УИХ-ыг тараах эрхийг Ерөнхийлөгчид олгоно

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

УИХ-ыг тараах эрхийг Ерөнхийлөгчид олгоно

УИХ-ыг тараах эрхийг Ерөнхийлөгчид олгоно

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталсан. Уг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ажлын хэсгийн төвшинд боловсруулж буй.  ‘Хууль төрөхийн өмнө’ булангаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан гол заалтуудыг танилцуулж байна.

Гишүүд бусдын өмнөөс санал ӨГӨХИЙГ хориглоно

УИХ-ын гишүүд бусдын өмнөөс санал өгөх, санал хураалтад оролцохгүй байх тохиолдлууд олон гардаг. Тэгвэл энэ асуудлыг хориглосон заалт оруулж өгсөн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн чуулган болон байнгын хороодын хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт хуралдааны гуравны нэгээс хэтэрсэн хугацаанд суугаагүй бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна. УИХ-ын сонгуульд өрсөлдөх насны босгыг 35 байхаар нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна. Түүнээс гадна 1992 онд өөрчилсөн УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулах, асуудлын олонхоороо шийдэх зэрэг заалтуудыг сэргээхээр тусгажээ.

Ерөнхийлөгч УИХ-Ыг тараана

Засгийн газар бие даан танхимаа бүрдүүлэх, хариуцлага хүлээх, тооцох боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Тухайлбал, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна. Мөн Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм. Харин УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос дээш үзсэн, УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцээгүй тохиолдолд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй байхаар өөрчилжээ. Түүнээс гадна сайд нарын давхар дээлийг хязгаарлаж, Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг тусгасан аж. Мөн Үндсэн хуульд нэмэлт, оруулах төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах, сахилга хариуцлага шударга ёсыг тогтоох, намын санхүүжилт, сонгуульд оролцох оролцооны шударга зарчимтай байдлыг хариуцлагажуулах, шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар болон сонгуулийн үр дүнгээр чөлөөлөхгүй байх зэрэг заалтыг оруулж өгчээ. Тухайлбал, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина гэжээ.

Онцлоход, УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн нөхцөлд бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоох дэгтэй. Иймээс хууль тогтоогчид ирэх тавдугаар сараас урьтаж, хаврын чуулганаар хүлээгдэж байгаа томоохон төслүүдээ цаг алдалгүй батлах шаардлагатай болж буй юм. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж