Оюутолгойг Д.Дамба-Очир, Эрдэнэтийг Я.Санжмятав

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Оюутолгойг Д.Дамба-Очир, Эрдэнэтийг Я.Санжмятав

Оюутолгойг Д.Дамба-Очир, Эрдэнэтийг Я.Санжмятав

Уул уурхайн салбар нь экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүн дотроо, зэс, нүүрсний үйлдвэрүүд, тэр тусмаа Эрдэнэт, Оюутолгой бол топ татвар төлөгчид билээ. Гэвч, уул уурхайгаас улсын төсөвт орж ирж буй орлогын дийлэнхийг бүрдүүлж яваа Эрдэнэт, Оюутолгой тойрсон улс төр улам ширүүсч байна.


Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөдөлгөсөн, Дубайн гэрээг байгуулсан хоёр ч Ерөнхий сайд, нэг Сангийн сайдаа АТГ-аас “дахин нэг гэмт хэрэг хийж болзошгүй” гэх үндэслэлээр цагдан хорьсон нь дэлхийд дахины анхаарлыг татаж байна. АТГ-аас явуулж байгаа сүр дуулиантай баривчилгааны мөрөөр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ байгуулсан бөгөөд ахлагч нь Д.Дамба-Очир. Лүнгийн замын асуудлаар багагүй шүүмжлүүлдэг тэрбээр Оюутолгойн гэрээн дээр хариуцлагатай хандахаа нүүр номын хуудсаараа дамжуулсан нь гурван мянган хүн “таалагджээ”.

Өөрөөр хэлбэл, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хийсэн гэрээг Д.Дамба-Очироор ахлуулсан ажлын хэсгийнхэн тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Д.Тэрбишдавга, О.Баасанхүү, А.Ундраа нарын гишүүд шалгахаар болсон гэсэн үг.  Гэхдээ ямар ч байсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахгүй гэдгээ мэдэгдээд буй. Харин Оюутолгойн асуудлаар хоригдож байгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарын зүгээс энэ дуулиан эдийн засагт маш муу үр дагавартайг,ингэснээрээ Монгол гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж байгааг сануулсан бол  энэ үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг М.Энхсайхан нарын эдийн засагчдын зүгээс анхааруулж буй.

Д.Дамба-Очир нь Эдийн засгийн байнгын хорооны дарга. УИХ-д хоёр удаа сонгогдож буй. Үүний өмнө “Очир Холдинг”-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байсан. 2014 онд МАН-ынхан АН-ын засагт  найман сар “толгой хоргодох” үед Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байв. “Очир Холдинг” компани нь 13 настай охин амиа алдсан “Очир” зочид буудалтай холбоотой гэсэн дуулианд ч холбогдож байв. Автоматжуулалтын инженер  мэргэжилтэй.

Эрдэнэтийн ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

 Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж зээлсэн гэх хэргийн эзэн Ш.Батхүүг барьж хорьсон бөгөөд эдгээр хэрэг явдал улс төрийн хүрээний анхаарлыг татаад олон жил болсон.

 Анх 2013 онд буюу Ардчилсан намын үед  “Эрдэнэт”-ийг Стандарт банкны барьцаанд тавьсан гэх хэрэг илэрч, Ш.Батхүүд гарын үсэг өгсөн эрх мэдэлтнүүд нь Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар байсан талаар шуугиан дэгдэж байв.

Ш.Батхүү “Эрдэнэт”-ийг барьцаанд тавихдаа бусдын гарын үсгийг хуурамчаар дуурайлгасан уу, эсвэл үнэхээр Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар түүнд батлан даалт хийж өгсөн үү.

“Эрдэнэт”-д Стандарт банкид 51 сая ам.доллар төлөх болсон нь Ш.Батхүүгийн хэлснээр хэн нэгэн буруутай юу гэхчилэн, баримт, нотолгоо тайлбар шаардсан энэ хэрэгт олон эзэнгүй асуулт үлдээд буй агаад үүнийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Я.Санжмятавыг ахлагчаар нь тавьжээ. Дэд нь Т.Аюурсайхан.  Я.Санжмятав нь УИХ-ын дэд дарга. 1981 онд Дархан хотын политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр төгсжээ.

Ийнхүү улсын төсвийг бүрдүүлэгч гол хоёр том үйлдвэрийн асуудал УИХ дээр яригдахаар болж байна. Энэ нь эдийн засагт ямар үр дагавар авчрахыг хэлж мэдэхгүй ч, эдгээр ажлын хэсгийнхэн ядаж л худлаа битгий попрохгүй байгаасай л гэж найдъя.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж