Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнгөрч буй долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар цас орж, хүйтэрч зарим аймгуудад зам, даваа хаагаад байсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 16-аас эхлэн нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна гэж мэдээлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын зарим газраа бага зэрэг бороо, хур тунадас орно. Мөн дөрөвдүгээр сарын 19-нд нийт төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.
Салхи 16, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-19-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэжээ.