Улаан асрын зүүд (110-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (110-р бүлэг)

Улаан асрын зүүд (110-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.


Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э

Зуун аравдугаар бүлэг

ХҮНДЭТ ХАТАН ҮҮЛ ДАЛДЛАН ТЭНГЭРИЙН ОРОНД ДЭВШИЖ,

ХӨНГӨН БЭР ЧАДАЛ МӨХӨСДӨН ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ АЛДАВ

Өгүүлэх нь: их ахайтан Жя Мү босож суугаад “Би энэ гэрт залуу багаасаа ирээд өтөлтлөө жар гаруй жил жаргалыг ханатлаа эдэллээ. Лаоегаас чинь эхлэн хөвгүүд ач нар цөм сайн болой. Тэр Бао Юйг би санасаар ирсэн билээ” гээд доорх хүмүүсийг толгой дараалан ажиглав. Ван Фүрэнь Бао Юйг орны дэргэд түлхэн аваачив. Жя Мү хөнжлөөсөө гараа гарган Бао Юйг бариад “Хөвгүүн минь чи, гүжирмэглэн зүтгэх хэрэгтэй” гэсэнд цаадах нь: “за” гээд толгой дохив. Тэгээд нулимс унаган завдсанаа биеэ барив. Жя Мү “Би дахиад нэг жичээ үзсэн бол санаа минь гүйцэх байсан. Жя Лань хөвгүүн минь хаана байна вэ?” гэвэл Ли Вань, хүүгээ түлхэн очуулав. Жя Мү Бао Юйг тавиад Жя Ланийг бариад: “Эх чинь ачлалтай хүн шүү. Хожим болоод эхийгээ баярлуулж яваарай” гэснээ: “Фөн охин хаана байна вэ” гэв. Их ахайтны дэргэд зогсож байсан Фөн Же өмнө нь очоод: “Энд байна” гэв. Жя Мү: “Хүүхэн минь чи хэтэрхий сэргэлэн шүү. Хожим буян үйлдтүгэй. Би ч дэмий юм үйлдсэнгүй. Тийн гэвч сэтгэл үнэн бол хохирол амсана. Мацаг барьж маани тоолох мэтийн явдлыг би бас төдий л хийсэнгүй ээ. Тэр жил “Доржжодов” баахныг бичүүлж түгээсэн. Тарааж барсан байхаа” гэтэл Фөн Же: “Бараагүй ээ” гэв. Жя Мү: “Эртхэн тараачихвал сайн болно. Манай да Лаое, Жя Жөнь хөвгүүн хоёр хол яваа. Тэр муу хар сэтгэлтэй Шы Шян Юнь яагаад намайг эргэхгүй байна” гэсэнд учрыг мэдэх Юань Ян нар дуугарч чадсангүй. Жя Мү Бао Чайг хараад санаа алдаад царай нь улайв. Үхлийн чөлөөний засрал болж байхыг мэдээд Жя Жөн сандран орхоодойн шөл барив. Жя Мүгийн шүд зуурчээ. Тэрбээр нүдээ нэг аньснаа дахин хараад гэр доторхийг эргүүлэн харав. Ван Фүрэнь, Бао Чай хоёр зөөлхөн түштэл зогисохуйц болоод амьсгалаа түгжин инээмсэглэх царай орж наян гурван насан сүүдэр зоогложээ. Эмгэд яаран орыг нь шилжүүлэв. Энэ зуур Жя Жөн нар зөв талд, Шин Фүрэнь нар буруу талд сөгдөн уйлцгаав. Гадна гэрийн хүмүүс алив зүйлийг цөм бэлтгээд дотроос чимээ өгмөгц Рүн Гуофүгийн их хаалганаас эхлэн дотор гэрүүдийн үүдийг хүртэл цэлийтэл цав цагаан цаасаар наав. Бэлэвсрэлийн цацрыг өндөр гэгч босгож их хаалганы өмнө пайлуур зоожээ. Дээр, доорх бүх хүн бэлэвсрэлийн хувцас өмсчээ.

Жя Жөн бэлэвсрэлийн явдлаа мэдүүлсэнд ёслолын зурган дээш айлтгав. Дээд эзэн, үе улиран гавьяа зүтгэлтэй явсныг нь санаж, бас Юань Фэй хатны эмэг эх болох тул хүнд хишиг хүртээж мянган лан мөнгө шагнаад ёслолын зурганаас эрхлэн тахитугай гэсэн зарлиг буулгав. Гэрийн хүмүүс зүг бүрд гашуудлын мэдээ хүргэсэнд төрөл садан нь Жя овогтныг бууран доройтсоныг мэдэвч богдын хишиг цаглашгүйг үзээд бүгдээр ирж гашуудан тахилцав. Цагийн сайныг сонгож авслан тавиад гол гэрт чандарлан тахив.

Том хүү Жя Шө гэртээ байхгүй тул Жя Жөн бүхнийг ахлав. Бао Юй, Жя Хуань, Жя Лань бол төрсөн ач бөгөөд нас бага тул цөм чандрыг сахив. Жя Лянь ч төрсөн ач болох боловч Жя Рун тэр хоёр гэрийн зарц нарыг захирах ажил эрхлэв. Хэдийгээр садангийн бүстэй бүсгүй олон хүнийг залж ажилд оролцуулсан боловч дотоодод Ван Шин хоёр Фүрэнь, Ли Вань, Фөн Же, Бао Чай нар чандрын дэргэд уйлж, Ёу хатан хэдий хавсралцаж болох боловч Жя Жөнийг явснаас хойш Рун Гуофүд ирж суусан тул ямагт хойш ухрах болсон бөгөөд эдний ажлын эх захыг олохгүй. Бас Жя Руний эхнэрийг хэлэх газаргүй. Ши Чүний нас бага бөгөөд хэдий энд өссөн ч гэрийн юмыг мэдэхгүй тул дотоодын ажил явдлыг хариуцан хийх хүнгүй болжээ. Харин Фөн Же бол дотоодын явдлыг эрхэлж болох бөгөөд Жя Лянь гадны явдлыг мэдэж байх тул дотор гадны явдалд тэр хоёр л тохирч байлаа. Фөн Же бол чадварлаг хүн тул Лао тайтай үгүй болоход нэгэн зэрэг зүтгэнэ гэж бодож байсан билээ. Шин, Ван хоёр Фүрэнь түүнийг Чинь авхайн явдлыг гардан хариуцсаныг мэдэх тул тохирно гээд түүгээр доторх явдлыг ерөнхийлөн хамааруулав. Фөн Же маргаж болохгүй тул яриангүй хүлээн аваад дотроо эндхийн явдлыг би хариуцаж ирсэн бөгөөд зарц нар бол угаас миний гарын дор явж иржээ. Тайтай хийгээд Жэнь Бэргэний хүмүүс бол ер хөдөлж өгдөггүйгээр барахгүй одоо цөм яваад өгсөн. Зоос мөнгө зарахад хэдий тэмдэг пайзгүй боловч энэ мөнгө бол цөм бэлэн байна. Гаднах явдлыг бас манай тэр эрхэлж байна. Миний бие одоо тийм сайнгүй боловч арай хочлогдоход хүрэхгүй. Нин Гуофүгийн явдлаас лав дээр болой гэж бодоод, Жөү Рүйн эхнэрийг явуулж зарц нарын нэрийн дансыг авчруулав. Түүнийг Фөн Же нэг нэгээр үзвэл, бүстэй зарц нийт хорин нэгхэн, бүсгүй зарц арван есхөн хүн үлдээд, энэ гэрийн инж нар нийлээд гуч гаруйхан хүн болсон тул яах ч аргагүй. Тэгээд дотроо, энэ удаа Лао тайтайгийн явдал дээр харин зүүн ордныхоос хүн цөөн болжээ гэж бодоод хөдөөнөөс хэдэн хүн олсон боловч мөн зарж хүрэхгүй байв.

Яг ийнхүү бодож байтал нэг инж ирж: “Юань Ян эгч найнайг залж байна” гэсэнд Фөн Же арга буюу гарч очив. Нулимсандаа дэвттэл уйлсан Юань Ян, Фөн Жег барьж аваад: “Эр найнай морилж суу. Би танд мөргөе. Бэлэвсрэлийн үед ёсолж болохгүй боловч эрхбиш мөргөхөд хүрчээ” гэсээр сөгдөв. Фөн Же яаран татаж босгоод: “Энэ ямар ёс вэ. Ярих юм байвал ярь” гэв. Юань Ян:

-Лао тайтайгийн дотор гаднах бүх явдлыг Эр Еэ, Эр найнай хоёр эрхэлж байна. Энэ зардлын мөнгийг Лао тайтай үлдээсэн. Лао тайтай энэ насандаа мөнгө зоос төдий л сүйтгэсэнгүй. Одоо ийм их явдал болсон тул Эр найнай та эрхбиш нэр төртэй сайхан гүйцэтгэх болов уу. Би сая сонсвол, Лаое юунай “Шүлэглэлт номд өгүүлсэн нь”, “Күнз өгүүлсэн нь” гэнэ. Би мэдэхгүй. Бас юунай “Бэлэвсрэлд ёслолыг дөхөмчилж эмгэнэлийг эрхэмлэ” гэнэ. Би цөмийг мэдэхгүй. Би Бао Эр найнайгаас асуухул, Лаоегийн санаа бол Лао тайтайгийн бэлэвсрэлд эмгэнэн гашуудваас сая жинхэнэ ачлал болно. Бүрэлгэн сүйтгэж нэр төрийг бодож хэрэггүй гэжээ. Би бодохул Лао тайтай мэтийн хүн, яахин нэр төртэй байж болохгүй вэ. Би бол шивэгчин хүн, юу хэлж чадах вэ. Лао тайтай, та бид хоёрыг санасаар ирсэн тул нас болсон цагт нь олигтой мордуулахгүй байж яахин болох вэ. Эр найнай бол их юм бүтээж чаддаг хүн тул би танаас гуйя. Би бүх насаараа Лао тайтайг дагаж ирсэн хүн. Лао тайтайг үхвэл би бас тайтайгаа дагана. Лао тайтайгийн явдлыг яаж үйлдсэнийг үзэхгүй бол хожим түүнтэйгээ яаж учирна” гэв. Фөн Же энэ жигтэй үгийг сонсоод:

-Чи санаа амар бай. Нэр төртэй үйлдэхэд хялбар болой. Лаое хэдий арвилна гэвч сүр намбыг нь алдуулж болохгүй. Энэ мөнгийг цөмийг Лао тайтайд хэрэглэсэн ч болно гэсэнд Юань Ян:

-Лао тайтай үлдээсэн юмаа бидэнд өгнө гэж гэрээсэлсэн тул Эр найнай гар мөхөсдвөл үүнийг аваачиж борлуулаад хэрэглэтүгэй. Лаое юм хэлсэн ч, Лао тайтайгийн гэрээслэлээс зөрөх аргагүй. Лао тайтай юмаа хуваарилан түгээхэд Лаое сонсоод сууж байсан даа гэв. Фөн Же:

-Чи их ухаантай хүн байтлаа одоо яагаад ингэж сандарна вэ гэсэнд цаадах нь:

-Би сандарч байгаа юм биш. Их тайтай бол юунд ч оролцохгүй. Лаое бол намбагалахаас айна. Эр найнай та ч Лаоегийн санаатай адилаар хөрөнгөө хураалгасан айл бас ийнхүү ихээр гашуудал хийвэл хожим бас дахин хураалгана гэж бодоод Лао тайтайг ч хайхрахгүй бол яаж болох вэ. Уг нь ямар байсан ч инж надад хамаагүй. Энэ гэрийн алдар нэр эрхэм болой гэв. Фөн Же:

-За би мэдлээ. Чи тайван байж бай. Би бодъё” гэвэл Юань Ян түүнд түмэнтээ мөргөөд бүрэн найдав. Фөн Же эндээс гараад дотроо, энэ Юань Ян үнэхээр жигтэй юм. Ямар санаа өвөрлөснийг мэдэхгүй. Ёсондоо, Лао тайтайгийн явдал дээр баахан нэртэй байх нь зүйтэй. Тэгж ярьвал тэр ч бас ямар хамаатай вэ. Манай гэрийн урьдын маягаар л үйлдсүгэй гэж бодоод Ван Эрийн эхнэрийг дуудан Эр Еэг залуулав. Төдөлгүй Жя Лянь орж ирээд:

-Намайг эрж яах нь вэ. Чи доторхоо л хариуц. Юу болсон ч Лаое тайтай нар мэднэ. Тэд юу хэлбэл, бид тэр ёсоор үйлдэнэ гэсэнд Фөн Же:

-Чи яагаад ийм юм ярьж байгаа юм бэ? Харин Юань Янгийн хэлсэнтэй яг таарсан бишүү гэсэнд Жя Лянь:

-Тэр юу хэлсэн юм бэ гэхэд нь Фөн Же түүний ярьсныг нэгд нэгэнгүй хэлж өгөв. Жя Лянь:

-Тэдний үгийг хэн сонсох юм бэ? Сая Эр Еэ намайг дуудаж аваачаад “Лао тайтайгийн явдлыг хэдий сайхан үйлдэх ёстой боловч мэдэх хүн бол Лао тайтай өөрөө бэлтгэжээ” гэнэ. Мэдэхгүй хүн бол биднийг хөрөнгөө нуун авч үлдээд одоо бас баян байсаар байна гэнэ. Лао тайтайгийн энэ мөнгийг хэрэглэж барахгүй боловч хэн авна вэ? Лао тайтайд өөрт нь л хэрэглэнэ. Лао тайтай бол өмнө газрын хүн. Хэдий хүн оршуулах газар энд байвч бунхангүй. Лао тайтайгийн чандрыг өмнө газар аваачиж тавина. Энэ мөнгийг үлдээж өвгөдийн онгон дээр баахан байшин бунхан бариад, үлдвэл зул хүжийг нь авна биз. Бид хожим харьсан ч тус болно. Харихгүй боловч үгүй ядуу төрөл саднаа татан суулгавал цаг цагийн хүж зул тасрахгүй. Байнга цэвэрлэж тахихад ч сайн болно” гэжээ. Энэ хэдий зүйтэй бодлого боловч чиний санаагаар цөмийг зарж дуусгана уу гэв. Фөн Же: “Мөнгөө гаргаж өгсөн үү” гэсэнд Жя Лянь:

-Олж үзээгүй байсаар! Манай дайдай Эр Лаоегийн үгийг сонсоод Эр тайтай, Эр Лаое хоёрыг их л өдөж “Энэ маш сайн бодлого” гэсэн гэнэ. Би яаж чадна? Одоо гаднах цацар дээр хэдэн зуун лан мөнгө өг гэхэд гаргаж өгөөгүй байна. Би авахаар очвол тэд цөмөөр байна. Урьдаар гаднаас цуглуулж бай. Дараа нь бодно гэнээ. Энэ боолуудын мөнгөтэй нь хэзээний дутаажээ. Дэвтэрт байгаа нэрийг дуудвал, зарим нь өвчтэй гэж, зарим нь тосгонд очсон гэнэ. Хэдэн хөдөлж чадахгүй юм үлджээ. Тэд зоос хонжих эрдэм байхаас мөнгө алдах чадал яаж байна вэ гэлээ. Фөн Же удтал мэлрээд “Ингээд ямар буян үйлдэнэ” гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал инж ирж “Их тайтай, “Өнөөдөр нэгэнт гуравдах өдөр болов. Дотор их эх захгүй байна. Хоолоо гаргаад бас ирсэн зочдыг хүлээлгэнэ үү? Хэдий дуудаад ногоо нь сая иртэл будаа нь дутжээ. Энэ мэтээр буян үйлдэж болох уу? гэж Эр найнайгаас асуулгаж байна” гэсэнд яаран орж хүн дуудан авчирч өглөөний хоолыг хийлгэв. Гэтэл тэр өдөр олон хүн ирээд байхад зарц нар уруу царайлаад хөдлөхгүй байлаа. Тэнд Фөн Же арга буюу баахан харж харгалзаад бас ажил хийлгэхийг бодож яаран гарч Ван Эрийн эхнэрээр бүсгүй зарц нарыг цөмийг дуудуулж, тус бүрд нь ажил хуваарилав. Бүгд за гэцгээгээд олигтой хөдөлсөнгүй. Фөн Же: “Одоо болтол хоол гарахгүй юү” гэсэнд цаадуул нь “Хоол зарлахад хялбар. Доторх юмаа гаргаад өгвөл бид хийж чадна” гэв. Фөн Же:

-Тэнэг амьтад! Та нарт нэгэнт ажил оноосон тул өгөх байлгүй гэсэнд тэд арга буюу хүлээв. Фөн Же дээд гэрээс хэрэглэх зүйлийг авч түгээе гэж Шин, Ван хоёр Фүрэнигээс асуухаар очвол хүн олон тул хэлж чадсангүй. Энэ үед нар баруунаа хэлбийсэн тул Юань Янг эрж олоод “Лао тайтайгийн хадгалж байсан хувийн тэр юмсыг авъя” гэв. Цаадах нь: “Чи надаас асууж байх таарч дээ. Тэр жил Эр Еэ барьцаалан зээлдүүлэхэд тавиад дахин сольж авчирсан буюу” гэсэнд Фөн Же: “Алт мөнгөн юмс хэрэггүй. Ерийн хэрэглэдэг тэр нэг хувийг авъя” гэв. Юань Ян “Их тайтай болон Жэнь их найнайгийн гэрт хэрэглэж байгаа хэрэгслийг яаж авчрах вэ” гэсэнд Фөн Же бодвол нээрэн тийм байсан тул арга буюу Ван Фүрэнийд хүрч Юй Чуань, Цай Юнь хоёрыг байхад сая нэг хувийг олж санд мэнд Цай Мингээр данслуулаад хүмүүст тараан өгч хадгалуулав. Юань Ян, Фөн Жегийн энэ мэт тэвдүү явахыг үзээд дуудаж чадсангүй. Дотроо, энэ хүн угтаа ажилд их шуурхай, нарийн байсан юм. Одоо яагаад ийм тээртэй болчихов оо! Энэ хэдхэн өдөр эх захаа алджээ. Лао тайтай түүнийг хэрэггүй санасан биш үү гэж бодсон бөгөөд Шин Фүрэнь, Жя Жөнгийн үгийг сонсмогц хожмын ундрал багасна гэсэн санаатай нь таараад олдсоны хэрээр хойш тавьж дараа хэрэглэнэ хэмээн хүсэж байгааг нь яахин мэднэ. Ялангуяа Лао тайтайгийн явдлыг ахмад хөвгүүн нь мэдэх ёстой бөгөөд тэр одоо байхгүй болохоор Жя Жөн гөжүүдэлж юм бүхэнд “Их тайтайгийн санааг асуу” гэнэ. Шин Фүрэнь бол Фөн Жегийн гар томтой, Жя Ляний ухаан муутайг мэдэх тул үхэн зуураад тавихгүй байна.

Юань Ян энэ мөнгийг гаргаад тушаая гэж бодож байх тул Фөн Жегийн ийнхүү тэвдэхийг үзээд хүчлэхгүй байна гэж сэжиглээд Жя Мүгийн шарилын дэргэд үглэн уйлна. Шин Фүрэнь түүний үгэн дотроо үгтэйг сонсоод, өөрөө Фөн Жегийн хөл гарыг тушиж байгаагаа мэдэхгүй, “Фөн охин хүчлэхгүй байна” гэнэ. Ван Фүрэнь орой Фөн Жег дуудаж

-Манайх хэдий тийм элбэг дэлбэг биш боловч нэр төрөө бодох хэрэгтэй. Энэ хэдэн өдөр олон хүн ирж очсоноос үзвэл, тэднийг олигтой зочилж чадсангүй. Бодвол би тэдэнд захиагүй байхаа. Бидний орноос чи санаа тавивал сайн байна гэв. Фөн Же мэлрээд, мөнгө зоосны хувьд гар мөчид байгааг хэлье гэсэн боловч түүнийг өөр хүн хариуцаж байхыг мэдсээр байж зочлох тухай ярьж байхад нь маргалгүй, дуугүй байв. Шин Фүрэнь хажуугаас нь:

-Чухам ёсондоо манай бэр болсон хүний явдал болохоос биш, ач бэрийн ажил биш шүү. Тийн гэвч бид хөдлөхийн аргагүй тул чамд найдсан юм. Чи хариуцах л ёстой гэсэнд Фөн Жегийн царай улайн хариу хэлэх гэтэл гадаа бүрээ бишгүүр дуугарч оройн цаас шатаадаг цаг болоод цөм гашуудан уйлсан тул хэлж болсонгүй. Фөн Же хэлнэ гэж бодож байтал Ван Фүрэнь түүнийг дуудан “Энд бид байна. Чи явж маргаашийн явдлыг төвхнүүл” гэж шаардав.

Ингээд Фөн Же хэлэх гэснээ хэлж чадсангүй. Гомдолтойгоор нулимсаа залгин гарч ирэд Зарц нараа цуглуулж “Ижий нар минь, намайг баахан өрөвдөх болов уу. Та нар олигтой хөдөлж өгсөнгүй. Хүний элэг доог болсон би баахан зэмлэл сонслоо. Маргааш та нар халшралгүй чармайж өгөөч” гэсэнд цаадуул нь “Найнай та ийм юмыг сая хийж байгаа биш. Хэн аймшиггүй зөрчих вэ. Энэ удаагийн явдал дээр, дээрх хүмүүс тун төвөгтэй байна. Энэ цагийн хоолоор л хэлбэл, зарим нь энд идэж, зарим нь гэртээ аваачиж иднэ гэнэ. Энэ тайтайг залахад тэр найнай нь ирэхгүй, явдал бүхэн ийм болохоор яаж олигтой байхав. Харин тэр инж нарыг жаахан аятай байлгахыг танаас гуйя” гэв. Фөн Же:

-Хамгийн төвөгтэй нь Лао тайтайгийн инж нар. Тайтайгийнх хэлэхэд хэцүү. Намайг хэнийг очиж аргадаж аяыг нь ол гэж байна вэ гэсэнд цаадуул нь:

-Тэр жил найнай зүүн ордны явдлыг орлон гүйцэтгэхдээ загнаж, занчаад хичнээн шуурхай байсан бэ? Тэгэхэд хэн дагахгүй байж чадсан бэ. Одоо энэ инж нарыг дарж дийлэхгүй боллоо гэж үү гэцгээв. Фөн Же санаа алдан:

-Зүүн ордны явдлыг орлон гүйцэтгэж байхад тайтай ч тэнд байсан. Юм хэлэхэд эвгүй байсан юм. Одоо энэ бол өөрийн гэрийн явдал. Бас ч нийтийн явдал тул хүн бүрд үг хэлж болно. Бас гаднах мөнгө зоос ч дураар болохгүй байна. Жишээ нь, цацар дээр нэг юм авах гээд явуулавч олж чадахгүй байна. Над ямар байна вэ гэсэнд цаадуул нь:

-Эр Еэ гадаа байтал аргалж өгөхгүй байна уу гэв.

-Үүнийг хэлээд яахав. Тэр бас тэндээ гачигдаж байгаа. Нэгд, мөнгө түүний гарт байхгүй. Нэг юм авъя гэвэл тэр дор нь мэдүүлж байх тул тэр яаж аргалж чадна гэсэнд цаадуул нь

-Лао тайтайгийн мөнгө Эр Еэгийн гарт байхгүй гэж үү гэсэнд Фөн Же:

-Та нар мэдээчингээс асуувал мэднэ гэв. Тэгтэл цаадуул нь”Өө тийм юм уу? Тэр гаднах бүсгүйчүүд “Ийм их явдалд, хүнд ажил хийхээс өөр юу ч олохгүй нээ” гэж гомдоллох сонсогдож байна. Хүний сэтгэл яахин нэг байж чадах вэ” гэцгээв. Фөн Же:

-Одоо ийм юм яриад хэрэггүй. Ойр зуурын явдлаа бүгдээр сайн хичээвэл болно. Хайш яйш явсаар байгаад дээрээс ийм тийм гэж хэлүүлбэл би хүлээхгүй гэсэнд цаадуул нь:

-Бид бүгдээр найнайгийн үгнээс яалаа гэж зөрөх вэ. Дээрх хүмүүс нэг хүн шиг нэг бодолтой биш бол бид гүйцэтгэн нийлүүлэхэд хэцүү болно гэцгээв. Фөн Же аргаа ядан гуйж:

-За сайн ээж нар минь, маргааш надад нэг сайн туслаатах. Би охидуудад хэлж тодорхойлсон хойно мэдээрэй гэсэнд бүгд зөвшөөрөв.

Фөн Же их л хилсдэж, бодох тусмаа уур нь хүрнэ. Тэнгэр гэгээрмэгц босоод явав. Энэ газрын хүмүүсийг бүртгэн тохируулъя гэвэл Шин Фүрэний уурлахаас зовно. Ван Фүрэньд хэлье гэвэл Шин Фүрэнь хооронд нь хутгана. Эндэх инж нар Шин Фүрэнь, Фөн Жегийн сүрийг дарахыг хараад улам ч түүнийг тоохоо болив. Харин Пин Эр:

-Эр найнай энэ явдлыг сайхан үйлдэх санаагүй бишээ. Лаое, тайтай нар бүрэлгэн сүйтгэж болохгүй гэж захисан тул манай найнай аргагүй байна гэж хэд дахин хэлснээс хойш баахан номхров.

Хуушаан, хувраг залж, хурал ерөөл уншуулж, тахил тавиг өргөж, өглөг буян үйлдэв. Хүмүүс тасралтгүй цувж байсан боловч хэвцэг цэвдэг тул хэн төдий урагштай хөдөлж өгнө. Хайш яйш дуусгах төдий болжээ. Вангийн хатад, гүнгийн авгай нар аль олон ирсэн боловч Фөн Же очиж уулзан ярилцаж чадалгүй доор мунгинана. Үүнийг нь дуудтал, тэр нь үгүй болж, хэсэг зуур уцаарлаж байтал бас нэг нь гуйна. Энийг нь эвлүүлж, тэрийг нь аргалж өнгөрөөнө. Ийнхүү тэвдсээр Юань Ян нарт тоогдох байтугай өөрөө дэн дун байлаа.

Шин Фүрэнь хэдий том хөвгүүний эхнэр боловч “Эмгэнэн гашуудвал даруй элбэрэл” гэсэн дөрвөн үгийн ачаар төдий л ойшоосон ч үгүй. Ван Фүрэнь арга буюу Шин Фүрэнийг дагаж үйлдэх тул бусдыг нэн ч хэлэх газаргүй. Ли Вань ганцаараа Фөн Жегийн зовлонг мэдэж байгаа боловч түүний өмнөөс бусадтай юм ярьж чадахгүй болохоор дэмий л шүүрс алдана.

-Ерийн үгэнд “Эврийн хүчинд буга данхайна” гэдэгчлэн Фөн Же байгаагүй бол тэд тайтай нарт туслах уу. Гуравдугаар авхай байсан бол бас чадна. Одоо тэр хэдхэн зарц дэмий л мунгинаж зарим нь бас нэг ч зоос олж үзсэнгүй. Нүүрээ баржээ хэмээн хойгуур урдуур гомдол ярьж явна. Лаое бол ганц гашуудахыг мэдээд, гэрийн явдлыг мэдэх ч үгүй юм. Ийм нэг явдалд зоос их зарахгүй яаж болох вэ. Хөөрхий хэдэн жил чармайгаад, одоо Лао тайтайгийн явдал дээр нэр нүүр авч гарч чадахгүй байхаа гэж бачимдана. Тэгээд зарцаа дуудан авчраад: “Та нар битгий хүн дууриаж Лянь Эр найнайгаа зовоогоод бай. Бэлбэсэрч чандрыг сахивал их хэрэг дуусна. Хэдэн өдрийг аргацааж байгаад л өнгөрөөчихвөл болно гэж бодож болохгүй. Хаа хүч хүрэхгүй бол тэнд очиж тусал. Энэ бол нийтийн явдал учраас бүгдээр хүч гаргах хэрэгтэй гэсэнд түүнийг дагадаг бүх хүн хүлээж авав. Тэд “Их найнайгийн үг маш зөв. Бид тийм ааш гаргахгүй. Юань Ян эгч нарын үгэнд, Лянь Эр найнайг зэмлэсэн үг их сонсогдлоо” гэцгээв. Ли Вань:

-Юань Янд би хэлсээн. Лао тайтайгийн явдалд Лянь Эр найнай хөдлөхгүй байгаа юм биш. Түүний гарт мөнгө алга. Гурил ч үгүй, мах ч үгүй хоол яаж хийнэ вэ. Одоо Юань Ян ч мэдээд зэмлэхээ больсон. Гэтэл Юань Янгийн байдал угийнхтайгаа адилгүй болсон нь жигтэй юм. Лао тайтай, түүнд хайртай байсан, түр зуур ч аашилж байгаагүй. Одоо Лао тайтай бие бараад түшиггүй болсон байтлаа ааш нь харин баахан аанай боллоо. Би түүний төлөө зовж байсан юм. Энэ удаа харин их Лаое гэртээ байхгүй таараад түүнээс мултарлаа даа. Үгүй бол тэр ямар арга байна гэв.

Ийн ярилцаж байтал Жя Лань ирээд: “Ээж одоо унт. Өдөр турш олон хүн цуваад ядарчихлаа. Амар амар. Би энэ хэдэн өдөр ном бичиг огт барьсангүй. Өнөөдөр өвөг аав намайг гэртээ унт гэсэнд би их баярлалаа. Нэг хоёр дэвтрийг уншвал сайн юмсан. Энэ бэлэвсрэл дуусахыг хүлээвэл цөмийг мартах байхаа” гэсэнд Ли Вань “Бичиг үзэх чинь яриангүй сайн явдал шүү, хүү минь! Өнөөдөр байтугай Лао тайтайгаа оршуулсан хойно үз дээ” гэв. Жя Лань “Ээжийг унтвал, би хөнжил дотроо хэвтээд бодъё” гэсэнд хүмүүс “Сайн агь! Өдий бага байж, зав л гарвал ном бичгээ бодож байна. Тэгэхэд Бао Эр Еэ гэрлэчихээд хүүхэд шиг аашилна. Энэ хэдэн өдөр Лаоег даган сөгдөж байхыг нь харвал тэр их зовиуртай байна. Лаоег босмогц, даруй эр найнайг эрж олоод шивэр авир гэж юм ярина. Юу ч ярьж байгаа юм хэн мэдэх вэ. Эл найнай хайхрахгүй бол Бао Чинь охиныг бараадна. Бао Чинь охин түүнээс зайлж, Шин охин түүнтэй юм ярих дургүй болсон. Манай төрлийн Ши охин, бас тэр Сы охин л ах, ах гээд дотно байна. Бао Эр Еэ эмс охидтой хутгалдахаас өөр явдалгүйгээ бодохгүй юм. Түүнийг өдий хүртэл их санаж ирсэн Лао тайтайгийн сэтгэлийг газар хаяжээ. Тэр Лань агийн чигчий хуруунд ч хүрэхгүй. Их найнай хожим зовохгүй байхаа” гэцгээнэ. Ли Вань:

-Хэдий сайн гэвч энэ чинь бага байна шүү. Үүнийг том болоход манай гэр ямар болохыг мэдэхгүй. Та нарын үзэхээр Жя Хуань ямар вэ гэж асуув. Цаадуул нь:

-Тэр нэн ч олиггүй. Хоёр нүд нь сармагчных шиг өлбөлзөнө. Хэдий тэнд бэлэвсрэлд уйлж байвч эмс охидын ирэхийг хараад хөшигний цаана орж хулгай нүдээр харахаас буцахгүй гэцгээв. Ли Вань:

-Түүний нас багагүй болжээ. Түүнд гэргий хэлэлцэх сураг сонсогдож байсан. Одоо бас хүлээх явдал боллоо. Өөр бас нэг явдал байна. Манай гэрийн хүмүүс чухам хэдий хэр юм бол би мэдэхгүй. Дэмий ярихаа больё. Нөгөөдөр шарил хөдөөлүүлэх үед хэрэглэх тэрэг унаа чинь яаж байгаа вэ гэсэнд хүмүүс:

-Лянь Эр найнай энэ хэдэн өдөр сүнсээ алдсан мэт болоод одоо хүртэл чимээгүй. Өчигдөр гадуур бүсгүйчүүд ярих нь, Лянь Эр Еэ, Жя Чян Эр Еэд: “манай гэрийн тэрэг хүрэхгүй. Тэрэг баригч ч цөөн болсон тул төрөл саднаасаа зээлж хэрэглэнэ гэж байсан’… гэтэл Ли Вань инээж: “Тэргийг бас бусдаас гуйх нуу” гэсэнд цаадуул нь:

-Яагаад бусдаас тэрэг авч болохгүй байхав. Тэр өдөр төрөл садангийнхан ч тэргээ хэрэглэх тул зээлээд ч олдохгүй байж мэднэ. Тэгэхээр хөлслөх л хэрэг болно… гэсэнд Ли Вань:

-Доорх хүмүүсийн тэргийг хөлслөхөөс аргагүй. Дээрх хүмүүсийн цагаалах тэргийг ч хөлслөх хүн байна уу гэсэнд цаадуул нь:

-Одоо Их тайтай, зүүн ордны их найнай, Шяо Рун найнай нар цөм тэрэггүй болсон тул хөлслөхгүй яана гэв. Ли Вань энэ үгийг сонсоод шүүрс алдаж:

-Урьд манай гэрийн тайтай, найнай нар хөлсний тэргэнд сууж ирвэл бид элэглэдэг байлаа. Одоо маний ээлж болжээ. Чи маргааш нөхөртөө, тэрэг унаагаа эртхэн бэлдэгтүн. Шахцалдахгүй сайн болж гэж хэлээрэй гэв.

Энэ үед Шы Шян Юний нөхөр өвчтэй болсон тул арай гэж Жя Мүг нас болсон хойно нэг удаа ирээд, одоо хөдөөлүүлэхэд нь ирэхгүй байж болохгүй болов. Нөхрийн өвчин сүрьеэ болжээ. Шян Юнь арай гэж нэг өнгө зүстэй, эрдэмтэй, ааш зан сайтай хүн олж автал ийм ёрын өвчин олж, үхэхээ хүлээн хэвтэх болсныг санан, муу заяандаа гомдон гасалж хагас шөнө уйлав. Юань Ян дахин давтан ятгасан ч болоогүй. Бао Юй хараад уяран эмгэнэсэн боловч очиж ятгахад арай эвгүй байжээ. Түүний оо энгэсэг түрхэлгүй, цулгай хувцас өмссөнийг үзвэл, охин байснаасаа хэдэн хувь дээр болжээ. Бусдыг нь харвал Бао Чинь нар ч цөмөөр ерийн цулгай хувцас өмссөн тул өнгө зүс нь нэн сайхан харагдав. Харин Бао Чайгийн хээнцэр ганган нь эдэнтэй таарахгүй байв. Тэгээд дотроо, эртний хүн, түмэн цэцэг мянган өнгөөр мяралзавч тэргүүлэгч цэцэг оройлно гэнэ. Энэ нь зөвхөн тэргүүлэгч цэцгийн эрт дэлгэрдгийг хэлснээр зогсохгүй, түүний тэр ”Ариун цагаан, анхилмал сайханд” хүрэх нь үнэхээр ховор ажээ. Тийн гэвч энэ хэр Линь охин дүү амьд байгаад бас ийнхүү хувцасласан бол хичнээн сайхан харагдахыг мэдэхгүй хэмээн бодмогц элэг зүрх нь эрхгүй шимшрэн, нулимс унагаж, Жя Мүгийн явдлаар шалтаглан дуу тавин уйлав. Хүмүүс Шян Юнийг аргадаж байтал хажуугийн өрөөнд бас нэг уйлагч нэмэгдсэн тул тэр хоёрын нулимас тусдаа шалтгаантай байсныг хэн мэднэ вэ! Харин тэд Жя Мүгийн тэднийг санаж ирсэн сайныг санаад л эмгэнэн зовж байна гэж бодоцгоожээ. Гэр дүүрэн хүн түүнийг дагаад уйлсанд Шюэ Има, Ли худгуй хоёр зогсоов.

Маргааш нь сахиж хонох өдөр тул хөл үймээн их болов. Фөн Же энэ өдөр тэсвэрлэхүйеэ бэрх байсан боловч аргагүй л хэр чадлаа шавхаж, хоолойгоо сөөтөл хашгирсаар хагас өдрийг өнгөрөөв. Үдээс хойш төрөл садан улам олширч ажил улам их болж ‘Хонхондоо ч үгүй, тамруундаа ч үгүй’ мунгинаж байтал нэг инж гүйн ирж ”Эр найнай энд байсан аж. Их тайтай Эр найнайд дотор хүн олныг зочилж завдахгүй байхад яваад амарчээ гэсэн нь худал байна” гэв. Энэ үгийг сонсоод Фөн Же дээш бадарсан уураа доош дартал нулимас нь урсан, нүд нь харанхуйлаад, хоолойд нь цус амтагдмагц цусаар гулиган зогсож чадалгүй тунтархилан унав. Пин Эр завдан түшин авав. Фөн Жегийн амаар улаан цус олгойдов. Амь нас нь аль тийш болсныг дараах бүлэгт үзэгтүн!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж