Хоёр баг анх удаагаа плэй-оффын шатанд таарч байна. Вашингтон Капиталс баг сүүлийн 3 улирал 105 оноотой дивизионы аварга болж байгаа бол тэдний өрсөлдөгч Колумбус Блю Жакетс баг 45 хожил байгуулж 97 оноогоор дөнгөж плэй-оффт багтаад байна. Өнгөрч буй улиралд 4 удаа таарч тоглоход Вашингтон Капиталс цувралын харьцааг 3-1-ээр тэргүүлсэн.
Колумбус Блю Жакетс баг түүхэндээ анх удаагаа плэй-оффт жил дарааллан шалгарч байна. А.Панарин тэргүүтэй эрч хүчтэй залуу авъяастнуудын цуглуулга гэж хэлж болохуйц Колумбус Блю Жакетс багийн залуус улирлын төгсгөлийг тун боломжийн хийсэн. Ялангуяа 3-р сард байгуулсан ялалтын цувралууд нь плэй-оффт орох боломжийг өндөр болгож өгсөн. Плэй-оффт шалгарахад А.Панарин, рүүки залуу С.Жонес, П.Дюбуа болон З.Веренски нарын залуус голлох үүрэг гүйцэтгэсэн. Дээр нь өвлийн солилцоо дуусахтай зэрэгцээд Питтсбург Пингвинсээс хамгаалагч И.Коул, Эдмонтоноос М.Летестюг, Ванкуверээс Т.Ванек зэрэг туршлагатай тоглогчдыг эгнээндээ нэгтгээд байна. Хамгаалагч И.Коул бол яалт ч үгүй багийн хамгаалалтанд хүч нэмэхийн зэрэгцээ стэнлийн цомыг хүртэж байсан плэй-оффын туршлагатай тоглогч юм. Ийм түүний тоглолт залуу эрч хүчтэй багт хэрэгтэй. Ямартаа ч Колумбус Блю Жакетс баг анх удаагаа 2 улирал дарааллан плэй-оффт шалгарч байгаа бөгөөд амжилтаа ахиулж 1-р шатыг давах нь эхний зорилго байх болов уу?
Вашингтон Капиталс баг хүчирхэг боловч 2-р шатыг давж чадахгүй л байна. Сүүлийн 3 улирал 2-р шатнаас плэй-оффын өндөрлүүлэхдээ хоёр удаад нь аварга авах ерөөлтэй байсан Питтсбург Пингвинс багт хожигдсон. Энэ улиралд баг үндсэн бүрэлдэхүүнээрээ дайралт хийнэ. Учир нь өнгөрч буй улиралд багийн амжилтанд нөлөөлөхүйц тоглогч ирээгүй. Иймд багийн ойлголцол харьцангуй сайн байх нь дамжиггүй. Хоккейн үзэгч бүр дотроо “одоо л нэг Овечкины цаг” хэмээн боддог байх. А.Овечкин ч ажлаа амжилттай үргэлжлүүлсээр, гэвч түүнд, түүний багт стэнлийн цом хараахан байхгүй л байна. Ямартаа ч эхлээд Колумбус Блю Жакетс багийг буулгаж авах нь эхний зорилт. Дараа нь тэднийг өнөөх л Питтсбург Пингвинс баг хүлээж байх магадлал тун өндөр юм. Вашингтоны багийн цөм болсон тоглогчид наанадаж 3 жил хамтдаа тоглосон тул одоо зөвхөн хэр хол явахыг харах л үлдэж байна.
Таамаг: Вашингтон Капиталс 6 тоглолтонд хожно
Б.БЯМБАБАЯР