“Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч С.Гантогоог мэдэхгүй хүн байхгүй биз. Түүний амьдралын тухай өгүүлэх баримтат кино энэ сарын сүүлээр нээлтээ хийх гэнэ. Тэрбээр БНСУ-ын “Монтант” хамтлагийн дуучин бөгөөд Өмнөд Солонгост ажиллахын зэрэгцээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, эх орныхоо нэрийг гаргаж яваа авьяаслаг залуу уран бүтээлч юм
“Ганаагийн түүх” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ. Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн хар ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж. Тэгвэл уг баримтат киноны нэр өөрчлөгдөж, “Шар автобус” нэрээр үзэгчдэд хүрэх гэнэ.
Энэ тухай тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ганаагийн түүх” нэртэйгээр анх хийгдэж байсан баримтат кино маань “Шар автобус” нэртэй болсон. Нээлтээ хараахан хийгээгүй байгаа. Хяналтын үзлэгийн шатанд явж байгаа. Эхлээд БНСУ-ын үзэгчдийн хүртээл болох байх. Үүний дараа мэдээж, Монголдоо, Монголынхоо үзэгчдэд киногоо хүргэнэ” гэжээ.
Сонирхуулахад дуучин С.Гантогоо нь энэ оноос эхлэн “Монгол Контент” болон продюсер Н.Халиунтай хамтран ажиллаж анхны цомогтоо багтсан “Над шиг дуугаа” саяхан толилуулаад байна.
Э.Ариун