“Сурагчид ЭЕШ-д бага оноо авбал төр хариуцлага хүлээ”

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

“Сурагчид ЭЕШ-д бага оноо авбал төр хариуцлага хүлээ”

“Сурагчид ЭЕШ-д бага оноо авбал төр хариуцлага хүлээ”

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 16-нд эхэлнэ. Сурагчдын хувьд хамгийн чухал үйл явдал тохиоход богино хугацаа үлдээд байхад багш нар ажил хаяхад хүрээд байна. Өнөөдөр /2018.4.13/ Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт багш нарын цалинг 50 хүртэлх хувиар нэмүүлэх шаардлага хүргүүлж буйгаа дуулгав. Мөн шаардлагын хариуг энэ сарын 20-ноос өмнө ирүүлэхгүй бол тавдугаар сарын 1-нд хугацаагүй ажил хаяж, улмаар тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ. Энэ үеэр тус хорооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэрэндолгороос энэ талаар тодрууллаа.

-ЭЕШ удахгүй болох гэж байна. Энэ үед багш нар ажил хаях нь сурагчдын оноонд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Бусдын хүүхдийн төлөө ажилладаг бид 08.00 -20.00 цаг хүртэл зүтгэдэг ч бага цалин авдаг. Цалингаа нэмүүлэхээр бид 2017 оны аравдугаар сараас эхлэн тэмцсэн. Тэмцлийн үр дүнг хангалттай хүлээлээ. Ажил хаяж, тэмцлийн өөр хэлбэрт шилжихээс өөр арга алга. Ажил хаялтаас үүсэх үр дүнг төр хариуцна. Өнөөдрийг хүртэл төр багш нарын асуудлыг хөсөр хаяж чадсан. Одоо сурагчид ЭЕШ-д бага оноо авбал  хариуцлагыг нь төр л хүлээх ёстой

-Таны авч буй цалин болон сэтгүүлчдийн цалин адил. Гэхдээ сэтгүүлчид цалингаа нэмүүлэхээр ингэж тэмцэж байгаагүй. Багш нар авч буй цалиндаа дүйцэхээр ёс зүйтэй, чадвартай байж чадаж байна уу?

-Олон улсад бидэнтэй ижил ажил хийдэг хүмүүс 1.6 сая төгрөгийн цалин авч байна. Тиймээс 2019 он хүртэл монголын багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. Үүний дагуу бидний цалин 2018 оны нэгдүгээр сард бидний цалин 50 хувь нэмэгдсэн байх ёстой. Тиймээс бид эхний ээлжид 50 хувийн төлөө тэмцэж байна. Одоогоор  миний цалин 575 мянган төгрөг ч, нийгмийн даатгал зэрэг шимтгэлээ хасуулаад 400 гаруй мянган төгрөг авдаг.

-Ажил хаялт хуулийн дагуу байж чадах уу?

-47 мянга гаруй хүн боловсролын салбарт ажиллаж байна. Үүнэээс 42700  нь багш. Эдгээр багш нарыг хамгаалах ёстой байгууллага нь 100 жилийн түүхтэй Монголын үйлдвэрчний эвлэл. Бид тэдэнд мөнгөө төлсөн болохоор тэд биднийг дэмжин ажиллах ёстой. Бидний үйлдлийг бүх талаар дэмжин ажиллахыг шаардана. Тэмцэл, ажил хаялт бүх зүйл хуулийн дагуу байх болно.  

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж