“УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатартай ярилцлаа.
-Нийслэлийн шүүхээр уржигдар /2018.04.11/ Монгол-Оросын хамтарсан үйлдвэр “Улаанбаатар төмөр замын хөрөнгөөр барьсан Таны 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий таунхаусыг чөлөөлөх шийдвэр гарлаа. Та уг шүүх хуралд оролцсон уу, энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Би шүүх хуралдаанд оролцоогүй. Надад ажиллаж амьдрах нөхцөл хангасан албаны орон сууцаар хангах үүргийн дагуу байгууллага нь өгсөн буцаан авч байгаа бол надад хамаагүй. Одоогийн дарга нь Ерөнхий хороондоо надад шилжүүлэх тухай албан бичгээр өгсөн баримтыг би та нарт өгье. Өөрсдөө өгчихөөд тэр шийдвэрээ буцааж чадахгүй асуудалдаа шүүх байгууллагыг ашиглаад яваад байгаа юм байлгүй.
-Ер нь энэ байрыг танд өгөх болсон ямар учиртай юм бэ. Энэ талаар “УБТЗ”-д өөр байгууллагаас төлөгдөх байсан өрөнд “Цэцээ гүн” хотхон дахь таунхаус ирсэн. Түүнийг та худалдаад авсан мэтээр уншиж ойлголт авч байлаа. Бодит байдал дээр яг юу болсон юм бэ?
–Үе үеийн төмөр замын Замын дарга нар бүгд албаны байранд амьдардаг. Тэр зориулалтаар олон байр авсан. Өр зээлийг бол түүгээр нь шийдэж оронд нь байр авч болохгүй. Энэ орон сууцыг ном журмаар нь авч олон зуун тэрбумын үр ашиг, гэм буруугүй үйлдэл эс үйлдэл гээд, шагнал урамшуулал, ажлын ачааллын нөхөн олговор, олон улсын томоохон компанийн нэр нүүртэй холбоотойгоор удирдлагадаа шилжүүлэх нь байдаг л зүйл. Би бол энэхүү хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хувьдаа огт байр аваагүй.
-Тэгээд “Цэцээ гүн” хотхон дахь тэр таунхаус одоо эзэнгүй байдаг хэрэг үү?
-Албаны орон сууцны гэрчилгээг нь хар даа. “Өмчлөгч” нь “Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хэвээр байгаа биз. Замын дарга Д.Жигжиднямаа нь өөрийн гарын үсэгтэй албан бичгээр Ерөнхий хороонд хандаж энэ байрыг зохих журмын дагуу шилжүүлэх саналаа өгсөн байдаг. Энэ бол ердийн хөдөлмөрийн гэрээ контрактын харилцаа. Харин одоо өөрсдийнхөө энэ шийдвэрийг өөрсдөө шүүхэд өгөөд, өгсөн байраа хурааж авч байгаа юм байна. Түүнээс биш би тэднийг, тэд намайг шүүхэд өгөөгүй.
-Та ямар шийдвэрийг хэлж байна?
-Одоогийн дарга Д.Жигжиднямаагаас “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд 2016 оны аравдугаар сарын 7-нд илгээсэн 10/1478 албан бичиг. Үүнд: “УБТЗ” ХНН нь 6.6 дахь заалтын дагуу Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд албаны орон сууцыг өмчлөлд нь шилжүүлнэ”, “Нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “д”-д хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, данснаас хасах нь Ерөнхий хорооны эрх хэмжээнд хамаарахаар заасан учраас орон сууцны байшинг нийгэмлэгийн данснаас хасч, үнэ төлбөргүйгээр өмчлөлд нь шилжүүлэх үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэх боломжгүй байна. 2015 оны наймдугаар сарын 1-ний өдрийн №TST005 тоот Худалдах, худалдан авах гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 1 484.0 сая төгрөгийн үнэ бүхий 370 м.кв талбайтай №TH5 тоот гурван давхар орон сууцны байшинг худалдан авсан. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг танаас хүсч байна” гэсэн бичиг нь энэ байна /үзүүлэв/.
-Ямар хугацаанд энэ хангамжийг эдлэх ёстой вэ?
–Замын даргаар ажиллах хугацаанд энэ байранд байрлах ёстой. Тиймээс би одоо эндээ амьдарч байгаа. Өчигдрийн шүүхийн тухайд “УБТЗ” байраа буцааж авах тухай шийдвэр юм уу даа. Одоо Ерөнхий хороо нь (Орос, Монгол талын зургаан гишүүн) надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ контрактад заасан үүргээ яах юм бол. Би хасах данстай хүлээж аваад 111.4 тэрбум төгрөг дансандаа үлдээж өгсөн. Толгой дааж 15 мянган ажилчдынхаа цалинг жил бүр дараалан 10 хувиар нэмсэн. Өнөөдөр 2014 оноос хойш төмөр замчдын гар дээр жил бүр 40 тэрбум төгрөг илүү очиж байгаа юм. Одоо бол цалин хөлс 200 тэрбумаас давсан байх. Ачаа тээврийн орлого бол хэрэглэгчдэд зардал байдаг. Тэгэхээр ашигтай ажиллуулсны илрэл биш гэж үү.
-Шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гээд орон сууцаа сулла гэвэл та биелүүлэх үү?
–Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас В.Н Морозов удирдаж Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцсан ажлаа шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй.
-Тэгэхээр та байраа авч үлдэхийн тулд давж заалдах болж байна уу?
-Би АТГ, цагдаа, прокурор эцэстээ бүр болохоо байхаараа шүүхэд хандаагүй шүү. Тэд өөрсдөө шүүхийн шийдвэрээр, өөрсдийнхөө байрыг авч байгааг дахин хэлье. Шүүхийн шийдвэр үнэ өртөгтөө биш шударга үнэний талд гарч байгаа бол би дагана. Төмөр замчдад, монголчуудад олдсон илүү цалин урамшууллыг хэл амгүй шингээж тэднийхээ орон байр, өр зээлд өгөхөө бодохгүй буцааж авах, шударгаар нөхөн олговор авах замыг хаадаг удирдагч нарыг олоод өг гэвэл хэн бэ? Хэрэв улс төр орсон бол шударга байх ёстойг сануулна.
-Таныг, ер нь төмөр замын ашигтай ажилласан үгүйг юугаар яаж үнэлдэг юм бэ?
-Зөв асуулт байна. Төмөр замын ашигтай ажилласан үгүй нь дарга нараас тэгтлээ хамаардаггүй. Монголын эдийн засаг, экспорт, импорт, гадаад худалдааны орчноос хамаарна. Ер нь төмөр замын орлого гэдэг бол тээврийн зардал юм шүү дээ. “УБТЗ” ХНН-ийн орлого нэмэгдэнэ гэдэг чинь таны, миний бараа, худалдааны зарлага өсч байгаа хэрэг. Миний ажлыг төмөр замчид зарчмаар нь дүгнээд мэдээд явж байгаа. Хэзээ, ямар хүйтэн халуун “жин” тавихаа тэд мэднэ. Тэгээд ч байгууллага, хамт олны дотоод асуудлаа шүүхэд өгөх хэрэггүй л байсан юм.
-Хангамжийн тухайд Ерөнхий хорооны бүх гишүүд эдэлдэг, хариуцлагаа ч хамтдаа үүрдэггүй юм уу?
-Бүгд хангамж эдэлдэг. Оросын талын гишүүдийн хангамж өндөр л дөө. Байгууллагын дотоод журмаар шийдвэрлэдэг, тодорхой нууцлалтай.
-“1000 вагоны” асуудал анхаарал татаад байгаа. Энэ талаар одоогийн Замын даргатай ярилцлага хийхэд үнэхээр вагоноо нэмье гэтэл шинийг авах боломж байгаагүй, хэрэгцээ их байсан, 1000-ыг авахаар зорьсон ч талыг нь авч засч ажиллуулж байгаа юм байна гэсэн ойлголт авсан. Таны хувьд энэ талаар хэр зөв шийдэл гэж үздэг вэ?
-Төмөр замын онол арга зүй гэх үү, бүтэц зохион байгуулалт гэх үү. Ямар ч байсан хууль дүрмээрээ суурь бүтэц хөдөлгөөн гэсэн замын ашиглалт арчилгаа, тээвэрлэлт, тээврийн үйлчилгээ гээд нарийн учиртай. Мэргэжлийн хүмүүс аль талаас нь эхэлж хөгжүүлээд байвал бүхэлдээ өсөн дэвжээд байдгийг мэднэ л дээ.
Хуучин 1000 вагон эдийн засгийн утгатайдаа биш аюулгүй байдлын нөхцөлд асуудал байдаг. Осол сүйрэл гарвал тэр вагоны өмчлөгч (хувийн компаниуд), түүний засвар баталгааг гүйцэтгэдэг энгийн замчинд хариуцлагыг тохдог явдал юм. Түүнд л би дургүйцдэг.
-Монгол дарга нарын хувьд сүүлийн таван ч дарга нь хугацаанаасаа өмнө улс төрийн шалтгаанаар солигдсоноос үүдэн Оросын тал Замын даргаа томилох сонирхолтой байна гэсэн мэдээлэл бий. Танд энэ уур амьсгал мэдрэгддэг байсан уу?
-Үнэн шүү дээ. Дотооддоо “нудралцаад” байдгаас болоод орос дарга тавихад хүрч байна. Бидний бодлоор Монгол Улс “УБТЗ” болон бусад төр хувийн хэвшлийн төмөр замуудаа өөрийн удирдлагад 100 хувь авах цаг үе нь ирсэн, түүний төлөө үе үеийн төмөр замчид хамтдаа тууштай явж улс орондоо туслах боломж байдаг.
-Оросууд, ер нь хоёр хөрш маань үүнийг хүснэ гэж үү?
-Татгалзахгүй шүү. Хоёр том гүрний дунд бие даасан ложистик байх ёстой гэж тэд хүлээн зөвшөөрнө. Надад баримт ч бий.
-Нэгэнтээ В.Морозов Монголд ирэхдээ өгсөн ярилцлагадаа “Бидэнд маш дутуу, ташаа мэдээлэл ирдэг” гэж хэлсэн байдаг. Энэ үнэний ортой юу?
–“Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг Монгол орныг ерөөсөө ойлгохгүй байгаа. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Монголын глобал байршлыг юундаа, яаж ашиглах, яаж “УБТЗ” хөгжих, өөрт нь ч өрөөлд ч юунд хэрэг болох вэ гэдгийг ярих, сонсох хүсэлгүй байх шиг.
-Яагаад Ерөнхий хорооны хурал дээр хоёр тал санал нийлэхгүй, байр сууриа илэрхийлэхдээ “сэрүүн” уур амьсгалтай болчихсон юм бол?
-Ерөнхий хороонд элдвийн “эвгүй” хүмүүс орсоноос болж л тийм байдал үүсдэг юм даа. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойлгох цаг болсон. Төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд элдвийн хүн орсоноос болж муу менежменттэй болдог. Тэр компани төрийн компани ч биш болж хувирдаг. “УБТЗ” ХНН-ийн хувьд үүнтэй л адил байдал үүсээд байна.
-“Элдвийн” гэж элдэвтэй сэргэлэнг лав хэлээгүй бололтой?
-Улс төрийн хуйвалдаан, танил талын гуйлга, тохиролцоо, эсвэл шагналын журмаар томилогдсон хүнийг багтаавал сүйрэл авчирдаг.
-Та одоо юу хийж байна?
-Би төмөр замын хөгжлийн бодлого, цаашдын ирээдүйн талаар хувиараа судалгааны ажил хийж байгаа. Түүхийг ч ирээдүйг нь ч анхааралтай ажиглаж хойч үедээ үлдээнэ, чадвал хэрэгжүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.