Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

"Бандаашаа тат", УИХ

Никитон хамтлагийн алдартай нэгэн дуу байдаг. “Цамцаа тайл хонгор минь, цас бороонд жиндэхгүй, Цангаж гандсан хүслийг минь, цайгаар биш хураар тэтгээч…” гэх үгтэй “Цамцаа тайл” дуу.  Энэ дууг манай УИХ-ын гишүүд эрхбиш сонсч байсан байлгүй.

 “УИХ, бандаашаа татаач” гэж ард түмэн шаардсаар байгаа. Даанч, манай парламент хуулийн мухардалд оржээ. Тэд “өдөр ч биш, шөнө ч биш,  хувцастай ч биш, хувцасгүй ч биш” шийдвэр гаргах гээд дүлэгнэж суугаа бололтой.

МАН-аас Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулга, Ардчилсан намаас Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат нар хүчин, хүчирхийллийн хэрэгт  холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн.  Тэдний асуудал УИХ дээр хуулийн мухардалд ороод байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Байнгын хорооны хуралдаан дээр мэдээлсэн. Хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд Д.Гантулга гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэнэ гэдгээ мэдэгдсэн. Харин Д.Муратын хувьд энэ хэрэгт прокуророос яллагдагчаар татсан талаар НПГ-ын хяналтын прокурор Г.Бясман сэтгүүлчдэд мэдээлсэн.

Монголын төр дээд, хууль тогтоох байгууллагын нэр хүндтэй холбоотой эл асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь олонхын бүлэгтэй шууд хамааралтай.  Тэд энэ мухардлаас гарахын тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн хэлжээ. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна Д.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ахалж байгаа.

УИХ-ын хүрээнд Д.Гантулгатай холбоотой хэрэгт зөвхөн “гишүүнээс түдгэлзэх” гэх асуудалд ач холбогдол өгч буй. Д.Гантулга гишүүнээсээ түдгэлзсэн тохиолдолд тэнд нөхөн сонгууль явагдахгүй, энэ мэтээр аргацаасаар 2020 онтой золгох тактик олонхын зүгээс барьж байгаа нь илэрхий болжээ.  Хэрэв Хэнтийнд нөхөн сонгууль явуулбал, Ардын нам ч, Ардчилсан нам ч адилхан ялагдал хүлээнэ.  Эрх барьж байгаа болон сөрөг хүчний рейтинг нийлээд  дөнгөж 30 хэдэн хувьтай, аль аль намд шинэчлэл нэрээр эрх мэдлийн хуваарилалт хийгдсэн, хуваагдал талцал нь одоо ч дотроо ил цагаан өрнөж буй.

Д.Гантулга гишүүнийг яагаад эргүүлэн татаж болохгүй вэ. Энэ асуултын хариулт яван явсаар нөгөө л Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбогдоно. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдож, хуулийн хаалга татахад хүрээд буй Д.Гантулгатай ч, Д.Муратай ч, ажилдаа ирдэггүй Б.Наранхүүтэй ч хариуцлага тооцоход бэрх.

Харин энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийг эргүүлэн татах асуудлыг суулгах, сонгуулиа пропорциональ системээр явуулснаар  нам өөрсдөө хэрэгт холбогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцох боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль явуулж суудлаа алдана гэсэн айдасгүйгээр хэрэгт холбогдсон гишүүдээ эргүүлэн татаж , өөр хүн оруулж ирэх боломж бүрдэнэ гэсэн үг. Тодруулбал, 2012 онд чуулганы танхимд АН-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадсан одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхнэрээ эмчлүүлэхээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, оронд нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орж ирж байсан юм.

Мэдээж, хэрэгт холбогдсон, намын болон бүлгийн нэр хүндэд нь халдаж яваа Д.Гантулга, Д.Мурат хоёроо хөөгөөд явуулах сонирхол аль, аль намд байгаа. Гол нь түдгэлзүүлэх нэрээр цаг хожих л арга эрэлхийлж буй нь жижиг мажаритор системийн үр дагавар ч гэж хэлж болно. 2012 оны сонгуулийн системээсээ ухарсан нь АН-ын алдаа хийгээд үүнийхээ хариуд ч тэд өнөөдөр гудамжинд лааз өшиглөж яваа билээ.

Хуулийн мухардалд орсон УИХ энэ асуудлаас гарах арга сүвэгчлэх зай ч байна, лай ч байна гэж суугаа бололтой.  Үнэндээ бол, МАН, ‘бандаашаа татах’-ын тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр арга  зам байхгүй гэдгийг сайн мэдэж байгаа учраас тэд цаг хожиж байгаа хэрэг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж