Их Британид 18 жил боолчлогдсон гэрийн үйлчлэгчийг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Их Британид 18 жил боолчлогдсон гэрийн үйлчлэгчийг чөлөөлжээ

Их Британид 18 жил боолчлогдсон гэрийн үйлчлэгчийг чөлөөлжээ

Их Британийн нэгэн гэр бүлд хорь шахам жил боолчлогдож байсан Индонезийн гэрийн үйлчлэгч бүсгүйг цагдаа нар чөлөөлж, эх оронд нь буцаажээ.

Өдгөө 50 настай Парина Иксан Бинти Дулла өнгөрсөн лхагва гаригт /2018.04.11/ Жакарта хотын олон улсын нисэх буудалд газардсан байна. Тэрбээр 1999 онд Саудын Арабт гэрийн үйлчлэгчийн ажил хийхээр гэрээсээ явсан ажээ. Парина Саудын Араб айлд хэлний бэрхшээлээс болоод ажиллах боломжгүй болсон учраас ажил олгогч нь түүнийг 2000 оны эхээр Английн өмнөд хэсэгт нэгэн айлд гэрийн үйлчлэгчээр зуучилж өгчээ. Шинэ айл түүнийг гэрээс гарч гадуур явахыг хориглодог байсан бөгөөд 18 жилийн турш ямар ч цалин хөлс олгоогүй байна.

Тэрбээр гэрийн эздээс цалингаа нэхэж, гэртээ харимаар байна гэж хэлэх үед тэд цалинг нь банкинд хадгалж байгаа, гэртээ харих үед чинь өгнө гэж амыг нь тагладаг байсан гэнэ.

Парина өөрт нь тохиолдсон энэ хэрэг бусдад сургамж болох байх гэж найдаж буй ажээ.

Тэрбээр “Надад тохиолдсон энэ явдал гадаад орон руу гэрийн үйлчлэгчийн ажил хийхээр явах гэж буй охид эмэгтэйчүүдэд сургамж болно гэж найдаж байна. Хэрэв ажил олгогчид чинь цалинг чинь өгөхгүй, гэр рүү чинь буцаах сонирхолгүй байвал болгоомжтой байх хэрэгтэй” гэжээ.

Олон жил боолчлогдсоны эцэст Парина  өнгөрсөн нэгдүгээр сард тэр айлаас зугатааж, гэрийнхэндээ захидал бичсэн ажээ. Гэрийнхэн нь 2005 оноос хойш Паринагаас сураг сонсоогүй байсан тул захидал тэднийг цочирдуулсан байна. Тэд Лондон дахь Индонезийн Элчин сайдын яаманд хандаж тусламж хүсчээ. Индонезийн Элчин сайдын яам Британи айлын эзэдтэй холбогдсон боловч тэд Паринаг явуулахаас татгалзсан тул тэд орчин үеийн боолчлолын эсрэг байгууллагатай холбогдсоноор түүнийг сулласан байна.

Паринаг Жакартагийн онгоцны буудалд буухад гурван хүүхэд нь нүдэндээ нулимстай угтаж авчээ. Харин түүнийг хорь шахам жил боолчилж байсан Ойрхи Дорнодоос гаралтай гэр бүлийн эзэд болон хоёр хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэн, Их Британийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: the guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж