Рашаантын 18 хорин жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Рашаантын 18 хорин жилийн дараа

…Ай миний хаяг Рашаантын 18…
 

1980-аад оны сүүлээр гарсан “Хонх” хамтлагийн энэ дууны үг тухайн үеийн нийгэм хэрхэн туйлдаж байсныг гэрчилнэ. Тиймээс ч тухайн үедээ мэдэхгүй хүнгүй болтлоо “хит” болсон. Тэгвэл энэ дуунд гарч буй нийгмийн үзүүлэлт 20 гаруй жилийн дараа дээшилсэн эсэхийг хамтдаа сонирхоё.

2011 оны наймдугаар сарын 17. СБД-ийн 9 дүгээр хороонд орших “Рашаант” гудамжны 18 тоот. Дунд эргэм насны нэгэн эмэгтэй Рашаантын 18 дугаар тоотод амьдрах. Түүнийг хүсэлтийг харгалзан нэрийг нь хэлхээс энэ удаад татгалзсанаа сануулъя. Хонх хамтлагийн дуу гарч байх тэр мөчид энэ эмэгтэй мөн л энэ хашаандаа амьдарч байжээ. Дуу анх гарч байхад хамар хашааных нь хүмүүс, цаашлаад Рашаант гудамжныхан тэднийхийг ихэд сонирхон ирэх болжээ. Энэ эмэгтэй яг л дуунд өгүүлдэг шиг борог амьдралтай байж. Нөхрөөсөө салж хэдэн хүүхдээ ганцаараа өсгө­сөн гэх. Хоол, унд нь хүрэхтэй үгүйтэй өдрүүд олон байсныг тэрээр нуусангүй.

Рашаантын 18 дугаар тоотод ороход, дуунд өгүүлдэгээс арай өөр. Ширээн дээр талх, сахар тэргүүтэн өрөөтэй. Жижиг шаазан аяганд сүү­­­тэй цай мэлтэлзэнэ. Дуунд гардагч­лан,

Намхан ширээн дээр зассан тавганд
Намайг тэжээсэн боорцог бай­лаа…
хэмээх мөр орчин үеийн Монголд ийн өөрчлөгджээ. Гэ­рийн эзэгтэй ажил хийдэг ч ам бүл олон болохоор хүрэлцдэггүй аж. Тэрээр эх орны хишиг амьдралд нь их нэмэр болдог гэдгийг хуучилна. Дуу гарснаас хойш 20 гаруй жил өнгөрч нийгмийн тогтолцоо, амьд­­ралын хэмнэл, хэрэглээ гээд өөрчлөгдсөн зүйл чамгүй. Гэвч “Рашаант”-ын 18 дугаар тоотын амьд­рал өмнөхөөсөө дээрдсэнгүй. Өдрөөс өдөрт нэмэгдэх барааны үнэ, нэмэгдэхгүй цалин, нүүрс, түлээний үнэ гээд 18 дугаар тоотын эмэгтэйд санаа зовохгүй зүйл гэж үгүй. Ядаж байхад, нүүрсний үнэ нэмэгдсэн, уут жижгэрсэн гэж жигтэйхэн.

Бас дээр нь хоёр хүүхэд нь их сургуульд сурч байдаг. Ганц энэ эмэгтэйн амьдрал чухамдаа өнөөгийн Монголын нийтлэг төрх гэдэгтэй маргах хүн үгүй биз.  20 гаруй жилийн өмнө “Хонх” хамтлаг ардчиллыг дуугаараа сурталчилж олонд хүргэж байв. Тэр үед хэн бүхэн тухайн цаг үеийн “бурангуй” нийгэм халагдаж, орчин цагийн шинэ, сайн, сайхан үе ирнэ гэдэгт итгэж байсан юм. Гэтэл өнөөдөр дууны утга нь өөрчлөгдсөнгүй. Тухайн үед хүнсэндээ дугаарладаг байсан бол өнөөдөр сар бүр олгодог 21 мянгад дугаарлаж байна. “Яг үнэндээ тэр үеэс амьдрал өөрчлөгдөөгүй шүү дээ. Яах вэ, нийгэм нь л өөр болсон болохоос. Хорин жил өнгөрлөө. Нийгэм сайхан болтол миний нас хүрэхгүй юм шиг байна” гэж Рашаантын 18 дугаар тоотод амьдардаг эмэгтэй бидэнд хуучилсан юм.

…Чин сэтгэлийн үнэн хайраа
Чинээлэг айлын охинд өгсөн…
гэдэг шиг л бид ардчиллын зарчимаар чөлөөт эдийн засгийг сонгоод өдийг хүрсэн ч албан бус мэдээллээр нийт хүн амынх нь 98 хувь нь ядуу ангилалд багтаж байна.

...Гэнэн цагаахан сэтгэлээрээ
Гэртээ нэг удаа түүнийг урьсан..
.
ч харамсалтай нь тэр тусаа монголчуудад өгөөгүй л байна. Үүнд мэдээж ардчилал буруугүй байх л даа. Тийм гэдгийг ч одоогоос жилийн өмнө Голландын судлаач Хайман гэдэг хүн Монголд ирэхдээ баталсан. “Танайд ардчилал яг ямар утгаараа хөгжөөд, яг аль замаар нь замнаад, яаж хөгжүүлээд байгааг сайн ойлгохгүй байна. Уг нь бүс нутагтаа ардчилсан тогтолцооны загвар гэдгийг дэлхий мэднэ. Гэхдээ одоо энэ бүтэц алдагдах шатандаа орсон байна” гэж хэлж байсан юм. Угтаа манайхыг автократ тогтолцоотой гэх дүгнэлтийг дэлхийн олонхи судалгааны байгууллагууд хийсэн байдаг. Гэтэл манай улстөрчид нь болохоор өмнө нь буруу замнасан тогтолцоо бүрэн устах хүртэл дахиад хорин жил бий гэж ярих. Энэ хооронд ард иргэдийн амьдрал улам хэцүү болсоор л…

Статистик үзүүлэлтээр сэтгэл гонсоймоор мэдээ нь гэвэл инфляци 15 хувьтай байгаа бөгөөд ирэх оны эхэн гэхэд 20 гаруй болтлоо өсөх ажээ. Бас ажилгүйдлийн тоо 46 хувиар нэмэгдсэн гэж байгаа. Ирэх өвөл гэхэд эрчим хүчний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс нь баталж байна. Тэмцэн байж олж авсан ардчилалын эсрэг үзүүлэлтүүд ийнхүү цаасан дээр дурайж байна.

Хорин жилийн өмнө ардчиллын дууг цуурайтуулж асан энэ хамтлаг дуунуудаа гаргахдаа биднийг ийм ирээдүй хүлээж байгаа гэдгийг төсөөлж байгаагүй нь лавтай. Дэлхийн 200 гаруй орнуудыг хамруулан явуулдаг ядуурлын индекс тодорхойлох судалгаагаар монголчууд 125 дугаар байранд цохиж явна. Бид ийнхүү дэлхийн ядуу орнуудын тоонд 21 дэх жилдээ дараалан бичигдэж байна. Харин бидний сонгосон засаглал ёстой нөгөө, 

Одоо чи намайг тоохоо больжээ
Ондоо хөвгүүнд дурлах болжээ..
. гэдэг л болж байна уу даа.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж