Тариалалтад 60 мянган тонн буудайн үр шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Тариалалтад 60 мянган тонн буудайн үр шаардлагатай

Тариалалтад 60 мянган тонн буудайн үр шаардлагатай

Хаврын дунд сар талдаа орж байна. Энэ улиралд хөдөө аж ахуйн, тэр дундаа газар тариалангийн салбарынхны гол ажил эхэлдэг. Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ жил хагас сая гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна. Үүнээс 408.9 мянган га талбайд үр тариа, 390.4 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ тариалах аж. Харин ургац хураалтын хувьд 538.4 тонн үр тариа, 518.7 мянган тонн улаан буудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ авахаар төлөвлөжээ. Үр тариа, тос, тэжээлийн ургамлын тариалалтыг 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж, иргэн гардан гүйцэтгэнэ. Харин төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 370 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаад буй. Мөн “Атрын III” аяныг үргэлжлүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар хаврын тариалалтад 3200 гаруй трактор, 2200 үрлүүр болон хөрс боловсруулах техник ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн засварын ажил 80 хувьтай үргэлжилж байна.

Энэ хаврын тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 24 мянган тонныг нөөцөлсөн бол тариалан эрхлэлтийг дэмжих санд 25.8 мянган тонн, ОБЕГ-ын улсын үрийн нөөцийн салбарт гурван мянган тонн гээд нийт 52.8 мянган тонн үрийн нөөц бүрджээ. Үр тариаг хугацаандаа багтаан суулгахгүй бол ургац оройтох эрсдэлтэй. Ялангуяа, улаан буудайн үрийг тавдугаар сарын эхээр суулгах ёстой бөгөөд хожимдвол буудайн болц оройтохыг тариаланчид сануулж буй. Гэхдээ цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан түр хойшлогдох тохиолдол гардаг. Учир нь улаанбуудайн үрийг д,%хүйтэнд суулгавал соёолдоггүй байна. Сүүлийн жилүүдэд хаврын тариалалт эхлэх үед хур тунадасны хэмжээ 5.6-12.4 хувиар буурч, ууршилт 3-4 дахин нэмэгдсэн. Цаашид ууршилтын хэмжээ 7-10 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд гэхэд зуны улиралд агаарт 31-40, хөрсөн дээр 46-68.2 хэм хүрч халсан. Энэ бол үр тариа ургах тохиромжтой температураас 5-14 хэмээр илүү гэсэн үг. Агаарт 30 хэмээс дээш халсан өдрийн тоо 15-22 хоног үргэлжилснээс болж ургац 30-50, зарим жилд 65-70 хувиар буурсан байгаа юм. Энэ мэтчилэн Монгол орны уур амьсгал хувьсан өөрчлөгдөж байгаа нь буудайн ургалтын эхэн үед төдий л нөлөөлөхгүй ч цэцэглэлт, үр цутгалтын үед олон хоног үргэлжлэн халах нь ургац огцом буурахад нөлөөлөх эрсдэлтэй.

Иймд хөрсний чийгийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болох хур тунадасыг хөрсөнд бүрэн шингээж хуримтлуулах, эрдэс бодис, шим бордоог системтэй хэрэглэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Шуа-ийн ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн газар тариалангийн секторын эрхлэгч, доктор Ж.Намбар “Сүүлийн жилүүдэд уриншаа чанаргүй боловсруулсан, үр сортын бодлого алдагдсан, тариалах агро технологийн доголдол, хөрсний үржил шим буурч байгаагаас ургацын хэмжээ болон чанар буурсаар байна. Улсын хэмжээнд хийсэн шинжилгээний дүнгээр нийт 579.3 мянган га талбайн хөрсний 76.3 хувь нь 2.5 хувиас бага ялзмагтай, ургамалд хурдан ашиглагдах шим тэжээлийн бодисын хангамж 50 гаруй хувиар доогуур байгаа юм. Тухайлбал, тогтвортой ургац авахад шаардагдах нитратын азотын агууламжаар нийт талбайн 59.7, фосфороор 42.3, калигаар 88.5 хувь нь дутагдаж байгаа нь манай тариалангийн хөрс хүнээр зүйрлэвэл өлсгөлөнд байгааг харуулж байна. одоогийн байдлаар ирэх саруудын цаг агаарын төлөв албан ёсоор гараагүй боловч тав, зургадугаар сард олон жилийн дунджийн орчим хур тунадастай байна. Гэхдээ цаг агаар халж мэдэхээр байгаа тул тариаланчид ган болно гэж урьдчилан тооцож, тариалах технологио талбай бүрээр боловсруулан мөрдөж ажиллах шаардлагатай” гэв. Цаг уурын үзүүлэлтээс харахад ирэх сард дунджаар 5-14 хэмийн дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй.

• Улсын хэмжээнд 52,8 мянган тонн үрийн нөөц бүрджээ.

•Жилийн энэ үед хур тунадасны хэмжээ 5.6-12.4 хувиар буурч, ууршилт 3-4 дахин нэмэгддэг болжээ.

• Хаврын тариалалтад 3200 гаруй трактор, 2200 үрлүүр болон хөрс боловсруулах техник ажиллуулна. харин зургадугаар сард 25 хэм хүртэл дулаарч, хур тунадас ихэнх нутгаар 8-28 мм, зарим нутгаар 29-46 мм орох төлөв гарчээ.

Уриншилсан талбайн ашигтай чийгийн нөөц Булганы тэшиг, Дорнодын халх гол, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Хушаат, Төв аймгийн Жаргалант, Хөвсгөлийн Эрдэнэбулганд хангалттай. Харин Архангайн Түвшрүүлэх, Булганы Хутаг-өндөр, Сэлэнгэ, Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур, Орхон, Зүүнбүрэн, Дархан-Уул аймгийн дөрөв, тавдугаар бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Баянчандмань, Хөвсгөлийн Тариаланд хөрсний чийгийн хэмжээ дундаж үзүүлэлттэй байна. Түүнчлэн Булганы Бүрэгхангай, Өвөр-Хангайн Хархорин, Сэлэнгийн Баруунхараа, Зүүнхараа, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэ-сант, Борнуур, Цээл, Хэнтийн Хурх, Биндэр, Яргайт, Орхоны Улаантолгойд хаврын тариалалт хийхэд цаг агаарын таатай нөхцөл бүрдээгүй байна

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж