Улаан асрын зүүд (109-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (109-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Зуун есдүгээр бүлэг

ӨЛЗИЙТ СҮНСИЙГ ХҮЛЭЭСЭЭР Ү ЭР ДОР АНДУУ ТАЧААЛ ХҮРТЭЭЖ, ӨР ТӨЛӨӨСӨӨ БАРААД ИН ЧҮНЬ ӨӨРИЙН ОРОНДОО АЖРАВ

Өгүүлэх нь: өрөөндөө Ши Рэнийг дуудаад Бао Чай тэдний хүрээлэнд очсоныг асууж мэдэв. Тэгээд Бао Юйг өвчин олох вэ гэж зовов. Тэгээд Дай Юйгийн үхэхдээ хэлсэн үгийн тухай ярилцсан болж байгаад,

-Хүн амьд байхдаа санаатай, сэтгэлтэй боловч үхэхээрээ чиг чигээ харна. Амьд байсантайгаа адил байж чадахгүй. Амьд хүн хэдий шунавч үхсэн хүн мэдэхгүй. Ялангуяа Линь охин дагина болсон тул түүний нүдэнд, эгэл хүн авахын аргагүй бузар юмаар үзэгдэх тул яалаа гэж энэ ертөнцөд хоргодох вэ. Хүн өөрөө сэжиглэсээр, элдвийн чөтгөр шулмасыг халдааж биеэ зовоох юм гэв. Бао Чай хэдий Ши Рэньтэй ярьж байгаа боловч үнэндээ Бао Юйд л сонсгож байгаа хэрэг. Санааг нь мэдээд цаадах нь:

-Тийм юм яаж байх юм бэ? Линь охины сүнс хүрээлэнд хоргодож байгаа гэвэл, бид хоорондоо сайн л байсан. Яагаад зүүдэнд нэг удаа ч бол орохгүй байна гэв.

Тэр хоёрын яриаг Бао Юй үүдний өрөөнд сонсож л байгаа. Тэгээд нарийвчлан бодвол, нээрэн л жигтэй юм. Би Линь охин дүүгийн үхсэнийг мэдээд, ямагт санасаар ирсэн. Зүүдэнд яагаад орохгүй байна. Тэр лав тэнгэрт гараад над мэтийн эгэл болхи хүнд санаа сэтгэлээ нэвтрүүлж чадахгүй болсон тул зүүд ч үгүй болсон байхаа. Би одоо хажуугийн өрөөнд унтъя. Тэр миний хүрээлэнгээр явсан сэтгэлийг мэдээд зүүдээр нэг уулзаж мэднэ. Би түүний хаана байгааг мэдвэл дандаа тахина. Хэрэв над мэтийн бузар юмыг ойшоохгүй, зүүд ч өгөхгүй бол би түүнийг санахаа байя гэж бодоод: “Би өнөө шөнө хажуугийн өрөөнд унтана. Та нар намайг битгий анхаар” гэсэнд Бао Чай хүчилсэнгүй. Зүгээр л чи битгий элдэв юм бод. Чиний хүрээлэнгээр явсныг дуулаад тайтай үг ч хэлж чадахгүй уурлахыг хараагүй юү. Чи одоо биеэ тойлуулахгүй байж байгаад Лао тайтайд мэдэгдвэл, биднийг анхаарсангүй гэнэ дээ гэв. Бао Юй:

-Битгий ийм юм хэлээч. Би энд сууж байгаад орно. Чи бас ядарсан тул хэвтэж амарч л бай гэсэнд Бао Чай ирнэ гэж бодоод тоглоомоор: “Би одоо унтлаа. Чи Ши Рэнийгээр асруулаарай” гэв.

Энэ нь Бао Юйгийн санаанд таарав. Бао Чайг унтсаны дараа өөр нэг ор засуулаад, дотор гэрт хүн оруулж Эл найнай унтаж уу гэж үзүүлнэ. Цаадах нь унтсан мэт байвч шөнө турш амар байсангүй. Бао Юй, Бао Чайг унтлаа гэж бодоод Ши Рэньд: “Та нар унтацгаа! Миний санаа зовохгүй болов. Итгэхгүй бол намайг хэвтүүлээд орогтун. Намайг сэрээж болохгүй…” гэсэнд, цай ус бэлтгэж тавиад, үүд хааж, дотор орж үзээд хоёул нүдээ аньж түүний ажиг мэдэгдвэл гарч ирэхээр хүлээн хэвтэв.

Бао Юй, Ши Рэнийг орсны дараа манаанд суугч хоёр эмгэнийг гаргаад сэмхэн босож хэдэн үг шившээд хэвтэв. Эхлээд нойр нь хүрэхгүй байснаа, санаа нь амраад нэг шөнө мэдээ сэхээгүй унтав. Үүр цаймагц сэрээд босож нүдээ нухлан суугаад эргэцүүлэн бодвол зүүдлээгүй ажээ. Тийнхүү санаа алдаж чухамдаа “Үхэж хагацаад нэг жил болтол, үзэсгэлэнт дүр нь зүүдэнд эс оров” гэгч болов. Шөнө турш унтаагүй хэвтсэн Бао Чай, хажуугийн өрөөнд Бао Юйгийн хэлэхийг сонсоод:

-Чи айдангуй үг хэлжээ. Линь охин дүү байсан бол бас уурлахад хүрнэ гэв. Цаадах нь эвгүй болсноо мэдээд аргагүй босоод дотор өрөөнд орж хэлэх үгээ олж ядан:

-Би орж ирэх гэж байсан боловч нэг мөсөн унтчихжээ гэсэнд Бао Чай:

-Чиний орж ирэх, ирэхгүй над ямар хамаа байхав гэв. Ши Рэнь унтаагүй тул тэр хоёрын ярилцахыг сонсоод цай аягалж өгөв. Лао тайтайгийн тэндээс бага инж ирж: “Бао Эр Еэ шөнө сайхан унтав уу. Сайхан унтсан бол угааж самнаад эл найнайтайгаа эртхэн ир гэж байна” гэв. Ши Рэнь: “Бао Юй сайхан унтаад, мөд очно гэж Лао тайтайд мэдүүл” гэж инжид хэлэв. Бао Чай ч санд мэнд угааж самнаад Ин Эр, Ши Рэнь нарыг дагуулан Лао тайтайд очиж мэндлээд дараа нь Ван Фүрэнь, Фөн Жегийнд хүрч дэс дараалан ёс гүйцэтгээд эргэж ирвэл эх нь ирчихсэн байв. Хүн бүр л: “Бао Юй сайхан унтав уу” гэж асуусанд Бао Чай: “Зүгээрээ, хариад л унтсан” гэсэнд бүгдийн санаа амрав.

Энэ хэр бага инж орж ирээд: “Бага аниа харих гэж байна. Хүргэн агийн тэндээс хүн ирж, их тайтайгийн тэнд очсоны дараа “Хоно өнж гэж хоргоох хэрэггүй явуулчих” гэж хэлүүлжээ. Одоо аниа, их тайтайгийн тэнд уйлж байна. Мөд Лао тайтайтай салах ёс хийхээр ирэх байх” гэв. Энэ үгийг сонссон бүгд зовж: “Энэ охин мэтийн хүн, ямар муу ерөөлөөр ийм нэг хүнтэй учирдаг байна. Насандаа өөдлөхгүй нь, яадаг ч юм билээ “гэж ярилцаж байтал Ин Чүнь нүүр дүүрэн нулимстай орж ирээд, Бао Чайн баярын өдөр байсан тул арга буюу уйлахаа болиод салах ёс гүйцэтгэв. Жя Мү түүний зовлонг мэдэх болохоор шалж шаардалгүй: “Харих ч яамай. Харин битгий зовоорой. Тийм хүнтэй учирсан болохоор аргагүй юм. Хэд хоногоос хүн явуулаад би чамайг авчруулна” гэсэнд Ин Чүнь: “Лао тайтай намайг дандаа санаж байсан боловч одоо санахаа байжээ. Би одоо дахиж ирж чадахгүй байхаа” гээд уйлав. Цаадуул нь ятган тайвшруулж:

-Ирж чадахгүй болох юу байхав. Гуравдугаар охин дүү шигээ, уулзахуйяа бэрх хол газар явчихсан биш… гэсэнд цөм Тань Чүнийг санаад нулимс унагав. Тэгэвч Бао Чайгийн баярын өдөр тул гомдлоо баяр болгохоос аргагүй болов. Тэгээд: “Хязгаар нутаг амар тайван байвал, тэд нийслэлд ирж, мөд уулзацгаах биз” гэж сэтгэлээ засацгаав. Тэгээд Ин Чүнь арга буюу гуниглан явав. Бүгд гарцгааж түүнийг мордуулаад найраа үргэлжлүүлж үдэш болтол наргив. Аргагүй Жя Мү ядарсныг хараад тарцгаав.

Шюэ Има эндээс гарч охиныхоо байранд очоод: “Ах чинь энэ жилийг нэг юм өнгөрөөлөө. Хэзээ хааны өршөөлөөр уучлал үзэж хөнгөлүүлэх бол гэж хүлээж байна. Энэ хэдэн жил би өнчин ганцаар яаж амьдарна вэ? Одоо хоёрдугаар ахыг чинь гэрлүүлэх санаатай. Чиний бодол ямар байна вэ” гэж асуув. Бао Чай:

-Ээж та, их ахын гэрлэсэн явдалд зүрх чинь үхээд бага ахыг бас хойшлуулсаар энэ хүрлээ. Миний бодлоор бол аль хэдийн буулгах байсан. Шин охиныг ээж ч мэднэ. Одоо эд нар их зовж байна. Буулгаж аваачвал манайх хэдий ядуу ч айлд байснаас хамаагүй дээр шүү дээ гэв. Шюэ Има:

-Чи эвийг нь харж байгаад гэрт хүнгүй. Удахгүй өдөр үзүүлье гэж Лао тайтайд мэдүүл гэсэнд охин нь:

-Ээж та, хоёрдугаар ахтай зөвлөж байгаад сайн өдөр сонгон ирж, Лао тайтай, Их тайтайд хэлээд дараа нь бэрээ буулгавал нэг явдал дуусна. Энд их тайтай ч хурдан буулгахыг хүсэж байгаа байх гэв. Шюэ Има:

-Өнөөдөр Шы охин бас харина гэнээ. Лао тайтай охин дүүг чинь энд байлгаж хэд хонуулах санаатай тул үлдээлээ. Тэр ч бас явах болсон тул эгч дүү нар ярилцаж сууг даа гэж бодлоо гэсэнд Бао Чай: “Тийм, тийм” гэв.

Тэгээд гэр рүүгээ явав. Бао Юй урьд шөнийн зүүдээ бодож суув. Дотроо, Дай Юй зүүдэнд орохгүй байгаагаар бодвол тэр дагина болсон тул над шиг бузар амьтантай уулзахгүй болсон байж мэднэ. Эсвэл би баахан адгасан ч байж мэднэ гэж бодоод, нэг арга олж Бао Чайд “Өчигдөр би сэмхэн гадаах өрөөнд унтвал дотор өрөөнд унтсанаас сайхан унтсан тул өглөө босоход дотор их сэргэлэн мэт байлаа. Би гаднах өрөөнд бас нэг хоёр хонох санаатай боловч та нарын хориглохоос төвөгшөөнө” гэв. Бай Чай тэр өглөө Дай Юйгийн учирт шүлэг уншсан. Түүний тэнэг занг ятган хориглоход хэцүү тул түүнийг тэнд хоёр хонуулж горьдлогыг нь нэгмөсөн тасалъя. Өчигдөр шөнө сайхан унтжээ гэж бодоод:

-Чи учир ч үгүй үг хэлж байна. Чи унтахаа унт. Бид хориглохгүй. Харин элдэв хоёрыг бодсоор ад чөтгөр гэж аашилж болохгүй гэсэнд цаадах нь инээж: “Хэн юм бодоов” гэв Ши Рэнь:

-Эр Еэ хаашдаа л дотор унтвал дээр гэж би ятгана. Гаднах өрөөнд унтаад харж сувилж амжихгүй байтал салхи авбал яах юм бэ гэсэнд Бао Юй үггүй болоод тэднийг нүд ирмэв. Ши Рэнь санааг нь мэдээд: “Тийм бол таныг нэг хүн дагаж, шөнө цай ус хийж өгөх хэрэгтэй болно” гэсэнд цаадах нь инээж: “Тийм бол чи намайг дага” гэв. Ши Рэнь эвгүйрхэн царай нь улайж дуугүй болов. Бао Чай, Ши Рэний номхон томоотойг мэдэх тул “Тэр намайг дагаж дассан тул дагатугай. Шө Юэ энэ тэрээр асруулж болно. Тэр өнөөдөржин намайг дагасан тул унтаж амраг” гэсэнд Бао Юй инээсээр гарав.

Бао Чай, хажуугийн өрөөнд Бао Юйд ор засуулаад хоёр хүнд: “Сэргэг байгаарай. Цай ус авахыг нь сайн анхаарч бай” гэв. Бао Юй орон дээр хуушаан шиг нүдээ аньж, алгаа хавсраад суусан нь инээдтэй байв. Ши Рэнийг ч бас анхаарч бай гэж Бао Чай захив. Түүний байдлыг хараад Ши Рэний ч инээд хүрэв. Тэгээд: “Унтах цаг болсон байтал бас юунд бясалгаад суучихав” гэсэнд цаадах нь нүдээ нээгээд: “Та нар унт. Би баахан суугаад унтана” гэв. Ши Рэнь: “Чиний энэ байдлаас болоод Эр найнай цаад шөнө унтаагүй. Чи дахин дахин ингэж ааш гаргаад байвал юу болох вэ гэсэнд Бао Юй өөрийг нь унтахгүй болохоор цөм унтахгүй нь гэж бодоод тэр дороо унтав. Ши Рэнь ч Шө Юэ, Ү Эр хоёрт үг захиад унтав. Шө Юэ нар ч, Бао Юйг хэвтүүлээд хэвтэж амрав. Бао Юйгийн нойр хүрдэггүй, тэдний ороо засаж байхыг хараад гэнэт тэр жил Ши Рэнийг эзгүй байхад Чин Вэнь, Шө Юэ хоёр хань болж байлаа. Нэг шөнө гадаа гарсан Шө Юэг айлгах гэж Чин Вэнь нимгэн хувцастай гараад салхи цохиулж түүнээсээ болж өвдсөөр үхсэн явдал санагдав. Тэгээд хамаг санаа сэтгэл нь Чин Вэньд шилжив. Гэнэт бас Ү Эр бол Чин Вэнийг өвчөөд төржээ гэсэн Фөн Жегийн хэлсэн үг бодогдоод, түрүүчийн охиныг санах сэтгэл нь сүүлийнх дээр шилжив. Тийнхүү унтсан мэт болж Ү Эрийг сэм харвал, харах тусам Чин Вэньтэй адил тул дүйнгэ зан нь дахин хөдлөв. Чагнаж байвал дотор өрөөнд чимээгүй. Унтацгаасан бололтой. Гэвч Шө Юэгийн унтсан эсэх мэдэгдэхгүй тул хоёронтаа дуудсанд дуугарсангүй. Ү Эр түүний дуудахыг сонсоод: “Эр Еэ юу авах вэ” гэсэнд цаадах нь: “Би амаа зайлъя” гэв. Шө Юэ унтсан учир Ү эр босож бадмаарсан лааг хайчилж засаад, нэг цөгц цай хийж, нэг гартаа нулимуурын сав барин зогсов. Тоорын ягаан цамцтай, гэзгээ сулхан ороосон хэвээр яаран боссон тул Бао Юйд үнэхээр Чин Вэнь амилсан мэд харагдав. Бас Чин Вэний “Хилс нэр үүрэхээ эртхэн мэдсэн бол үнэнхүү нэг бодолтой явах байжээ” гэж хэлснийг нь гэнэт санаад цайгаа ч авахгүй мэлрэв. Фан Гуанийг явснаас хойш Ү Эр ч орж ирэхээ больсон. Сүүлд Фөн Же түүнийг авчирч Бао Юйг асруулах гэснийг сонсоод Бао Юй түүний ирэхийг хүссэнээс илүү яарсан ажээ. Энд орж ирсэн хойноо Бао Чай, Ши Рэнь нарын тогтуун сайхан занг үзээд дотроо машид бахархсаны дээр Бао Юй угийн өнгө зүсээ алдаад дүйрэнгэ мангуу болоод, бас түүнтэй инээж наадсан охидыг Ван Фүрэнь хөөж явууллаа гэж сонссон тул хүүхэн сэтгэл, хөнгөн хүслээ цөмийг хойш тавьжээ. Гэтэл энэ дүйрэнгэ ноён энэ шөнө түүнийг Чин Вэнь гэж бодоод тэсгэлгүй дурласныг яана вэ. Ү Эр хэдийн ичиж хацар нүүр нь улайгаад, бас чанга дуугарч чадахгүй арга буюу зөөлнөөр: “Эр Еэ амаа зайл” гэв. Бао Юй инээн цайг авч амаа зайлахыг мартаад хи хи гэж инээн: “Чи, Чин Вэнь эгчтэйгээ сайн байсан уу” гэвэл цаадах нь учир ухааныг нь ололгүй: “Эгч дүү бид муудах ёс байна уу” гэв. Бао Юй бас сэмхэн “Чин Вэний өвчин хүндрээд намайг очиход чи бас очсон, тиймээ” гэсэнд цаадах нь инээгээд толгой дохив. Бао Юй: “Чи түүний юм ярихыг сонссон уу” гэсэнд “Үгүй” гээд толгой сэгсрэв.

Бао Юй баахан мангуурч Ү эрийн гараас татсанд цаадах нь сандарч зүрх нь түгшин “Эр Еэ зүгээр л хэлэх юм байвал хэл. Битгий чангааж татаад бай” гэв. Бао Эр гарыг нь тавиад:

-Тэр надад “Хилс нэр үүрэхээ эртхэн мэдсэн бол үнэнхүү нэг бодолтой явах байж” гэж хэлснийг чи сонсоогүй гэнээ гэсэнд, өөрийг нь өдөж байгааг мэдсэн боловч яах ч аргагүй тул:

-Тэр нэр нүүргүй болсондоо тэгжээ. Тэр бол манай эндэхийн охин хүний амнаас гарах үг мөн үү… гэхэд нь Бао Юй сандарч:

-Чи бас яагаад ийнхүү өвгөн багшийн үг хэлнэ вэ. Би чамайг түүнтэй адилхан төрснийг хараад сая энэ үгийг чамд хэлсэн байтал чи яаж ийм юм хэлж түүнийг үгүй хийнэ вэ гэв. Ү Эр, Бао Юй дотроо ямар санаатайг мэдээгүй тул:

-Орой болжээ. Эр Еэ одоо унт даа. Суугаад байвал даарна шүү. Сая найнай, Ши Рэнь хоёр юү захив аа гэж асуусанд Бао Юй: “Би даарахгүй ээ” гэснээ, түүнийг гадуур хувцсаа өмсөөгүйг хараад, түүнийг Чин Вэнь шиг салхи цохиулах вэ гэж зовж: “Чи юунд гадуур хувцсаа өмсөлгүй ирсэн юм бэ? гэсэнд цаадах нь: “Та сандрангуй дуудсан тул хувцас өмсөж амжаагүй. Ийм их юм ярихыг чинь мэдсэн бол өмсдөг л байж” гэсэнд Бао Юй өөрийн хучлагад тавьсан хөвөнтэй хүрмийг авч: “Үүнийг нөмөр” гэж түүнд өгөв. Цаадах нь авалгүй: “Эр Еэ өөрөө хучтугай. Би даараагүй. Даарвал над дээл бий” гээд орон дээрээс дээл авч нөмрөв. Тэгээд Шө Юэг дуг нойрон дундаа байгааг мэдээд, алгуурхан дөхөж ирж:

-Эр Еэ энэ шөнө тамираа тэжээх гэсэн бишүү гэсэнд Бао Юй инээж:

-Юун тамир тэжээх вэ? Би чамд үнэнээ хэлье. Би харин дагинатай учрах санаатай… гэсэнд цаадах нь улам сэжиглэж:

-Ямар дагинатай учирна гэнээ… гэтэл Бао Юй:

-Энэ үг урт болно. Чи хажууд суугтун. Би чамд хэлье гэв. Эү Элийн царай улайж, инээмсэглэн:

-Чи хэвтэж байхад би яаж суух вэ гэв. Бао Юй:

-Энэ хамаагүй ээ. Тэр жил нэг хүйтэн шөнө, Чин Вэнь эгч чинь, Шэ Юэтэй наадсанд би дааруузай гээд хөнжилдөө өвөртөлсөн юм. Энэ яадаг юм. Хүн болон явагчид худал хуурмаггүй л бол сайн шүү дээ гэв. Эдгээр үг нь Эү Элд Бао Юйгийн завхай үг мэт санагдсан боловч үнэндээ энэ дүйнгэтсэн ноён бол үнэн сэтгэлийн үгээ хэлж байх мэт санагдав. Эү Эл энэ хэр явж ч чадахгүй, зогсож ч болохгүй, сууж ч мэдэхгүй арга ааш нь алдрав. Тэгээд нэг ширвэж харснаа жуумалзаад “Битгий дэмий чалчаад бай. Хүн сонсвол ямар үг гэнэ вэ. Хүмүүс таныг ямагт охидод хамаг анхаарлаа тавьдаг гэдэг нь худал биш юм байна. Дэргэд чинь, дагина мэт Эр найнай, Ши Рэнь эгч байж байхад бас хүнтэй зууралдах дуртай. Маргааш дахиад ийм юм хэлбэл Эр найнайд мэдүүлнэ. Тэгээд чамайг ямар нүүрээрээ бусдын нүүр харахыг чинь үзье” гэв.

Тэр хоёр ийн ярилцаж байтал гадаа ямар нэг юм түн гэж дуугарсанд зэрэг цочив. Дотор өрөөнд Бао Чай нэг ханиасанд Бао Юй уруулаар дохисонд Ү Эр сандран дэнгээ унтрааж сэмхэн хэвтэв. Бао Чай, Ши Рэнь хоёр цаад шөнө унтаагүй бөгөөд бас өдөр амраагүй тул мэдээ сэхээгүй унтаад эдний яриаг ер сонссонгүй. Гадаа сая гарсан чимээгээр цочин сэрээд чагнавал нам жим ажээ. Бао Юй орон дээрээ хэвтээд, дотроо, Линь охин дүү ирж, намайг энэ Ү Эртэй ярилцахыг сонсоод биднийг зориуд айлгасан байхаа гэхчилэн бодоод эргэж хөрвөн, таван жин өнгөрөөгөөд сая үүрэглэж эхлэв.

Энэ Ү эр, Бао Юйтэй хагас шөнө элдвийг яриад бас Бао Чайгийн ханиахыг сонсоод, түүнийг сонсоо болов уу гэж айж элдвийг бодсоор бас нойр нь хүрсэнгүй. Өглөө эрт босоод харвал Бао Юй дуг нойрондоо унтаж байсан тул сэмхэн гэрээ цэвэрлэв. Шө Юэ сэрээд “Чи яагаад эрт босов. Чи шөнөжин унтаагүй юм уу” гэсэнд энэ мэдсэн төлөвтэй гэж бодоод, эвгүйрхэн инээв. Төдөлгүй Бао Чай, Ши Рэнь нар ч босож үүдээ нээв. Бао Юй унтсаар байхыг хараад яаж хоёр шөнө гаднах өрөөнд тайван унтав гэж гайхав.

Бао Юйг босоход бүх хүн боссон байв. Тэрбээр нүдээ нухлан суухдаа нарийвчлан бодвол бас л зүүдэлсэнгүй. Тийнхүү “Эгэл хүн, дагина хоёрын зам нийлэхгүй” гэж бодов. Орноосоо алгуурхан буухдаа, шөнө Ү Эр “Бао Чай, Ши Рэнь цөм дагина мэт” гэсэн нь ташаагүй гэж бодсоор Бао Чайг мэлрэн харав. Цаадах нь түүний мэлрэхийг хараад, хэдий Дай Юйг л бодсон гэж бодовч зүүдэлсэн, эсэхийг нь мэдсэнгүй. Түүнийг хараад байхад эвгүй санагдсан тул “Шөнө дагинатай учрав уу” гэж асуув. Бао Юй шөнийн яриаг нь Бао Чай сонссон гэж бодоод инээж: “Энэ юү гэнэ вэ” гэж муухан дуугарав. Ү энэ үгийг сонсоод, дотор нь сэргэсэн ч юм хэлж чадахгүй, Бао Чайг ажиж байв. Бао Чай инээн Ү Эрээс “Эр Еэ зүүдээрээ хүнтэй ярихыг чи сонсов уу” гэж асуусанд Бао Юй сууж ядан гарав. Ү Элийн царай улайж, хайш яйшхан,

-Урьд шөнө хэдэн үг хэлснийг би тодорхой сонссонгүй. Юутай “Хилс нэр үүрэв” гэтэл бас юунай “Бодолтой явах байжээ” гэв. Мэдсэн ч гүй ээ би. Эр Еэг хэлж байж унтуулав. Сүүлээр нь би унтаад… дахиад юм ярьсан эсэхийг мэдээгүй гэв. Бао Чай тонгойж дотроо энэ үг цөм Дай Юйтэй хамаатай. Гэвч дураар нь гадна байлгавал бас санаа нь самуурч чөтгөр шулмас халдахаас айна. Ялангуяа түүний хуучин өвчин бол эгч дүү нараа санасаар олсон юм. Иймийн тул аргалж сэтгэлийг нь эргүүлж авчирвал сая санаа амар болно гэж бодтол тэсгэлгүй царай нь улайж, чих нь халуу оргисон тул юм хэлэлгүй угааж самнахаар гэртээ оров.

Дараагаар хоёр өдөр найрлаад Жя Мүгийн идэш нь жаахан хэтэрсэн тул шөнө баахан эвгүй хоноод дараа нь гэдэс дүүрэх мэт санагдав. Юань Ян, Жя Жөнд хэлэх гэсэнд Жя Мү:

-Энэ хоёр би ховдоглоод илүү идсэн юм. Одоо өлсөхөөр зүгээр болно. Та нар үймрэх хэрэггүй гэсэнд, Юань Ян хүнд хэлсэнгүй.

Бао Юйг гаднаас орж ирэхэд Бао Чай, Жя Мү, Ван Фүрэнь нар оройн мэнд хүргээд ирж байв. Бао Юй өглөөний явдлыг бодоод баахан ичингүйрэв. Бао Чай түүний энэ байдлыг хараад ичиж зовж байгааг нь мэдэв. Тэр бол янаг дурд шунахай хүн тул түүний энэ өвчнийг мөн янагийн явдлаар засах хэрэгтэй гэж бодоод Бао Юйгээс: “Энэ шөнө мөн гадна унтах уу” гэсэнд түүний урам хугарч “Дотор гадаа цөм адилхан” гэв. Бао Чай дахиад дуугаръя гэсэн боловч амнаас нь үг гарч өгсөнгүй. Ши Рэнь: “За болтугай, энэ ямар ёс гэнээ. Гадна тайван унтана гэгчийг би итгэхгүй” гэсэнд Ү Эр энэ үгийг сонсоод сандран: “Эр Еэ гаднах өрөөнд унтвал өөр нь ч гайгүй. Зүүдээрээ учир ухаангүй юм ярих дуртай. Өөдөөс нь дуугарч бас чадахгүй” гэв. Ши Рэнь: “Би өнөөдөр гаднах өрөөнд унтаж зүүдээрээ ярих эсэхийг нь үзье. Та нар Эр Еэгийн ор дэвсгэрийг дотор өрөөнд засвал болно” гэсэнд Бао Чай дуугарсангүй. Ичиж зовж байсан Бао Юй яаж маргаж чадах вэ. Тэр дороо үгийг даган орж ирэв. Нэгд, Бао Юй буруугаа мэдээд Бао Чайгийн гомдлыг тайлах санаатай. Хоёрт, Бао Чай бол Бао Юйгийн бодлого ахдаад өвчин болуузай хэмээн зовж, зөөлнөөр сэтгэлийг нь эргүүлж “Алтан дээр хаш шигтгэх” арга хэрэглэхийг боджээ. Тэр үдэш Ши Рэнь нүүж ирсэнд, Бао Юй бол ялаа тайлах санаатай, Бао Чай бол” цагааруулах санаагүй тул бэр болсноос одоо хүртэлх хугацаанд сая л ертөнцийн жаргалыг эдэлж манан хүдэн арилж нар бороо тэнцжээ. Үүнээс “Арга билиг нөхцөлдөж, үр нахиа хөвөрсөн” хожмын явдлыг үл өгүүлнэ.

Өглөө Бао Юй, Бао Чай хоёр зэрэг босов. Бао Юй угааж арчиж дуусаад, Жя Мүгийнд очив. Тэрбээр Бао Юйд хайртайгаас гадна бас Бао Чайгийн ачлалтайг бодож, Юань Янгаар авдраа нээлгээд Хань улсын үеийн нэг хэсэг хаш гаргав. Энэ хаш нь Бао Юйгийн хашинд хүрэхгүй боловч чимэг болгон зүүвэл бас ч сонин эвтэй харагдана. Юань Ян түүнийг гаргаж Жя Мүд хэлэхдээ: “Энэ эдийг би ер үзээгүй мэт санагдана. Лао тайтай өдий олон жил аль авдар дотор ямар хайрцагт байхыг хүртэл марталгүй иржээ. Би Лао тайтайгийн хэлснээр үзэхэд л байж байна. Та одоо үүнийг гаргаж юү хийнэ гэсэнд Жя Мү:

-Чи яаж мэдэх вэ. Энэ хашийг элэнц аав, манай өвөг аавд өгч өвөг аав надад хайртай тул намайг бэр болоход дуудаж, аваачаад өөрийн гараар над өгөхдөө: “Энэ хаш бол Хан улсын үед зүүж хэрэглэдэг байсан үнэтэй эрхэм эд болох тул чи үүнийг үзвэл намайг үзсэн мэт бодож байтугай” гэсэн юм. Тэр үед би бас бага байсан тул авчраад юм хийсэнгүй. Авдрын ёроолд орхижээ. Энд ирээд, манай гэрийн эд юм элбэг тул үүнийг бас юм болгосонгүй. Зүүж барьсан ч үгүй, хадгалсаар жар гаруй жил болжээ. Одоо Бао Юй ийм ачлалтайн дээр бас хашаан гээсэн тул овог дээдсээс над өгсөн, тэр санаагаар гаргаж өгье гэсэн бөлгөө гэв.

Бао Юйг орж амар эрэхэд Жя Мү баярлаж:

-Нааш ир. Би чамд нэг юм үзүүлье гэв. Тэрбээр Жя Мүгийн орны дэргэд очиход нь, өнөөх хашаа авч өгөв. Тэр гурван ямх бүдүүн, зүрхэн хэлбэртэй, улаан судалтайг, Бао Юй авч үзээд ихэд магтав. Жя Мү:

-Чи дуртай байна уу. Энэ бол миний элэнц аавын над өгсөн эд юмаа. Би чамд өгье гэсэнд Бао Юй инээж мөргөн талархаад бас аваачиж эхдээ үзүүлье гэв. Жя Мү:

-Эх чинь үзээд, эцэгт чинь хэлбэл, тэд ачийгаа хүүгээсээ илүү хайрладаг гэнэ дээ. Тэд үүнийг үзээгүй юм гэсэнд Бао Юй инээсээр гарч явав. Бао Чай нар ч хэдэн үг хэлээд гарч ирэв.

Үүнээс хойш Жя Мү хоёр өдөр хоол идсэнгүй. Өвчүү цээж нь агшиж, нүд нь эрээлжлэн толгой нь эргэж ханиалгана. Ван, Шин хоёр Фүрэнь, Фөн Же нар ирж амар эрэв. Жя Мүгийн царай зүгээр сайхан боловч Жя Жөнд хэлэв. Тэрбээр ирж ээждээ мэнд хүргээд эмч залуулав. Төдөлгүй эмч ирж судсыг нь барьж үзээд настай хүн, хоолоо хорьсны гадна жаахан салхи авчээ. Хөөж тараавал сайжирнаа гэв. Бичсэн жорыг нь үзвэл, ерийн л эм байсан тул чануулж уулгав. Үүнээс хойш Жя Жөн өглөө үдэш ирж биеийг нь асуух болов. Гэтэл гурван өдөр болоход Жя Мүгийн өвчин намдсангүй. Тэгээд Жя Ляньд “Эмч хурдан залж Лао тайтайг үзүүл. Манай эмч нар төдий сайн биш тул өөр сайн эмч олж ир” гэв. Цаадах нь бодоод: “Тэр жил Бао дүүг өвдөх төдий л хүн эмчилдэггүй хүн авчирч үзүүлээд сайн болсон. Одоо түүнийг эрье” гэв. Жя Жөн:

-Эмчийн ёс гэгч асар бэрх. Ядмаг эмчийн эрдэм нь харин сүрхий байна. Залуулагтун гэсэнд Жя Лянь явснаа төдөлгүй хүрч ирэв. Жя Лянь:

-Тэр Лю эмч саяхнаас хөдөөгүүр явж бичиг заах болоод арваад хоноод хотод ирдэг гэнэ. Түүнийг хүлээхэд хэцүү тул өөр нэгийг залж ирлээ гэв. Жя Жөн сонсоод аргагүй үзүүлэх болов. Жя Мүг өвдсөнөөс хойш бүх гэрийн бүсгүйчүүд өдөр болгон ирж мэндийг нь мэдэх болов. Нэг өдөр тэднийг байж байтал хүрээлэнгийн доторх захын хаалга сахигч эмгэн орж ирээд:

-Хүрээлэн доторх Лун Цүй Ань сүмийн Мяо Юй багш Лао тайтайгийн өвдсөнийг дуулаад тусгайлан амар айлтгахаар ирлээ гэж мэдүүлсэнд тэд “Тэр үргэлж ирэхгүй байж байгаад өнөөдөр зорьж ирсэн тул хурдан залж оруул” гэсэнд Фөн Же, Жя Мүд хэлэв. Шю Янь түүний хуучин танил болох тул гарч угтав. Мяо Юй далбагар цан малгай тавьж, цэгээн дурдан хүрэм өмсөж, гадуураа хар торгон хөвөөтэй номт дээл хэдэрч шаргал сунтагаар дарж уяад, бараан хуартай цагаан хив хормойвч бүсэлж, гартаа хандгайн сүүлэн дэвүүр, эрхи барьж бас нэг бага инж дагуулаад найгалзан нахилзсаар айсуй. Шю Янь очиж мэнд мэдээд:

-Хүрээлэнд байхдаа үргэлж очиж тантай уулзаж байлаа. Ойрноос хүрээлэнд хүн цөөрөөд ганцаар явж очиход хэцүү болсноос гадна манай эндэхийн бага хаалгыг хаасан тул тантай уулзалгүй уджээ. Өнөөдөр л золоор уулзлаа гэв. Мяо Юй:

-Анхандаа их хөл үймээнтэй байлаа. Тэгэхэд та нар гаднах хүрээлэнд байсан боловч би үргэлж ирж очих аргагүй байлаа. Одоо эндэхийн учир явдал тийм сайнгүй. Лао тайтайг өвчтэй гэж сонсоод, бас чамайгаа ч санаад, Бао охинтой ч нэг уулзъя гэж бодоод ирлээ. Танайхан үүдээ хаах, хаахгүй ч над ямар хамаа байхав. Би ирье гэвэл ирнэ. Ирэхгүй гэвэл та нарыг ир гэсэн ч ирэхгүй шүү дээ гэсэнд Шю Янь:

-Та бас хуучин зангаараа л байна гэв.

Тэр хоёр ийн ярилцсаар Жя Мүгийнд очив. Амар мэндээ мэдэлцэв. Мяо Юй Жя Мүгийн дэргэд очоод хэдэн үг хэлэв. Жя Мү: “Та бол охин бодьсадваа, таны үзэхээр миний энэ өвчин эдгэрнэ үү” гэж асуув. Цаадах нь: “Лао тайтай бол нигүүлсэнгүй сэтгэлт хүн тул насан хутаг их байна. Түр салхи авсан төдийд хэдэн тун эм уувал сайн болох байхаа. Настай хүн тайван байх хэрэгтэй” гэв. Жя Мү

-Би харин эдгээр учирт зовохгүй. Би бол баяр цэнгэлд их дуртай хүн. Одоо энэ өвчин ч дэмий мэдэгдэхгүй. Харин цээж бачимдана. Сая эмч ирээд уурлаж уцаарласнаас болсон гэж байна. Чи мэдэж байгаа. Хэн намайг аймшиггүй уурлуулж чадах вэ. Энэ бол тэр эмч судас бариад юм мэддэггүйг л харуулж байна. Харин түрүүнд нэг эмч үзээд, салхи авч, хоолоо харьж гэсэн. Тэр бол таарна. Маргааш түүнийг залж иртүгэй гэж Жя Лянь хөвгүүнд хэлсэн гээд Юань Янд: “тогооны гэрт хэлээд нэг ширээ цэвэрхэн сайхан цагаан хоол хийлгэ. Мяо Юй багш энд бэлэн цав бариг” гэв. Мяо Юй:

-Би үдийн хоол идсэн. Би одоо юм идэхгүй гэсэнд Ван Фүрэнь:

-Хоол идэхгүй нь яахав. Тайван сууж, ярилцаж сууцгаая л даа гэсэнд Мяо Юй:

-Би ойрд ирж та нартайгаа уулзсангүй. Өнөөдөр зориуд ирлээ. Жаал ярьж хөөрье гэв. Эргэж харахад нь Ши Чүнь зогсож байсан тул, дөрөвдүгээр яагаад ийнхүү муудсан бэ. Зураг зураад л нэг их битгий зүдрээрэй дээ гэсэнд цаадах нь:

-Би зурахаа больсон. Одоо сууж байгааг эр, хүрээлэнгийн байр шиг тийм уудам саруул биш болохоор юм зурах санаагүй болжээ гэв. Мяо Юй:

-Чи хаана сууж байна вэ гэсэнд цаадах нь

-Таны сая орж ирсэн хаалганы зүүн байр. Та ирвэл ойрхон болсон гэв. Мяо Юй:

-Би танайхыг нэг очиж үзьеэ гэсэнд Ши Чүнь аваад явав. Тэднийг буцаж ирэхэд Жя Мүг үзэх эмч ирж байна. Хүмүүс ч тарав.

Жя Мүгийн өвчин өдрөөс өдөрт хүндэрч, эмч залж үзүүлэвч тус болохгүй байсаар сүүлдээ доошоо суулгах болов. Жя Жөн сандарч засах аргагүй болсныг мэдээд яамандаа хүн илгээж чөлөө хэлүүлээд Ван Фүрэний хамт өдөр шөнөгүй сахиж эм тан уулгав. Нэг өдөр Жя Мү баахан идэж уусан тул сэтгэл нь баахан уужрав. Үзвэл, зарц эмгэн үүдний гаднаас харж байсан тул Ван Фүрэнь Цай Юнийг явуулж асуулгав. Очоод харвал, Ин Чүнийг дагаж Сүнь овогтынд очсон хүн байв. Цай Юнь: “Чи юу хийж байгаа юм бэ” гэж асуувал тэр эмгэн: “Би ирээд удсаан. Эгч нарыг эрээд олсонгүй. Би бас цүлс аашилж чадахгүй, бас сандарч байна” гэсэнд Цай Юнь: “Чи юундаа сандардаг юм бэ. Танай хүргэн, охиныг дарласаар буюу” гэв. Эмгэн: “Охин болохгүй боллоо. Уржигдар нэг удаа үймэлдээд… дараа нь охин шөнөжин уйлсан. Өчигдөр амьсгаа нь бөглөрчээ. Гэтэл эмч залахгүй байсаар өнөөдөр улам хэцүү боллоо” гэсэнд Цай Юнь: “Лау тайтай өвчтэй байна. Битгий үймүүлээд бай” гэв.

Эдний яриаг Ван Фүрэнь дотроос сонсоод, Лао тайтайд сонсгож болохгүй гэж бодоод Цай Юнийг цааш холдож ярь гэв. Тэгтэл өвчтэй нам жим байсан Жя Мү:

-Ин охин үхэж үү гэж асуув. Ван Фүрэнь,

-Үгүй ээ. Эмгэд учир мэдэхгүй байна. Энэ хоёр өдөр өвдөөд, сайн болохгүй болохоор нь эмч залахаар иржээ гэв. Жя Мү:

-Намайг үзсэн эмч сайн шүү. Түүнийг хурдан аваачиж үзүүл гэв. Ван Фүрэнь, Цай Юньд

-Энэ эмгэнийг явж, их тайтайд мэдүүл гэж хэл гэв. Эмгэн ч явав. Энэ үед Жя Мү:

-Миний гурван ач охины нэг нь туйлын жаргал эдлээд үхэв. Гуравдугаар хол айлд очоод олж уулзах аргагүй болов. Ин охиноо хэдий зовлонтой боловч тэсээд гарна гэж бодож байсан юмсан. Цэл залуугаараа үхэхэд хүрнэ гэж ер санасангүй. Тэгэхээр над мэтийн өтөлсөн хүн амьд явсны хэрэг юү байна вэ гээд гаслав. Ван Фүрэнь, Цай Юнь хоёр тайвшруулж ядав.

Энэ үед Бао Чай, Ли Вань нар гэрт байгаагүй бөгөөд Фөн Же ч өвчтэй гэртээ байв. Ван Фүрэнь, Жя Мүг гаслан зовсоор хүндрүүзэй гэж зовоод тэднийг ирүүлжээ. Энэ завсар өөрөө гэртээ хариад Цай Юнийг зэмлэв. Тэгээд:

-Тэр эмгэн чинь учир мэдэхгүй хүн. Үүнээс хойш намайг Лао тайтайгийн дэргэд байхад, явдалтай бол ирж мэдүүлэх хэрэггүй гэж захив.

Мөнөөх эмгэнийг Шин Фүрэний тэнд очмогц гаднаас “Хоёрдугаар аниа үхжээ” гэж хэлүүлсэнд Шин Фүрэнь сонсоод уйлав. Эцэг нь гэртээ байхгүй тул арга буюу Жя Лянийг явуулж үзүүлээд, Жя Мүд хэлсэнгүй. Хөөрхий нэг цэцэг мэт саран адил хүүхэн ураглаад жил гаруйхан болоод Сүнь овогтны дарлалд нухлуулсаар амиа алдаад, ядахдаа энэ үед Жя Мүгийн бие муудаж хүмүүс дэргэдээс нь салахын аргагүй байх зуур, тэднийхэн хойтын явдлыг нь хайш яйш дуусгажээ.

Жя Мүгийн өвчин хүндэрч хажуугаар нь ач охидоо санаж зовсоор. Гэнэт Шян Юнийг санаж, хүн явуулж үзүүлэв. Явсан хүн эргэж ирээд Юань Янг эрэв. Тэр Лао тайтайгийн дэргэд байжээ. Бас Ван Фүрэнь нар байгаад орж уулзаж чадсангүй. Тэгээд Ху Пог олж уулзав. Түүнд:

-Лао тайтай, Шы охиныг санаад биднийг явуулж асуулгасан юмаа. Очоод үзвэл, Шы охин уйлж байна. Нөхөр нь гэнэт өвдсөн гэнээ. Эмч үзээд, энэ өвчин эдгэхэд хэцүү. Сүрьеэ өвчин болж хувирвал дөрөв таван жил тэснэ гэсэн гэнээ. Тийнхүү Шы охин их зовж байна. Тэр Лао тайтай өвдсөнийг мэдээд ирж чадахгүй зовж байна. Бас биднийг Лао тайтайгийн дэргэд битгий хэл. Хэрэв Лао тайтай асуувал хувиргаж хэл гэж бидэнд захилаа гэсэнд Ху По санаа алдаад: “За чи яв” гэв. Тэгээд шууд хэлэх аргагүй тул Юань Янд урьдаар хэлээд худал хэлүүлье гэж бодоод Жя Мүгийн тэнд очив. Энэ үед Жя Мүгийн царай их хувирсанд доор зогсож байсан нэг хүн: “Болохоо байлаа” гэж шивнээд дуугүй болов.

Жя Жөн, Жя Лянийг дэргэдээ аваачаад хэдэн үг шивнэв. Цаадах нь толгой дохиод гарч гэртээ байгаа хүмүүсийг дуудан: “Лао тайтайгийн явдалд бэлдэх болов. Та нар явцгааж бэлтгэ. Эн тэргүүнд авсыг нь гаргаж үзээд доторло. Гэрүүдээр хурдан явж, хүн бүрийн хувцасны хэмжээг аваад данс бичүүлж, оёдолчноор бэлэвсрэлийн хувцас хийлгэх хэрэгтэй. Цацар босгох, дамнах, жагсах явдлуудыг цөм хэлэлцэн тогтох хэрэгтэй. Тогооны гэрт илүү хэдэн хүн нэмэх хэрэгтэй” гэсэнд Лай Да нар:

-Энэ явдалд зовох хэрэггүй. Бид хэдийн төлөвлөчихсөн. Гагцхүү мөнгийг хаанаас гаргах вэ гэж асуув. Жя Лянь:

-Мөнгийг гаднаас авахгүй. Лао тайтай хэдийн бэлдээд тавьчихсан. Сая Лаое сайхан гүйцэтгэх хэрэгтэй гэж байна. Хүмүүс харсан ч сайхан болно гэсэнд Лай Да нар хүлээн авч бэлтгүүлэв. Жя Лянь хариад Пин Эрээс: “Найнай чинь өнөөдөр ямар байна вэ” гэсэнд уруулаар дотогш дохиж: “Чи орж үз” гэв. Жя Лянь орж үзвэл, цаадах нь хувцсаа өмсөх гээд хөдөлж чадахгүй, ханзны ширээ түшээд амсхийж байв. Жя Лянь:

-Чи бараг сувилуулж сууж чадахгүй байхаа. Лао тайтайгийн явдал өнөө маргаашгүй болов. Чи түүнээс зайлах биш. Хурдхан гэрээ зөөлгүүлээд, аргалаад шүд зуун оч. Явдал болбол чи бид хоёр эндээ ирэх ч хэцүү болно гэсэнд Фөн Же:

-Үүнийг зөөлгүүлж ядах юү байхав. Энэ жаахан юмыг… Чи очиж бай. Лаое дуудаж мэднэ. Би хувцсаа солиод очъё гэв.

Жя Лянь эргэж яваад Жя Жөнд: “Алив явдлыг цөмийг хариуцах эзэнтэй болгов” гэж мэдүүлэв. Гаднаас ордны эмч ирэв гэв. Дотогш оруулж судсыг бариулав. Эмч гарч ирээд Жя Ляньд сэмхнээр: “Лао тайтайгийн судас муу байна. Хичээцгээ” гэв. Жя Лянь санааг нь мэдээд Ван Фүрэнь нарт хэлэв. Ван Фүрэнь, Юань Янгаад нүд ирмэж, Жя Муд өмсгөх хувцсыг бэлтгүүлэв. Жя Мү нүдээ нээж: “Цай ууя” гэв. Шин Фүрэнь нэг цөгц орхоодойн шөл барьсанд оочин завдсанаа: “Үүнийг үгүй. Ганц цөгц цай” гэсэнд тэд зөрчиж чадсангүй, яаран авчирч барив. Эхлээд нэг оочсоноо, жаахан байж байгаад ахин нэг оочоод “Би босож сууя” гэв. Жя Жөн нар:

-Лао тайтай хэрэгтэй зүйлээ хэлбэл болно. Босохгүй бол сайнсан гэв. Жя Мү:

-Ус оочоод дотор овоо онгойлоо. Босож суугаад та нартай ярилцъя гэсэнд Жэнь Жу нар түшиж босгов. Жя Мүгийн царай нилээд засарсан мэт харагдав.

Үхэж, сэхэхийн алин болохыг дараах бүлэгт үзтүгэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж