ОХУ Сири рүү тусгай хүчин илгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

ОХУ Сири рүү тусгай хүчин илгээжээ

ОХУ Сири рүү тусгай хүчин илгээжээ

Химийн халдлага гарсан гэж талцаж буй Сирийн нийслэл Дамаск хотоос зүүн хойд зүгт байрлах Дума хот руу ОХУ-ын арми цэргийн тусгай хүчнийг илгээсэн талаар Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

ОХУ-ын армийн тусгай хүчин Дума хотыг Исламын Улс алан хядагч бүлэглэлээс чөлөөлсний дараа тус хотод аюулгүй байдлыг сахиулахаар ажиллаж байгаа ажээ.

Сирийн армийн цэргүүд Исламын Улс алан хядагч бүлэглэлийн хяналтад байсан Дума хотыг чөлөөлж Дамаск хотын зүүн Гута мужид хяналтаа бүрэн тогтоосон талаар Сири дэх ОХУ-ын энхтайван, аюулгүй байдлыг сахиулах төвийн тэргүүн Юрий Евтушенко мэдэгдсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд хүмүүнлэгийн коридороор Дума хотоос Исламын Улс бүлэглэлийн 1500 орчим босогч гарчээ. Дөрөвдүгээр сарын байдлаар Дума хотоос нийт 13500 орчим босогч дүрвэн гарч, хотод үймээн самуун намжиж байгаа гэнэ.

АНУ Сирид ойрын хугацаанд цохилт өгнө хэмээн анхааруулсны дараа Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассад АНУ-ын энэ алхам бүс нутгийн тогтворгүй байдлыг улам дордуулна хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Дума хотын босогчид Сирийн Засгийн газрыг химийн халдлага явуулж, 40 гаруй хүнийг хордуулж, хөнөөсөн хэмээн мэдэгдсэн.  Энэ мэдээлэл цацагдсаны дараа АНУ болон барууны орнууд Сирийн Засгийн газрыг буруутгаж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Гэвч Сирийн Засгийн газар энэхүү мэдээллийг худал ташаа хэмээн мэдэгдэж, химийн зэвсэг хэрэглээгүй гэсэн билээ.

Эх сурвалж: Xinhuanet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж