Сирийн иргэн Малайзын нисэх буудалд 37 хоног саатжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Сирийн иргэн Малайзын нисэх буудалд 37 хоног саатжээ

Сирийн иргэн Малайзын нисэх буудалд 37 хоног саатжээ

Малайзын олон улсын нисэх буудалд Сирийн нэгэн иргэн аль ч улсын хилээр гарч чадахгүй сар гаруй саатаж байгаа гэнэ.

Хассан аль-Контар 37 хоногийн өмнө Куала Лумпурын нисэх буудалд буужээ.

Тэрбээр Малайзаас Эквадор руу аялахаар, визгүйгээр хил гарна гэж таамаглаж байсан боловч түүнийг хилээр нэвтрүүлээгүй ажээ.  Хассан аль-Контар мөн Камбож руу гарах гэж оролдсон боловч мөн л хилийн шалган нэвтрүүлэх дээрээс буцаажээ. Түүнийг Малайзын хилээр буцаж орохыг ч хориглосон тул тэрбээр нисэх буудлын терминалын транзит лоунжид сар гаруй байрлаж байгаа гэнэ.Тэрбээр одоо мөнгөгүй, идэх хоолгүй, солих цэвэр хувцасгүй, гуйлга гуйхаас наахнуур байгаа юм байна.

Тэрбээр эх орондоо Сирид буцаж очихыг хүсэхгүй байгаа учир нь эргэж очвол түүнийг цэрэгт татна гэхээс айж байгаа гэнэ. Хассан дайтахыг хүсэхгүй байгаа ажээ. Хассан 2006 оноос хойш Арабын Нэгдсэн Эмират Улсад ажиллаж байсан боловч 2016 онд ажил олгогчид нь түүнийг ажлаас нь халжээ. Тэрбээр Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш нутагтаа очоогүй байна.

Тэрбээр “Би жирийн л хүн. Дайтах дургүй. Тэрнээс биш аллагын машин биш. Би Сирид очиж, дайнд оролцохыг хүсэхгүй байна.” хэмээн ярьсан юм.  2017 оны нэгдүгээр сард Хассан Малайзад гурван сарын жуулчны визээр очжээ. Тэрбээр Малайзад ажиллаж, мөнгө цуглуулан Эквадор руу аялахаар төлөвлөсөн боловч түүнийг онгоцноос хөөж буулгасан ажээ.

Хассан нисэх онгоцны буудалд олон хоногоор саатаж буй Сирийн анхны зорчигч биш гэнэ. Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш Куала Лумпур, Бангкок, Истанбулын нисэх буудалд Сири, Палестины олон иргэдэд Хассантай адил зүйл тохиолдож байжээ.

Хассан  “Ийм зүйл зөвхөн надад тохиолдсон юм биш. Сирийн олон иргэд над шиг гадуурхагдаж, үзэн ядуулж, татгалзсан хариу сонсч байгаа. Би юу хийж, юу хэлэхээ мэдэхгүй байна. Надад зөвхөн хууль ёсоор ажиллаж амьдрах аюулгүй газар л хэрэгтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Agence France – Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж