Х.Баянмөнх: Бөхийнхөө төлөө тэмцсээр байх болно

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Х.Баянмөнх: Бөхийнхөө төлөө тэмцсээр байх болно

Х.Баянмөнх: Бөхийнхөө төлөө тэмцсээр байх болно

Сүүлийн үед Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай холбоотой дуулиан олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өчигдөр /2018.04.12/ тайлбар өгөхөөр олон нийтэд хандсан билээ. Харин хэвлэлийн бага хурлын төгсгөлд дархан аварга Х.Баянмөнх ирж, холбоог үгүйсгэсэн цөөнгүй үг дурдсан юм. Түүний дараах асуултыг тавьж хариулт авлаа.


-Монгол бөхийн зүүний магнай, их бөх Жигжидийн Мөнхбат аварга тэнгэрт хальж, түүнийг эцсийн замд үдлээ. Үндэсний бөхийн салбарт уй гашуу тохиож байгаа энэ үед холбооны хэрүүлийн асуудлаа зогсоож болдоггүй юм уу. Заавар энэ үеэр холбооны тамга, тэмдгийн асуудлыг ярих шаардлага байсан уу. Үүнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Та юу гэж хэлэх вэ?

-Би их баярлаж байна. Яагаад гэвэл Бөхийн холбоо гэдэг чинь хөгшин, залуу бүх бөх хүнийг нэгтгэх ёстой холбоо юм. Холбоонд барилддаггүй хүмүүс хүртэл байх ёстой гэж боддог. Нас өндөр болсон ч гэсэн, надтай хамт барилдаж явсан хүн бурхны оронд одсон энэ цаг ч гэлээ би нэг л зарчмыг баримталж явдаг юм.  Монголын ард түмэнд үнэн үг хэрэгтэй. Худал үг хэлж болохгүй. Үүний төлөө би бүх насаараа тэмцэж ирсэн. Өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбооны хэвлэлийн хурлыг зурагтаар харлаа. Тэд худал ярьж байна. Улсын бүртгэлийг хүчингүй болгочихож. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захирамж гарчихсан байхад үйл ажиллагаа явуулаад хүний амь нас эрсдээд яваад байх энэ танхай балмад юмыг хүлээн зөвшөөрч болохгүй. Би насны буянаа эдэлж сууж байх ёстой гэж хэлж байгаа бол огт үгүй. Би дахин арван жил үндэсний бөхийн шинжлэх ухааны үйл хэрэгт зүтгэж явах чадалтай хүн. Хүн бол насаа хязгаарлаад хасаад байдаг юм биш. Хүн төрөлхтөн төрсөн өдрөөс эхлэн үхэх өдөр хүртэл ажилладаг. Оюун ухаан мөнхөд байдаг. Энэ бол нийгмийн хөгжлөөс хоцрогдсон, ухамсар муутай, мэдлэггүй хүмүүсийн хийж байгаа ажил. Сая Ц.Магалжав, Б.Сайнбаяр хоёр ярьж байна. Залуучууд бөхийн холбоог авч явна гэнэ. Үгүй ээ залуу, хөгшингүй авч явна. Энэ байдлаас болоод үзэл санаа нь хүртэл таарахгүй байна. Миний отгон хүүгээс дүү залуучууд байна.

Намайг энэ танхимд орж ирэхэд “аваргаа”, “багшаа” гэж урих байх гэж бодсон, гэтэл тэд үл хүндэтгэж байна.  Бидний зөв гэж дайрч байгаа нь харахаар буруу ойлголттой болчихсон, буруу хүмүүжилтэй болсон энэ нөхдүүд ингэж явна. Түүнээс биш Ж.Мөнхбат өнөөдөр бурхны оронд очлоо гэхэд маргааш Х.Баянмөнх дуугай гэртээ суу гэж хэлж байгаа бол нийгмээс ичээрэй.

Хүний нийгмээс хоцорч явна шүү. Би бүдүүлэг байна шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. Болоогүй байна. Би дахин сурах гэж байна. Монгол бичгийн сургууль руу орох гэж байна. Намайг дарамтлах гэж байгаа бол бүтэхгүй шүү. Би бөхийнхөө төлөө нүд анитал тэмцэнэ гэсэн хариултыг өглөө. 

Монголын Үндэсний бөхийн холбооноос өчигдөр /2018.04.12/ Л.Чинбат өөрийгөө Бөхийн холбооны тэргүүн гэж бөхчүүдэд итгүүлж, мөн Бөхийн өргөөнд хүчээр дайран орох гэж байгаа гэсэн мэдээлэл ирсний дагуу холбогдох хуулийн байгууллагад сануулга өгөхийг хүссэн. Мөн өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний ‘Их Эе’ хууль ёсных болсон гэдэгт дахин тайлбар өгсөн юм. 

Бөхийн холбооны талаарх мэдээллийг эргэн хүргэнэ. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж