Ирээдүйг өөрчлөх эко бизнес

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Ирээдүйг өөрчлөх эко бизнес

Ирээдүйг өөрчлөх эко бизнес

Хог хаягдалгүй бизнесийн зах зээл рүү гарааны компаниуд томчуудыг хошуучлан орж байна. Тэд эко хэрэглээг иргэдэд санал болгож, өөрсдөө органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц, боломж эрэлхийлэх болов. тэрчлэн өрхийн орлогоо хэмнэх, өөр зүйлд мөнгөө зарцуулах, хэрэглээг илүү ухаалаг байлгахад анхаарч байна. Өөрөөр хэлбэл, өрхийн төсөв алдагдалгүй, өр зээл тэр хэрээр бага байх боломжтойг энэ бизнес давхар хэлэх аж. Монголд шинэ тутам гэж хэлж болох уг төрлийн бизнест хөл тавьж буй компаниуд одоогоор гарын таван хуруунд багтахаар байгаа юм. Энэ бизнесийн онцлог нь хэрэглэгчээ өөрсдөө бэлдэж, тэдэнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг лангуун дээрээ өрөх явдал. хэрэглэгч нэгэнт бий болсон бол тэнд зах зээл байна гэсэн үг. Компаниуд үүнийг хэдийнэ ойлгож, сургалт, зөвлөгөөг бизнесийн нэг хэсэг болгон авч явж байна. Монголд энэ төрлийн бизнесийн анхдагчийн нэг нь “Био амьдрал” дэлгүүр. Хэрэглэгчдэд танигдаж эхэлж буй тус дэлгүүр өөрсдийн гарын доорх материалаар дэлгүүрээ тохижуулдаг. Тэдний сайн санаачилга бусдад халдварлаж, хаягдал цаас хүртэл “амилж” байна. Органик бараа худалдаа, сургалт, үйлчилгээний чиглэлээр ажилладаг тус дэлгүүр хог хаягдалгүй бизнесийг хөгжүүлж яваа гэж хэлж болно. Энэ бизнес нас залуу хэдий ч ирээдүйтэй гэдэгт олон хүн санал нэгддэг.

Гэхдээ улсын хөгжлийн эрэмбэ, эдийн засгийн чадамж, хүмүүсийн сэтгэлгээ, хандлага голлох нөлөө үзүүлсэн хэвээр байна. Тухайлбал, гялгар уутгүй бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр Монголд тун цөөн. Хэрэглэгчийн сонголт гялгар уут болтлоо хэвшсэн. Бараг л дэлгүүр болгон гялгар уутны хэрэглээг дэмжиж, орчны бохирдол үүсгэж буй. Гэтэл цаасан уут зөвхөн нэр төдий байсаар л. Гэхдээ энэ байдлыг халж байгаа дэлгүүрийн нэг нь “Био амьдрал”. Тэднээс гадна ‘Жүр үр’ компани гялгар уутнаас татгалзаж, өөрсдийн онцлог, давуу талаа тодотгосон цаасан уутаар үйлчилж эхэлсэн байна. Эко хэрэглээ тэлэх хэрээр Монголд цаасан уутны үйлдвэрлэл, түүний загвар хийц улам сайжрах, нэмэгдэх төлөвтэй. Бүтээгдэхүүний сав баглаа болгон хөрсөнд хурдан задардаг, дан ганц хүндээ эрүүл байгаад зогсохгүй хэрэглэсний дараа ч байгальд ээлтэй байх учиртайг хоггүй бизнес эрхлэгчид чухалчилж байна. Дэлхийд жилд 2.1 тэрбум тонн хог хаягдал гардаг эдгээрийг хогны тээврийн машинд ачвал дэлхийг 24 удаа тойрсонтой тэнцэх урт цуваа үүснэ. Үүний гуравны нэгийг гялгар уут эзэлдэг гэсэн статистикийг The Economist саяхан нийтэлжээ. Харин энэ хэрэглээний есөн хувь л дахин боловсруулагддаг. Манай улсын хувьд ч ялгаагүй тулгарч буй бэрхшээлийн нэг нь гялгар уутны хэрэглээ. иргэдийн сэтгэлгээг өөрчилж байж л энэ байдал өөрчлөгдөх шинжтэй. Хог хаягдалгүй бизнесийг хөгжүүлэгч компаниуд гялгар уутанд харш. Тэд хуванцар болон гялгар уутны хэрэглээг бууруулахад анхаарч, нийгмийн сүлжээнд манлайлан оролцож байна. Бизнест ашиг хамгаас чухал. гэхдээ хог хаягдалгүй бизнес эрхлэгчдэд эко хэрэглээ нэн тэргүүнд тавигдаж байна. Ийм бизнесийг тансаг хэрэглээнд огтхон ч хамаатуулж болохгүй юм.

• Хог хаягдалгүй бизнесийн зах зээл рүү гарааны компаниуд томчуудыг хошуучлан орж байна.

• Монголд шинэ тутам гэж хэлж болох уг төрлийн бизнест хөл тавьж буй компаниуд одоогоор гарын таван хуруунд багтахаар байгаа юм.

• Эко хэрэглээ тэлэх хэрээр Монголд цаасан уутны үйлдвэрлэл, түүний загвар хийц улам сайжрах, нэмэгдэх төлөвтэй. Гэтэл хүмүүс үүнийг тансаг хэрэглээ гэж тооцох нь бий.

Энэ ойлголтоос л дээрх шинэ бизнесийн ирээдүй шалтгаална. Дэлхий нийтийн өмнө хамтач эдийн засаг гэсэн ойлголт ихээхэн газар авч байгаа. Үүний тусгал нь хог хаягдалгүй бизнесийн хэтийн ирээдүйг улам тодотгох аж. Дангаар эзэмших бус хуваалцах зорилготой эдийн засгийн шинэ дүрэм боловсорч байна гэсэн үг. Энэ үзэл санаа аанай л хүн төрөлхтний үйлдвэрлэдэг хаягдал бохирдлыг багасгах зорилготой. Бид хуванцар савны хэрэглээг худалдан авалтаараа дамжуулан хамгийн их тэтгэдэг. Гэтэл энэ нь байгаль орчинд заналхийлж, орчныг гүн бохирдуулсан хэвээр байна. Эл байдлыг өөрчлөхөд тийм ч хэцүү биш. Угаалгын бодис дууссан бол савыг нь хаях бус тэр савандаа л угаалгын шингээнээ арай хямд үнээр худалдан авах боломж байна. Үүнийг хог хаягдалгүй бизнес санал болгож байгаа юм. Цаана нь эко үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэлийн зардал буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь багасаж байгаа гэдгийг санах хэрэгтэй. тухайлбал, Монголын кофены зах зээлд хэдийнэ байр сууриа эзэлж, хэрэглэгчийн танил болсон Caffe Bene хүрээлэн буй орчин төдийгүй хүний эрүүл мэнд аажмаар хор уршиг үзүүлэх хуванцрын хэрэглээг бууруулахад нэгджээ. Та тус газраар үйлчлүүлэхдээ өөрийн аягатайгаа очвол кофегоо 500 төгрөгийн хөнгөлөлттэй авах боломжтой аж.

Гэхдээ тус байгууллага өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 13-ныг дуустал дээрх хөнгөлөлт олгож байна. хог хаягдалгүй бизнес хүмүүсийн хандлагыг өөрчилж, тэр хэрээр хэмнэлт хийх боломж, бололцоо бидний эргэн тойронд байгааг тод харуулна. Энэ утгаараа Монголын нөхцөлд ч уг бизнес илүү хөгжих боломжтой. хог хаягдалгүй бизнес дэлхий нийтэд хоол, хүнс, ариутгалын бодис, хувцасны зах зээлд түлхүү хамаарч байна. Жишээ нь, хоолны хаягдлын хувьд дээрх бизнес ашигтай ажиллахад онцгой хөшүүрэг болж буй. Дэлхий дээр жил бүр 1.3 тэрбум тонн хүнс хаягддаг гэсэн мэдээлэл бий. Энэ нь манай гараг дээрх газар тариалан эрхэлж буй нийт талбайн 30 хувьд ургуулсан хүнстэй тэнцэнэ гэхээр хэр их болох нь төсөөлөгдөх болов уу. Кофены шаар ашиглан мөөг ургуулж байна. Хоолны үлдэгдлийг цэцэрлэгжүүлэлтийн бүтээгдэхүүн болгон хувиргах шинэ арга туршиж эхэллээ. Зоогийн газар болон дэлгүүрт хаягдсан хүнсийг цуглуулан дахин боловсруулаад органик бордоо үйлдвэрлэх санааг аль хэдийнэ сэдсэн байна. Манай улсад энэ төрлийн бизнес хөгжих боломжтой.

Тухайлбал, уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж буй уурхайн бүсэд хоолны хаягдал хамгийн их гарч байна. Ирээдүйг өөрчлөх эко бизнес АНУ болон Европт ашигтай бизнес болж, хөрөнгө оруулагчдын анхааралд өртөх болсон. Харин Монголд уг бизнесийг санаачилж буй компаниудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт юуны өмнө үгүйлэгдэж байна. Тэд дунд хугацаанд илүү ахисан шатанд үйл ажиллагаа явуулна гэдэгтэй тун итгэлтэй байна. Дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, үүнийг дагасан сорилт, хүндрэл хүмүүсийн амьдралын хэвшилд онцгой нөлөө үзүүлж буй. Энэ нь бизнесийн шинэ санаа сэдэл болж, эко үйлдвэрлэлээс халиад хүмүүс эко хэрэглээнд алгуур шилжихэд хүргэж байна. Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон бараа, бүтээгдэхүүн илүү энгийн сав баглаатай болж, эдийн засгийн хувьд хэмнэлт дагуулахуйц шинэ соёл дадал болон сууж эхэлсэн. Гял цал гэхээс илүү эдэлгээ даах, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй байх ёстой гэсэн зарчим энд түлхүү үйлчлэх болов. Тэгвэл яг ийм жишээг онцолсон, био амьдралын хэрэглээ, ач холбогдлыг таниулсан сургалт, зөвлөгөө цахим ертөнцөөр тархаж, энэ чиглэлийн мэдээлэл улам эрчээ авч буй. Уг мэдээллийн цаана хог хаягдалгүй бизнес дэлхий нийтэд хэр үнэ цэнэтэй болох, компанийн нэр хүнд, орлого ашиг нийгмийн хариуцлагаар хэмжигдэж буйг анзаарахгүй өнгөрч болохгүй нь.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж