"Увс нуур"-ын бөхчүүд "Бөхийн өргөө" рүү дайрчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

"Увс нуур"-ын бөхчүүд "Бөхийн өргөө" рүү дайрчээ

"Увс нуур"-ын бөхчүүд "Бөхийн өргөө" рүү дайрчээ

Монголын бөхийн холбооныхон хоёр хуваагдсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хуваагдал даамжирсаар эцэстээ хэрүүл зодоондоо тулсан талаарх бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу Баасан гаригаас Бямбад шилжих үдэш  Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтох гарьд, хүргэн А.Сүхбат аварга болон Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь Ө.Бат-Орших нарын  Увс нуур дэвжээний бөхчүүд Бөхийн өргөөнд очиж бужигнаан үүсгэжээ. 

Болсон явдлын талаар Үндэсний бөхийн холбооноос мэдээлэл авахад ‘Бөхийн өргөөнд хамгийн түрүүнд А.Сүхбат аварга тоглолт үзнэ хэмээн туслахынхаа хамт орж ирсэн. Түүний араас  Б.Гантогтох гарьд   Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нар орж ирж, үймээн дэгдээсэн. Баянзүрх дүүргийн цагдаа нар ирж зохицуулсан. Цагдаа нар үймээн үүсгэсэн бөхчүүдэд шаардлага тавьж, Бөхийн өргөөнөөс тэднийг гаргасан ч  А.Сүхбат аварга, Бүрэнтөгс арслан хоёр үлдсэн’ гэсэн тайлбарыг өгсөн юм.

Цагдаа нар шаардлага тавих үед УИХ-ын гишүүн А.Сүхбат ‘би эндээс гарахгүй’ хэмээн эсэргүүцсэн талаар эх сурвалж хэллээ. Гэхдээ үймээний эзэн А.Сүхбат аварга үүрээр гэртээ харьжээ.

Үндэсний бөхийн холбооны талцал ийм дээрээ тулсанд  зарим бөхчүүд эмзэглэж байгаагаа нуухгүй байна. Үндэсний бөхийн нэг аварга нь бурханы оронд залраад удаагүй байхад шөнө дөлөөр Бөхийн өргөөг булаацалдсан хэрүүл үүсгэсэнд УИХ-ын гишүүн А.Сүхбат болон Увс нуур дэвжээнийхэнд олон нийтийн сүлжээнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байна.

Монголын Үндэсний бөхийн холбоо өнөөдөр хоёр хуваагдчихаад байгаа бөгөөд нэг холбоог нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, нөгөөг нь ‘Гачуурт’-ын Л.Чинбат тэргүүлэх болсон.  Төрийн бус байгууллагын хэрүүлд төрийн байгууллага оролцсонд зарим бөхчүүд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн. Тодруулбал,  Л.Чинбатад Улсын бүртгэлийн газар гэрчилгээ, тамга тэмдэг хийж өгсөн нь улстөрчдийн гар хөл оров уу гэх хардлага дагуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүх үйл явдлын ард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байгаа гэсэн хардлага ч явж байна.  Урьд шөнө болсон энэ дайралтыг өнөөдөр дахин гарахаас сэргийлж, цагдаа нар Бөхийн өргөөг хамгаалалтад авсан байна.

 Х.Баянмөнх аваргыг өнөөдөр Бөхийн өргөөний гадаа байх үед нь Г.Өсөхбаяр аварга түүнтэй  уулзаж, эе эвээ хичээх санал тавьсан тухай мэдээлэл байна. Тэрбээр ‘Бөхийн өргөө рүү дайрна довтолно гээд хүмүүс цуглуулсан мэдээлэл байна. Ийм байж болохгүй. Та хэлж болиулна уу’ гэжээ. Х.Баянмөнх аваргын зүгээс ‘Бид урьд шөнө 05 цаг хүртэл энд суулаа. Хэл амаа ололцохгүй бол ийм байдалд ахиад хүрнэ. Нэг юмны зөрчил гэдэг чинь тийм айхтар байдалд хүргэж байгаа юм. Би болиулж чадахгүй’ гэсэн байна. Ийнхүү Р.Нямдоржийн гэх  өргөөг авахаар Ц.Нямдоржийн нутгийн бөхчүүд бөөн хэрүүл тарьж, асуудал үүсгэж эхлэв бололтой. 

 

Б.БАТ

                                            

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж