь Жөү Рүйгийн хуурай хүү мөн тул тэр лавтайяа хөл нэгсжээ” гэв. Фөн Же сонсоод нүдээ бүлтийлгэн, их л уурлаж: “Манааны эмсийг цөмийг барьж уяад байцаах газар өгч өчиг өгүүлсүгэй” гэсэнд бүгдээр уйлан унжин гашуудаж, мөргөн сөгдөн гуйв. Энэ явдлыг хэрхэн шийтгэсэн хийгээд алдсан юм нь хааш болсныг мэдэхгүй. Дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

1.Мигман-Шатрын нэг зүйл. Хар цагаан хоёр зүйл. Бүгд гурван зуун жаран нэгэн хүүтэй. Хөлөгт ороод хоёр хүн тоглодог. Дараачийн өгүүлбэрт хагас олов гэдэг нь, нэг этгээд нь зуун наяын гадна хагас хүү олбол хайн болох тул зуун наян нэгэн хүү олбол хагас хүү олсон болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж