60 тэрбумын “эзэн” нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй ажлаа өгч, Хотын дарга Су.Батболд түүний оронд “түр” ажиллаж байгаа. Аливаа сонгууль бүрийн дараа намууд дотоод журмын дагуу намын их хурлаа хийж, удирдлагадаа шинэчлэл хийдэг. Тухайн үеийн МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлж, олонхын санал аван нийслэлийн намын хороогоо удирдсан. Тэгвэл нийслэлийн МАН-ын хороо 2012 оны наймдугаар сард хуралдаж, Ц.Сандуйг даргаараа томилсон бөгөөд 2014 онд түүнийг улираагаад байсан юм. Гэвч нийслэлийн намын хороогоо таван жил удирдсан Ц.Сандуй 60 тэрбумын асуудлаас болж, нам дотроо ганцаараа хариуцлага хүлээж албаа өгсөн. Түүнээс хойш нийслэлийн МАН-ын хороо хуралдана гэх яриа намын нөхдийн дунд, улс төрийн хүрээнийхний дунд байгаа ч одоо болтол МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хурлын товоо зарлаагүй байна.
Намын дүрмийн дагуу Бага хурлаас сонгох ёстой юм байна. Тус дүрмийн 11.1-т “…Аймаг, нийслэлд намын удирдах дээд байгууллага нь аймаг, нийслэлийн намын Бага хурал, түүний чөлөөт цагт аймаг, нийслэлийн намын хорооны хурал байна”,12.1.6-т “…Аймаг, нийслэлийн намын хорооны даргыг энэ дүрмийн 20.3.14-т заасан журмын дагуу сонгоно” гэж заасан. 20.3.14. Намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг батлах гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн намын хорооны хурлын товыг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргаж, төлөөлөгчдийн тоог тогтоох юм. Ингэхдээ бага хурлыг товлохоос 30 хоногийн өмнө зарлана гэсэн байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон МАН-ын их хурлын дараа нийслэлийн намын хуралдах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, нийслэлийн МАН-ын хорооны хурал тавдугаар сарын эхээр болох сурагтай байгаа гэнэ. Тиймээс намын даргад өрсөлдөхөөр горилогчид бэлтгэлээ базааж эхэлсэн сурагтай.
Нийслэлийн МАН-ын даргад горилогчид хэн бэ?
Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн нэрс эхнээсээ улс төрийн хүрээнд болон Тусгаар тогтнолын ордноор дуулдах болж. Энэ жагсаалтыг одоогийн Хотын дарга буюу нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Су.Батболд тэргүүлж байгаа сурагтай. Түүнээс гадна НИТХ-ын дарга С.Амарсайхан ч нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөх сонирхол их байгаа гэнэ. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дунд ч намын хорооны даргад хүч үзэх битүүхэн сонирхолтой хэд хэдэн хүн бий гэнэ. Нийслэлээс гадна парламентаас ч нийслэлийн намын дарга болох сонирхолтой хүмүүс мэр сэр дуулдаж эхэлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ суудалд өрсөлдөх боломжтой гэсэн албан бус яриа гарч эхэлжээ. Гэвч намын Удирдах зөвлөлөөс шинэ даргад ямар хүн нэр дэвшүүлэхээс намын их хурлын уур амьсгал, ирэх сонгуульд хэн нийслэлд МАН-ыг төлөөлж орох вэ гэдэг эцэслэгдэх юм. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдахаас шалтгаалан нийслэлийн МАН-ын хорооны удирдлага солигдох эсэх, хурлын тов тодорхой болох бололтой.
Ш.ЧИМЭГ