"Зорилготойгоор гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгнө"

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

"Зорилготойгоор гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгнө"

"Зорилготойгоор гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгнө"

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Түүнийг Мобиком корпорацид давуу эрх олгосон гэсэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын мэдээллийг үгүйсгэсэн юм. 

Өнгөрсөн долоо хоногт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын УЗ-ын дарга Х.Бат-Ялалт, Сэтгүүлч М.Наранбаатар нар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байх үед “Мобиком” корпорацид давуу эрх олгосон гэсэн  мэдээлэл хийсэн юм. Энэ мэдээлэл илт гүтгэлэгийн шинж чанартай гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдэгдэв. 

Миний бие ЗГХЭГ-ын дарга байхдаа Монгол Улсад тулгамдаад байгаа нэг асуудлыг шийдсэн нь Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг сайжруулах зорилготой байсан. “Мобиком” корпорацитай холбоотой үүссэн асуудал бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх транзит тээврийн зөвшөөрөл авсан “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Мобиком нэтворкс”, “Жем нэт” гэсэн гурван аж ахуй нэгж байсан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Мобиком нэрворкс” компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Энэ талаар 2017 оны гуравдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчлах үед Японы талаас гомдол тавьсан. Мөн Японы Элчин сайдын яамнаас Харилцаа холбооны зохицуулах хороог хууль зөрчсөн гэх гомдлыг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд ирүүлсэн. 

Дээрх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон ШӨХТГ-аас шалгаад, Харилцаа холбооны зохицуулах хороог эрх мэдлээ давуулсан гэх дүгнэлт гаргасан байдаг. Энэ бүх асуудлыг үндэслээд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмж хүргүүлнэ гэдэг бол албан даалгавар, тогтоол, тушаал биш. Зөвлөмжид Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эргэн нягталж үзэх, хуульд нийцсэн арга хэмжээ авахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдэд зөвлөсөн. Цаашдаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх, үйл ажиллагааг нь сайжруулах талаар зөвлөмж өгсөн. “Мобиком нэтворкс” компанид Харилцаа холбооны зохицуулах хороонд хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох баримтууд цуглуулахад дэмжлэг үзүүлээгүй, баримт бичгүүдээ гаргаж өгөх утгатай зөвлөмж хүргүүлсэн. Мөн манай зөвлөлийн үеэр хуралдаанаас гарсан шийдвэр бол зөвхөн зөвлөмж гаргах эрхтэй байгууллага.

Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал улс төрийн шинж агуулгатай байна гэж бодож байна. Хаврын улс төр эхэлж байгаа үед Ж.Мөнхбатыг хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн улс төрийн дайралт гэж дүгнэж байгаа. Хэвлэлийн хурлынхаа үеэр Х.Бат-Ялалт болон М.Наранбаатар нар буруу мэдээлэл иргэдэд өгсөн. Тодруулбал, энэ зөвлөмжөөр мобикомын хэрэглэгчдийн нууц, баримт материалыг Засгийн газарт гаргаж өгөхийг шаардсан гэсэн буруу мэдээлэл өгсөн. “Мобиком” компани Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Тэр баримтуудаа л гаргаж өгнө үү гэсэн зөвлөмжийг өгсөн.

Үүгээр ч зогсохгүй Хадгаламж банкны мөнгөөр казинод тоглосон, улсад 60,70 сая ам.долларын хохирол учруулсан гэж гүтгэн доромжилсон. Тиймээс би иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр, энэ мэдээллийг хийсэн хүмүүсийг холбогдох хуулийн байгууллагад өгч байна” гэв. 

Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Таны зааварчилгаагаар Шүүхийн шийдвэр, Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр хоёр нэг өдрийн дотор гарсан гэж байсан. Зөвлөмж өгчихөөд ямар үр дүн гарсныг эргээд мэдээлэх үүргийг та өгсөн үү? 

-Шүүхийн шийдвэр хэдэн сарын хэдний өдөр гарсныг, аль дүүргийн хэн гэдэг шүүгч ямар шийдвэр гаргасныг би мэдэхгүй. Тэр шийдвэрийг гаргасан шүүгч нартай амьдралдаа холбоогүй байж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдаад хамтын шийдвэр гаргадаг. Энэ бол хамтын шийдвэр. Хамтын шийдвэр гаргаад, зөвлөмж хүргүүлдэг. Заавал энийг биелүүл, хэрэгжүүл гэдэг даалгавар өгөөгүй гэсэн үг. 

-Мэдээлэл дээр төвлөрч байгаа хувийн хэвшлийн компаниудтай та ашиг сонирхол нэгдэх үү?

– “Мобиком” корпорацийн удирдлагууд ямар хүмүүс байдгийг би мэдэхгүй. Надад бол Японы элчин сайдын яам албан ёсоор хандсан. Мөн Японы Элчин сайд өөрийн биеэр уулзаж байсан. УИХ-ын даргыг өнгөрсөн оны гуравдугаар сард Японд айлчлах үеэр Японы талаас энэ асуудлыг нэлээд өндөр төвшинд тавьж байсан. Үүний үр дүнд зөвхөн “Мобиком” корпораци бус Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр нь Мэдээлэл холбооны сүлжээ компанийн эрхийг сэргээсэн. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж