Мухардалд орсон хуулиа хэрхэн өөрчлөхөөр болов?

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Мухардалд орсон хуулиа хэрхэн өөрчлөхөөр болов?

Мухардалд орсон хуулиа хэрхэн өөрчлөхөөр болов?

УИХ-ын гишүүн  Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна. 

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөх эсэх, ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байгааг Д.Лүндээжанцан гишүүнээс тодрууллаа. 

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслээд хуучин үйлчилж ирсэн ‘Гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт’, ‘УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална’ гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэх зохицуулалт хийж өгсөн. Энэ хоёр нийлээд бүрэн зохицуулалт болно гэж бид үзэж байна” гэв. Хүмүүс болохоор “хэргийн газар нотлох баримттай баривчлагдсанаас бусад тохиолдолд” гэдэг хүчингүй заалтыг буцааж оруулж ирлээ гэж хардаж байгаа. Тийм зүйл байхгүй’ гэв.  Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй ямар нэг байдлаар зөрчилдөхгүй гэдгийг тодотгосон юм. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “судалж” гэсний дараа “санал, дүгнэлт гарган” гэж нэмсүгэй.

 

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

 

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

 

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.”

 

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн “6.9.1-д” гэснийг “6.9.1, 6.9.2-т” гэж тус тус өөрчилсүгэй.

 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2018 оны … дүгээр сарын … -ны  өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж