Өмнөд Солонгосын цагдаа нар дахин нэг ууртай өв залгамжлагчийн хэргийг шалгаж эхэлсэн нь “Korean Air Lines” компанийн захирлын охин хүний нүүр рүү ус цацсан тухай гомдол гарснаас болжээ. “Korean Air” компанийн өв залгамжлагчийн самарны дуулиантай холбоотой хэрэг дөнгөж намжсаны дараа Өмнөд Солонгосын нүүр царай болсон олон улсын том компанийн өв залгамжлагчтай холбоотой дахин нэг дуулиан дэгдсэн ажээ.
“Korean Air Lines” компанийн дэд захирал Чо Хюн-мин компанийн зар сурталчилгаа хариуцсан менежерийн нүүр рүү ус цацсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа тэрбээр энэхүү болчимгүй үйлдлийнхээ төлөө уучлал гуйсан байна.
Фэйсбүүк хуудсаараа дамжуулан уучлал гуйхдаа Чо Хюн-мин болсон явдлын талаар огт дурсаагүй боловч компанийн төлөөлөгч тайлбарлахдаа түүнийг хүний нүүр рүү биш, шалан дээр ус цацсан гэсэн юм.
Чогийн эгч Хитер Чо 2014 онд Нью Йоркт тус компанийн онгоцны VIP өрөөний үйлчлэгчийг самар таваглаж өгөөгүйгээс болж галзууртлаа хилэгнэж, нислэгийн зурвас руу явж байсан онгоцыг хаалга руу буцахыг тушааснаас болж ихээхэн дуулиан тарьсан билээ. Түүнд шүүхээс нислэгийн хуулийг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр нэг жилийн ял оноосон боловч 2015 оны тавдугаар сард батлан даалтаар сулласан юм.
Өмнөд Солонгосын цагдаа нар Чо Хюн-минийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа боловч мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Харин “Korean Air” компанийн захирал Чо Ян-хо амралтаа авсан учраас болсон хэрэг явдлын талаар тайлбар хийгээгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters