Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан

Дэлхийн улс үндэстэн бүр өөрийн цэгц уриатай байх юм. Бидний гуравдагч хэмээдэг “хийсвэр” хөрш АНУ маань “In God we trust” буюу “Бид бурханд итгэдэг” хэмээсэн уриатай байх бөгөөд түүнийгээ дэлхийгээр нэг цацсан ногоон дэвсгэрт дээрээ дурайтал нь бичжээ. Өөрсдийгөө бурханаас заяасан супер хэмээж түүндээ ард түмнээ итгүүлдэг байх юм. Дэлхийг засан төвхнүүлэх хувьтай төрсөн хэмээж хаана л бол хаана хошуу амаа билүүдэн ордог. Бүр болохгүй бол цэрэг илгээж дайн тулаан хийдэг.

Европын Холбооны уриа нь “In varietate concordia” гэх бөгөөд монголчилбол “эрээн бараанаараа нэгдмэл” гэсэн утгатай юм уу даа.

Иракийн үндэсний уриа нь  “Аллах акбар” (الل أكبر) гэнэ. Орчуулбал “Аллах аугаа” гэх. Саддам хэмээх дарайнгуйлагчийн сүүлчийн үг нь тэр байж. Овоо сүсэгтэй эр талийж дээ гэж бодсон чинь үндэснийхээ уриаг хэлсэн юмсанж.

1930-аад онд манай лам нар буудуулахдаа “Хоржийлоо” гээд байсан. Хойтохоо даатгаад байгаа юм боловуу даа гэсэн чинь “Монгол ялна” гэж түвдээр хэлээд байсан байж таарлаа.

Хуучин ЗХУ-д “Орон бүхний пролетари нар нэгдэхтүн” хэмээсэн нь социалист гэгдэж байсан орнуудын үндэсний уриа болж түүнийг нь монголчууд бид олон арван жил хэрэглэж явсан юм.

Цагаан хааны Оросын үндэсний уриа нь “С нами Бог” гэдэг байжээ. “Бурхан бидэнтэйгээ” гээд байсан бололтой. Өнөөгийн Орос орон үндэсний нэгдмэл уриагүй байх шиг.

1980-аад оноос хойших Хятад гүрний үндэсний уриаг "gai ge kai fang" буюу “Шинэтгэл ба нээлттэй байх” гэж ойлгож болмоор.

Цагаан морин жилээр коммунизмын дээлээ сольсон монголчуудад байж болох уриа мөн ч олон байсан бүгдийг нь ээлж дараалан “будаа” болгосоор ирлээ. Манай нэгэн улстөрч Гегелийн 10 боть ном жил тойрон уншлаа, юу ч ойлгосонгүй гэтэл түүнийг нь нэг хөдөөний өвгөн “Хүн ахтай дээл захтай” гэсэн хэрэг шүү дээ гэх. Гегелийн 10 боть номын агуулга болсон өвгөдийн минь сургааль “хүн ахтай дээл захтай” гэдгийг өнгөрсөн 20 жил бид амжилттай үгүйсгэж чадлаа. Эх захаа алдаж, хөлөөрөө толгой хийж явна.

“Алд бие минь алжааваас алжаатугай….” хэмээх алдарт үг бий. УИХ-ын гишүүдийн тангарагийн үг. Түүнийг бид харийнхний туслалцаатайгаар амжилттай “будаа” болгож байна.

Тун саяхнаас нэгэн улстөрч “Сото.. шидэт саваа” гэх уриа бодож олсон боловч тэр нэг их хол явахгүй нь ойлгомжтой байна.
Үндэстний уриа нь тухайн үндэстний зорилго, мотивацийг тодорхойлсон байдаг. Зорилгогүй, бодлогогүй бол уриатай байх боломжгүй юм. Харамсалтай нь монголчууд бидэнд үндэстний уриа алга. Энэ талаар сэтгэл зовох хүн ч тоотой юм шиг байна.

Уриагаа сүлд, туг, мөнгөн тэмдэгт дээр сийлдэг нь ард түмэндээ түүнийгээ байнга сануулдаг аж. Бидэнд бичье гэсэн ч бичих үг нь алга.
Дэлхийд тусгаар тогтнолоо олсон улс гүрнүүд өөрийн гэсэн үндэстний уриатай байдаг бөгөөд эдгээр уриа нь тэдний итгэл үнэмшил, үнэт зүйлс, улс төр, газар зүйн байршлын онцлог, бахархал, түүх соёлын онцлогтой салшгүй холбоотой байдаг. Жишээ нь дэлхийн улс орнуудын тал орчим хувь нь Бурханыг үндэстнийхээ урианд тунхагласан байна.

Венесуэл – “Бурхан ба холбоот улс” (Dios y Federaciуn),
Саудын Араб – “Бурханаас өөр бурхан үгүй бөгөөд Мухаммед бол түүний Зөнч юм” (لاإله إلاالله محمد رسول ال) хэмээн шашныхаа үндсэн сургаалийг уриагаа болгон тунхагласан байдаг.
Соломоны арлууд – “Удирдана гэдэг нь үйлчилнэ гэсэн үг”,
Швейцарь – “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” хэмээн үнэт зүйлсээ, Судан – “Ялалт бидний талд”,
Уругвай болон Грек – “Эрх чөлөө эсвэл Үхэл” гэж хувьсгалч шинж чанар,
Мальта – “Мальтын Бүгд Найрамдах Улс” хэмээн тусгаар тогтнолоо тунхагласан байдаг.
Түүх, соёлоо ч уриагаараа илэрхийлсэн Тайланд болон Камбож –
“Үндэстэн, Шашнууд, Хаан” хааныгаа,
Непал – “Ээж ба эх орон тэнгэрээс аугаа” эх хүнийг өргөмжилж тунхагласан байдаг нь бас сонирхолтой.
Турк – “Би Турк хүн гэж хэлэх хичнээн их аз жаргал вэ”,
Люксембург – “Бид хүн гэдгээрээ л байх ёстой”,
Австри – “Дэлхийг удирдах нь Австрийн хувь заяа” хэмээн үндэстнийхээ бахархлыг, Панам – “Дэлхийн эрх ашгийн төлөө”,
Лесото – “Энх амгалан, Бороо, Хөгжил цэцэглэлт” хэмээн газар зүй орон нутгийн байршлаа тодотгож тунхагласан байдаг.

Хүн өөрөө байгалиасаа бүтээгч шинж чанарыг агуулан төрсөн байдаг учраас юу хийж бүтээхээ илэрхийлсэн уриатай байдаг нь өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ байдаг. Үүнийг бид олон жишээнээс харж болно. Жишээ нь, Америкийн 50 муж тус бүр, хот тус бүр, тухайн хотод орших дэлгүүр бүр өөрийн уриатай. Тэр уриа нь үндэстнийг бутаргаж сарниулах гэсэндээ бус өөрийн гэсэн үнэлэмжийг бий болгож, би хэн бэ гэдгийг байнга сануулж, бизнес нь бид ямар орчныг хүмүүст бүрдүүлж өгөхийн төлөө ажиллаж байна вэ, хот нь иргэдээ юугаараа бахархал болгохыг хүсэж байна вэ гэдгийг харуулдаг. Хүсэл зорилго нэгтэй гэдгээ илэрхийлэх, тухайн хүн бүрийг ажил хийлгэх, нийгмийн идэвхтэй гишүүн байлгах үнэ цэнийг нь хэлж өгдөг учиртай. Дэлхий дээр бид даяаршиж байна гэдэг ч үүний хажуугаар дэлхийн хүмүүс маань урьд өмнө байгаагүйгээрээ их дангааршиж байна. Өөрийн уриагаараа би бусдаас тусдаа гэдгээ илэрхийлэх гэсэндээ бус би бусдаас юугаараа ялгаатай, ямар үнэ цэнэтэй вэ гэдгээ л харуулах гээд зориод байгаа нь тэр юм.

Уриа чухал ач холбогдолтой гэдгийг манай үндэстний хөрөнгөтнүүд гярхай ажиглаж компанийхаа уриаг бий болгосон нь бий. Тухайлбал, Эм Си Эс компани “Дэлхийн хөгжлийг Монголд”, Мобиком “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө”, Женко “Бага ярьж, оновчтой зарцуулж ихийг бүтээ”, Эрэл “Шаргуу хөдөлмөр алтнаас ч үнэтэй”, Талх Чихэр “Эрүүл хүнс – Таны сонголт”, Хаан бууз “Хаан шиг морил, Хатад шиг тухал” хэмээн өөр өөрсдийн үйл ажиллагаатай уялдаа холбоо бүхий зорьж буй алсын хараа, чиглэлээ тодорхойлдог байна.

Монголын эзэнт гүрэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн төр улсаа байгуулж байхад, Ромын эзэнт гүрэн “Сенат ба Ромын хүмүүс” хэмээн улс төрөө тунхаглаж өөрсдийн гүрнээ байгуулж байжээ.

Саяхны түүхийг сөхөн харахад ч оросын эх орны дайны үеийн “Родина – Мать зовёт!” буюу “эх болсон эх орон чинь дуудаж байна” хэмээн хамаг эрчүүдээ дайнд босгож чадсан байдаг. Бидний хувьд Капитализмыг алгасч! гэсэн Ленинист уриатайгаар хүн төрөлхтний нийгмийн байгууллын жам ёсны түүхийн замналыг даван гарч ард иргэддээ “нээрээ л заавал тэр муухай капитализмаар нь дамжихгүйгээр бид нар социализмаа байгуулж чадах юм байна” хэмээн итгүүлж дөнгөн сүүлийн хагас зууныг нэгэн уриатайгаар социалист бүтээн байгуулалтын төлөө өнгөрүүлсэн байдаг.

Ер нь ухаант өвгөдийнхөө сургаалийг гээсээр өнөөгийн монголчуудын уриа “Монгол яанаа” гэх болжээ. Өнөөдөр хүн бүрийн аманд “энэ төр засаг нэг л бишээ”, “энэ улсад болж бүтэх юм ерөөсөө алга” хэмээн хамаг зовлонгоо тоочин ярьдаг болж. Гэхдээ хичнээн тэгж ярьж байгаа ч, эцэст нь заавал “болох л байлгүй дээ” хэмээн санаа алдан, амны билгээ бодон хэлдэг юм. Гэхдээ энэ нь хэн нэгнийг харсан, хүлээсэн, бусдад найдсан идэвхгүй байр суурийг илэрхийлсэн үг учраас харин ч бидний дотор асаж буй тэр галыг намжаах үүргийг гүйцэтгээд байх шиг. Үүний оронд өөрсдийн үндэсний уриагаа бид, тэр болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг МОНГОЛ ЯЛНА! хэмээх уриатайгаар даван гарах цаг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж