"Тагтаа" утга зохиолын шагнал зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

"Тагтаа" утга зохиолын шагнал зарлагдлаа

"Тагтаа" утга зохиолын шагнал зарлагдлаа

“Гэгээн шувуу” утга зохиолын сангаас үндэсний утга зохиолын чанар чансааг дээшлүүлэх, үндэсний уран зохиолын нэр хүнд, хүртээмжийг дотооддоо болон олон улсад өргөн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан дэм болох зорилготойгоор ‘ТАГТАА’ шилдэг бүтээлийн уралдаан, утга зохиолын шагналыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ шагнал нь залуу уран бүтээлчдийн уран бүтээл туурвих боломж бололцоогоор хангах, тэдний зохиол бүтээлийг олон нийтэд хүргэх, уран зохиолын шигшмэл сайн бүтээлийг шилж сонгоход жишиг тогтоох, залуусын уран бүтээлийн өсөл хөгжилтөд дэмжлэг үзүүлж өөрийн бие даасан бүтээлтэй болоход туслах, цаашлаад хэвлэлийн газрынхаа үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ч гарцуудыг нээж өгөх олон талт зорилготой юм.

‘Тагтаа’ утга зохиолын шагнал зохион байгуулагдсан анхны жилээсээ л маш өргөн цар хүрээтэй байж, залуу уран бүтээлчдэд хүрсэн үр өгөөжийн хувьд ч тэмдэглүүштэй олон сайхан үйл явдлыг дагуулсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Жишээлбэл, өнгөрөгч онд уг шагналыг сунгаанд 120 яруу найрагч, 93 зохиолч, 46 орчуулагч бүтээлээ ирүүлж өрсөлдсөн юм. Үүнээс өгүүллэгийн төрөлд тэргүүлсэн Б.Батзаяа өөрийн яруу найргийн түүврийг ‘Тагтаа Паблишинг’ компанийн нэр дээрээс хэвлүүлж уншигчдад хүргэсэн бол орчуулгын төрөлд дэд байр эзэлсэн Б.Сувддулам ‘Тагтаа Паблишинг’ компанитай хамтран ажиллаж Канадын зохиолч Янн Мартелын ‘Пигийн амьдрал’ роман, Францын зохиолч Франсуаза Саганы ‘Сайн уу, Гуниг минь’ бэсрэг романыг орчуулсан нь оны шилдэг бүтээл шалгаруулах ‘Алтан өд’ шагналыг шилдэг орчуулгын төрөлд хүртсэн билээ. Энэ жилийн ‘ТАГТАА’ утга зохиолын шагнал нь ‘Гэгээн шувуу’ сангийн албан ёсны нээлттэй давхцаж, дотоодын уран зохиолын үнэ цэнийг өсгөх, залуу уран бүтээлчдийг гадаад ертөнцтэй холбох үйл ажиллагааны эхлэлтэй нэгэн дор тохиож буйгаараа онцлогтой. Тиймээс ч энэ удаагийн шагналын үйл ажиллагааг утга зохиолын салбарын залуу уран бүтээлчдийн чуулсан томхон өдөрлөг болгон тэмдэглэхээр бэлтгэж байна.

Бид уралдаан ирүүлж буй бүтээлийг сарын турш хүлээн авч, уран зохиолын мэргэжлийн судлаач шүүмжлэгч, зохиолч, яруу найрагчдаар дэнслүүлж, шүүлтийн явцыг олон нийтэд ил тод хүргэн ажиллах юм байна.

‘ТАГТАА УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛ 2018’-Д БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

Яруу найраг

Уралдаанд оролцогч дараах шалгуурыг хангасан өөрийн ГУРВАН шүлгийг уралдаанд ирүүлнэ.

– Ном, сонин, сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд өмнө нь хэвлэгдэж түгж байгаагүй.
– Монголд зохиогддог томоохон яруу найргийн уншлага, тэмцээнд өмнө оролцож, уншигдаж байгаагүй.
– А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 форматаар шивсэн байх.

Өгүүллэг

Уралдаанд оролцогч дараах шалгуурыг хангасан өөрийн бичсэн НЭГ өгүүллэгийг уралдаанд ирүүлнэ.

– Ном, сонин, сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд өмнө нь хэвлэгдэж түгж байгаагүй.
– Монголд зохиогддог үргэлжилсэн үгийн ямар нэгэн уралдаан тэмцээнд өмнө нь оролцож, уншигдаж байгаагүй.
– А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 форматаар шивсэн байх.
– Өгүүллэгийн хэмжээ 5-10 нүүр байх.

Орчуулгын бүтээл

Уралдаанд оролцогч дараах шалгуурыг хангасан дурын гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулсан НЭГ өгүүллэгийг уралдаанд ирүүлнэ.

– Ном, сонин, сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд өмнө нь хэвлэгдэж түгж байгаагүй.
– Монголд зохиогддог утга зохиолын орчуулгын ямар нэгэн уралдаан тэмцээнд өмнө нь оролцож байгаагүй.
– А4 дээр Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 форматаар шивсэн байх.

ШАГНАЛЫН САН

Шилдэг яруу найргийн бүтээлийн шагнал

– Цом, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
– ‘Тагтаа Паблишинг’ компанитай хамтран ажиллах боломж

Шилдэг өгүүллэгийн бүтээлийн шагнал

– Цом, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
– ‘Тагтаа Паблишинг’ компанитай хамтран ажиллах боломж

Шилдэг орчуулгын бүтээлийн шагнал

– Цом, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
– ‘Тагтаа Паблишинг’ компанитай хамтран ажиллах боломж

ШАГНАЛ ГАРДУУЛАХ

‘Тагтаа’ утга зохиолын шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр дээрх гурван төрлөөс тус бүр НЭГ шилдэг бүтээлийг тодруулан зарлаж, бүтээлийн эздэд шагнал гардуулна.

Уралдааны эхний шалгаруулалтын шилдэг бүтээлүүдийг www.tagtaa.mn цахим хуудсанд бүрэн эхээр нийтэлж олны хүртээл болгоно.

Шагнал гардуулах ёслолын үеэр утга зохиолын өдөрлөг, хэлэлцүүлэг, зочин илтгэгчийн уран зохиолын тухай илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг шүлгийн эзэд шүлгээ унших болно.

БҮРТГЭЛ

-Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2018.04.20-ны өдрийг дуустал хүлээж авна.
-Оролцогч уралдааны шаардлага хангасан өөрийн бүтээлийг byambanyam@tagtaa.mnимэйл хаягаар WORD хэлбэрээр цахимаар илгээнэ.
-Оролцогч бүр уралдаанд явуулж буй бүтээлийн эхний хуудсан дээр дараах мэдээллийг заавал оруулсан байна:

– Оролцогчийн овог, нэр
– Регистрийн дугаар
– Холбоо барих утасны дугаар
– Email хаяг
– Оролцож буй уралдааны төрөл
– Орчуулгын төрөлд өгүүллэг илгээж буй оролцогч тухайн өгүүллэгийн зохиогчийн нэр, бүтээлийн нэр болон ямар хэлнээс орчуулсныг заавал бичнэ. Мөн орчуулсан бүтээлийнхээ эх зохиолыг хавсарган илгээнэ.

Уралдаанд тавигдах бүтээлийн шаардлага хангаагүй, бүртгэлийн хугацаанаас хоцорч ирүүлсэн аливаа бүтээлийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж