News агентлаг долоо хоногийн ням гаригт өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гарсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь үдсэн, Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал зүүн аймгуудаар үргэлжилсэн өрнүүн долоо хоног болж өнгөрөв.
Ерөнхий сайд БНХАУ-ын айлчлалаа орон нутгийн томилолтоор үргэлжлүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хоёр дахь гадаад дахь айлчлал БНХАУ байв. Айлчлалын хүрээнд олон асуудал шийдэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцож байр сууриа илэрхийлсэн. Мөн БНХАУ дахь айлчлалаа өндөрлөж, Гашуунсухайтын хилийн боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрээр хилийн боомт, хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ гэдгээ тодотгосон юм. Түүний томилолт Дундговь аймагт үргэлжилснээр өндөрлөсөн юм.
Экс Ерөнхий сайд нарыг 30 хоног саатуулав
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 6-ны өдөр АТГ-аас баривчилсан. Тэднийг тухайн өдөр байцаалт авахаар дуудна гэсэн боловч нэг өдөр баривчилсан юм. Тэднийг баривчлах хугацааг сунгаж өгөхийг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байсан юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 12-ний Сүхбаатар дүүрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэх хорих эсэхийг хэлэлцсэн шүүх хурал болсон. Шүүх хуралдаанаас тэднийг үргэлжлүүлэн 30 хоног саатуулах шийдвэр гарсан юм. Тэдний өмгөөлөгчдийн зүгээс Ерөнхий сайд нарыг заавал хорьж, шалгах үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр шүүхэд хандаад байгаагаа мэдэгдсэн юм.
Сануулахад, Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьж, шалгаж байгаа юм.
Халхын аугаа аваргайтайгаа монголчууд салах ёс гүйцэтгэв
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, төр, нийгмийн зүтгэлтэн, Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиосон харамсалтай өдөр өнгөрсөн долоо хоногт тохиов. Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.
Тэрбээр 1961 онд МБАТ-ний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад Улсын баяр наадамд завсаргүй 5 удаа, 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цолыг хүртжээ.Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа. Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.
Ш.ОЧ