Л.Эрдэнэбулган: Баатар ван гэж дуудах сайхан

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Л.Эрдэнэбулган: Баатар ван гэж дуудах сайхан

NEWS агентлаг “МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ” булангийн энэ удаагийн дугаарт эх орныхоо тусгаар тогтнол, зон олныхоо эрх чөлөөний төлөөх тэмцэлд манлайлж явсан, Монгол цэргийн домогт жанжин Хатанбаатар Магсаржавын дүрийг бүтээсэн найруулагч Л.Эрдэнэбулгантай ярилцлаа. Тэрбээр 1981 онд дэлгэцийн бүтээл болсон “Хатанбаатар” киноны Баатар вангийн дүрийг бүтээж, ард түмний сэтгэлд хоногшсон юм. Өдгөө Булган аймгийн Бугат суманд амьдарч буй түүнийг Улаанбаатар хотын Дуурь бүжгийн эрдмийн театраар түр зочлох үеэр нь ярилцсан юм. 


"Монголын кино урлагийн алдартай найруулагчтай уулзаж, учирсан нь амьдралд маань тохиосон хамгийн том үйл явдал болсон гэж боддог. Би Г.Жигжидсүрэн найруулагчийн арав гаруй кинонд тоглосон. Гэхдээ өнөөдөр “Хатанбаатар” киноны Баатар вангийн дүрийг ард түмэн сайхан хүлээж авч, нэрээр минь дуудахаас илүүтэй Баатар ван гэж дууддаг нь сайхан санагддаг юм. Ингээд бодохоор миний хувь тавилан их азтай, хувьтай учирсан юм байна гэж боддог шүү" хэмээн бидний яриа эхэлсэн юм.

БААТАР ВАНГИЙН ДҮРД ШАЛГУУРГҮЙ СОНГОГДОВ

Монголын ард түмний хүндэтгэж, хайрлаж, үнэлж явдаг дүрийн нэг бол Хатанбаатар Магсаржав юм. “Хатанбаатар” киног 1981 оны Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор дэлгэцийн бүтээл болгож байжээ. Энэхүү киноны зохиолыг зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Удвалын “Их хувь заяа’ хэмээх романаас сэдэвлэн бүтээсэн юм.

Л.Эрдэнэбулган найруулагчийг Баатар вангийн дүрд тоглуулахаар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр авсан гэдэг. Тэрбээр энэ тухай хуучлахдаа ‘Би Ленин клубийн автобусны буудалд зогсож байх үед цэвэрхэн залуу хүрч ирээд надтай мэндэлсэн. Тэр залуу та Юндэнд их сайхан дуулдаг юм билээ’ гэснээ шууд “Би таныг Магсаржавын дүрд сонгож авлаа’ гэв. Тухайн үед энэ нөхөр ч яасан их эрх мэдэлтэй хүн бэ гэж гайхах бодол төрж байлаа. Энэ дүрд би танаас өөр хүн авахгүй гэж хэлэхийг сонссон надад гэнэтийн баяр байсан” гэв. Тухайн үед театрт дуучнаар ажиллаж байсан Л.Эрдэнэбулган ажлаа тараад гэр лүүгээ явах замдаа Г.Жигжидсүрэн найруулагчтай таарсан нь энэ ажээ.

Гэнэтийн сайхан мэдээ сонссон Л.Эрдэнэбулган найруулагчийг гэртээ урьсан байна. Автобусны буудал дээр таарсан хоёр 50 мянгатад байдаг гэр рүү нь явжээ. Өнөөдөр ч тэдний нөхөрлөл хэвээр байна.

Л.ЭРДЭНЭБУЛГАН КИНОНД ТОГЛОХЫН ТУЛД ХОЁР ЖИЛ ХҮЛЭЭЖЭЭ

Баатар вангийн дүрд тоглох  болсон Л.Эрдэнэбулган маш их хүлээлттэй байв. Гэвч найруулагч, залуу жүжигчин хоёрын тэрхүү учралын дараагаар кино бүтээх эсэх нь тодорхойгүй, хоёр жилийн хугацаа өнгөрсөн аж. Энэ үед Л.Эрдэнэбулган найруулагч “кино хийхээ больчихсон юм болов уу” гэж бодон, төдийлөн санаа тавиагүй гэдэг.

Ингээд Л.Эрдэнэбулган гадаадад их сургууль төгсөж ирээд, театрт найруулагчаар ажилд орсон юм. Гэтэл нэг өдөр Г.Жигжидсүрэн найруулагч Л.Эрдэнэбулганы гэрт зочилж, “За хувцасны хэмжээ авна. Одоо киноны ажилд орно. Гадаа унаа ирчихсэн. Кино үйлдвэр явна” гэж хэлээд түүнийг дагуулаад явжээ. Ингэж “Их хувь заяа” киноны зураг авалт эхэлсэн түүхтэй.

Тухай үед Л.Эрдэнэбулган Хатанбаатарын дүр болон киноны зохиолтойгоо огт танилцаж чадаагүй байсан аж. Кино үйлдвэрт очиход П.Цэрэндагва, Б.Дамчаа, Д.Чимэд-Осор, Ч.Авирмэд, Д.Сэдэд, Анатолий Ткалыч, Х.Роман зэрэг алдартай жүжигчид бүгд ирчихсэн байсныг хараад Л.Эрдэнэбулган гуайд гайхах бас бахархах сэтгэл төрж байсан гэдэг.

Тэрбээр “Г.Жигжидсүрэн намайг хоёр удаа болохгүй юм шиг байдалд хүргээд болдог юманд дагуулж явж билээ” хэмээлээ.

НЯМЫН ЦЭГМЭД МОНГОЛ БИЧИГ ЗААВ

Л.Эрдэнэбулган гуай тухайн үед монгол бичиг сураагүй байсан аж. Гэхдээ бүтээх гэж буй дүрийнхээ тухай судалгаа хийхийн тулд маш их ном уншиж, номын санд суух шаардлага ч гарчээ. Энэ үед түүнд Нямын Цэгмэд монгол бичиг зааж өгсөн гэдэг. Тэр цагаас хойш тэрбээр багшийгаа дагаж, төв номын санд хичээнгүйлэн сууж, дүртэйгээ танилцах болжээ. “Би их азтай хүн. Тэр агуу жүжигчин намайг дагуулаад олон ч удаа явсан. Түүний хэлж буй бүхнийг бичиж аваад өөрөө хүртэл лекц бэлддэг байлаа. Би сонсоно бас бичнэ. Ийм маягаар ажил эхэлж билээ. Үнэхээр ажил ид буцалж байлаа” хэмээн хуучиллаа.

“БААТАР ВАН” ГЭЭД ХЭЛЭХИЙГ СОНСОХ САЙХАН ШҮҮ

“Тухайн үед кино урлагийн сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэггүй байхдаа энэ кинонд тоглосон тул чамлалттай зүйл их бий. Хүн залуу байхдаа сайхан зүйл хийснээ ер анзаардаггүй байж. Тоглосон киногоо гарахаар өөрөөсөө ичнэ. Тэгсэн ард түмэн хаана ч явсан “Баатар ван” гээд хөгшин, залуугүй хүндлэн харилцахад их сайхан. Өнөөдөр эргээд киногоо үзээд баймаар санагддаг. Одоо энэ бүхэн түүхийн баримт болон үлджээ. Миний амьдралын хамгийн жаргалтай, хамгийн баяр баясгалантай, хариуцлагатай мөч бол энэ кино болж өнгөрсөн. Би энэ киногоор дамжуулан Монголын сор болсон хүмүүстэй танилцаж, амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлсэн. Харамсалтай нь, тухайн үед аав, ээж минь хүүгийнхээ дүрийг дэлгэцээс харж чадаагүй юм. Энэ кино миний баяр, баясал, уйтгар гуниг” хэмээн хоолой зангируулан хэллээ.

Түүний хувьд Баатар вангийн дүрийг бүтээснээрээ уран бүтээлийн болоод амьдралын томоохон өөрчлөлтийг хийж чаджээ. Мөн их сургуулийг төгсгөх хэмжээний зүйлийг тэрбээр киноноос суралцсан гэдэг.

“ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ”, “УРГАЦЫН ДАЛАЙ” ДУУГ АНХЛАН ДУУЛЖЭЭ

Л.Эрдэнэбулган театрт 50 гаруй жил ажилласан найруулагч. Тэрбээр Болгарт суралцаж, ирээд Улсын дуурь бүжгийн эрдмийн театртаа дуучнаар ажилласан байна. Энэ хугацаанд “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд 319 удаа тогложээ. Харин найруулагч Г.Жигжидсүрэн дуурийн тоглолтыг их үздэг байсан нь дүрээ хайж явсных болов уу гэлээ.

“Халуун элгэн нутаг” дууг анх дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч бол Л.Эрдэнэбулган. “Ургацын далай” хэмээх алдарт дууг мөн анхлан дуулсан нь түүний дуучин болсон гавьяа хэмээн өөрийгөө үнэлдэг. “Дуучин гэсний хувьд хоёр дууг анхлан дуулчихсан. Би их азтай хүн” хэмээн инээж суув.

Л.Эрдэнэбулганы “Их хувь заяа” хэмээх дурсамж ном 2016 оны есдүгээр сард уншигчийн хүртээл болсон юм. Уг номондоо анх тайзан дээр гарч дуулсан тухайгаа бичжээ.

Түүнийг наймдугаар ангийн төгсөлтийн үдэшлэг дээр ангийнхан нь “Сохор Толяг дуул” гээд тайзан дээр түлхээд гаргачихжээ. Дуулдаг гэдгээ ч мэдээгүй явсан тэрбээр “Аавын цагаан уул” хэмээх Монгол ардын дууг чадлынхаа хэрээр дуулсан байна. “Ёстой л санаанд оромгүй юм болж билээ. Дуулахыг минь сонссон хүмүүс алга нижигнэтэл ташиж, бүр дахиулдаг юм байна. Малын захад л амандаа гунганаж явснаас биш олны өмнө тэгж гарч байсангүй. Тэр үед л урлагийн нэг жижигхэн оч гялалзсан юм болов уу даа” гэж найруулагч анх тайзан дээр гарсан тухайгаа “Их хувь заяа” номондоо дурсан өгүүлжээ.

Өдгөө Булган аймгийн Бугат суманд амьдарч буй Баатар ван дүрээрээ Монголын ард түмний сэтгэлд хоногшсон найруулагч Л.Эрдэнэбулгантай цөөн хором ярилцсанаа хүргэлээ.

ХАТАНБААТАР МАГСАРЖАВ (Монгол кино)

Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулан бүтээв.

  • Бүтээсэн он: 1981
  • Бүлгийн тоо: 18 /өнгөт/ 2 анги
  • Найруулагч: Г.Жигжидсүрэн
  • Зураглаач: Л.Шаравдорж, Г.Цэрэн
  • Зохиолч: С.Удвал, Г.Жигжидсүрэн
  • Хөгжмийн зохиолч: З.Хангал
  • Дууны найруулагч – Б.Самбуу
  • Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн
  • Эвлүүлэгч – Д.Түмэнбаяр, Д.Дэжид, Т.Наранцэцэг

Гол дүр:

  • Магсаржав- Л.Эрдэнэбулган
  • Дамдинсүрэн, Лам Авар- П.Цэрэндагва
  • Ванданов- М.Цолмонбаатар
  • Сүхбаатар- Р.Доржбат
  • Бакич- С.Анатолий
  • Барон Унгерн- Анатолий Ткалыч
  • Фрунзе- Х.Роман
  • Жав- Б.Дамчаа

Дүрүүдэд:

  • Тогоо буюу Боогоо-Дашдэлэгийн Алтангэрэл
  • П.Е.Шетинкин-Николай Маликов
  • АВ.Бурдуков -Андреев Борис
  • Га ноён -Сангижавын Гэндэн
  • Ховдын Амбан -Лоолийн Жамсранжав
  • Богд Жавзандамба хутагт- Нямын Цэгмэд
  • Жаргал -Намсрайн Сувд
  • Дарьзав – Чойжилын Авирмэд
  • Дэрмэн-Доржийн Сэдэд
  • Гүнчинхорлоо-Д.Даваажав
  • Хөрш өвгөн- Дэндэвийн Чимэд-Осор

Киноны агуулга

Эх орныхоо тусгаар тогтнол, зон олныхоо эрх чөлөөний төлөөх тэмцэлд тодрон гарсан Монгол цэргийн домогт жанжин Хатанбаатар Магсаржавын түүхэн үйл амьдралд тулгуурлан бүтээсэн, түүх хувьсгалын сэдэвтэй туульсийн кино роман. Сандагдоржийн Магсаржав нь Булган аймгийн Хутаг сумын Өвөр цагаан бургас гэдэг газар (1878-1927) онд төрсөн. 1905-1911 онд Ховд аймаг дахь Халх жасаанд түшмэлээр томилогдон ажиллаж байв. Манж Хятадын дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1912 оны 7-р сард Ховд хотыг чөлөөлөх байлдааныг Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт удирдаж, манжийн амбаныг Монголын баруун хязгаараас хөөн гаргажээ. Богд хаант Монгол Улсын засгийн газар уг гавьяаг үнэлж Хатанбаатар цолоор шагнажээ. 1922 оноос цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайд, Намын төв хорооны тэргүүлэгч, орлогч, Бүгд хурлын гишүүн, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ.

Зохиогч- Г.Жигжидсүрэн, Д,Цэцэг нарын “Монгол киноны нэвтэрхий толь” номноос иш татав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж