Иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагад хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагад хариу өглөө

Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо гуравдугаар сарын 11-нд УИХ-д Монгол Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийг огцруулах, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гантулга улсын ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүх, төрийг төлөөлөх хэлтсийн дарга Н.Бат-орших нарт нэн даруй хариуцлага тооцох, УИХ-ын гишүүн бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөгийг нэн даруй төсвийн тодотгол хийж залруулах, Төсвийн хяналт сул байгаатай холбогдуулан Сангийн яамны нийт гүйлгээнд гадаадын аудитын шалгалт оруулан дүгнэлт гаргуулах зэрэг дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Харин үүний хариуг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоонд хүргүүлсэн байна.

 Шаардлагын хариуд:

“Монгол Улсын үндсэн хуулинд зааснаар Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилдог. Хэрэв прокурорын эрхийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлэхээр бол
-Өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилсон буюу сонгосон,
-Өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан,
-Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр гарсан,
-Эрүүл мэндийн улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх дөрвөн тохиолдолд бүрэн эрхийг нь хуулийн дагуу түдгэлзүүлнэ” гэсэн хариулт өгсөн байна.

Мөн хяналтын прокурор Н.Гантулга Н.Бат-Орших зэрэг хүмүүсийн асуудлыг ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх, УИХ-ын гишүүн бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөгийн асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд төсвийн тодотголтой хамт авч хэлэлцэхээр тусгасан. Харин Сангийн яамны бүх гүйлгээнд гадаадын байгууллагаар аудит хийлгэх боломжгүй учраас Үндэсний аудитийн газраар аудит хийлгэж, энэ талаархи дүнг Засгийн газарт хүргүүлсэн болно гэсэн товчхон хариулт өгсөн байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж