Трамп-Ким Жон Уны уулзалт Улаанбаатарт болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Трамп-Ким Жон Уны уулзалт Улаанбаатарт болох уу?

Трамп-Ким Жон Уны уулзалт Улаанбаатарт болох уу?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх дээд хэмжээний уулзалтыг Пхеньянд зохион явуулах саналтай байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн юм.  Гэвч Цагаан ордон Пхеньяны энэ саналыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг ч мөн энэхүү түүхэн уулзалтыг явуулахад тохиромжтой газрын нэгээр нэрлэгдэж байгаа.

CNN агентлагийн мэдээлснээр АНУ болон Хойд Солонгосын тагнуулын албаныхан хэд хэдэн удаа энэ асуудлаар хэлэлцэж, хоёр орны дээд хэмжээний уулзалтыг гуравдагч аль нэг оронд зохион байгуулах боломжийн талаар ярилцжээ.

Түүхэн уулзалт болно гэж харж буй энэхүү уулзалтыг тавдугаар сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр зохион явуулахаар төлөвлөж буй. Гэвч энэхүү уулзалтын өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дөрөвдүгээр сарын сүүлчээр уулзахаар төлөвлөсөн билээ.

Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унтай уулзахын тулд Пхеньянд очиж, “доошоо орохгүй” нь тодорхой ажээ.

Харин энэ уулзалтыг зохион явуулахад хамгийн тохиромжтой газар бол Хойд, Өмнөд Солонгосын Цэрэггүй бүс дэх Панмунжон суурин гэнэ. Гэвч Трампын засаг захиргаа Панмунжоноос өөр газрыг тухайлбал Улаанбаатар хотыг уулзалт явуулах газраар сонгох магадлал өндөр байгаа юм.

Трамп “Хэлэлцэх урлаг” номдоо амжилттай хэлэлцээ явуулах 11 аргын нэг нь “газраа зөв сонгох” хэмээн дурдсан байдаг.

Трамп Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард уулзах тухай мэдээлэл цацагдсанаас хойш хэдхэн цагийн дараа Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан уулзалтыг Улаанбаатар хотод явуулахыг санал болгосон юм.

Уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод явуулах хэд хэдэн шалтгаан бий.

Төвийг сахигч орон. Монгол Улс улс төрийн үзэл баримтлалын хувьд төвийг сахигч орон бөгөөд бүс нутгийн бүх улс орнуудтай найрсаг харилцаатай.

АНУ-тай найрсаг харилцаатай. 1990 оноос хойш Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоож, харилцан дээд хэмжээний уулзалтуудыг зохион явуулж ирсэн.

БНАСАУ-тай дипломат харилцаатай. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хоёрдугаар сард БНАСАУ-д айлчилсан. БНАСАУ Монгол Улсын Засгийн газартай  ажиллах хүч илгээх гэрээ хэлцэл байгуулж ирсэн юм.  Мөн Солонгосын дайны үед Хойд Солонгосын хэдэн зуун хүүхдийг Монголд суралцуулж байсан түүхэн онцгой харилцаатай улс билээ.

Трамп, Ким Жон Уны уулзалтыг Азид зохион явуулах магадлал тун өндөр байгаа юм. Хойд Солонгосын төлөөлөгчдийн хувьд Улаанбаатар хот хамгийн дөт газар. ОХУ юмуу Хятадын нутгийг дамжин төмөр замаар эсвэл нисэх онгоцоор амархан хүрч очно.

АНУ-ын төлөөлөгчдийн хувьд ч ялгаагүй Япон, Өмнөд Солонгос эсвэл Хятадаар дамжин Улаанбаатарт Хойд Солонгосын төлөөлөгчидтэй зэрэг буух болно.

Хойд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчид гуравдагч орны Засгийн газраар дамжуулан олон яриа хэлэлцээ явуулсны дунд Монгол Улсын Засгийн газар ч багтжээ. 2007, 2012 онд Улаанбаатар хот Япон, Хойд Солонгосын засгийн газар хоорондын  уулзалтыг зохион явуулж байв. 2017 онд Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” амжилттай зохион явуулсан юм.

Хойд Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ри Ён-хо энэхүү яриа хэлэлцээнд оролцож, бусад улс орнуудын төлөөлөгчидтэй дэд уулзалтууд зохион байгуулсан билээ.  Монгол Улсын Засгийн газар энэхүү уулзалтыг дээд зэргээр зохион байгуулсан учраас Хойд Солонгосын төлөөлөгчийн тэдгээр уулзалтууд бүгд амжилттай болсон.

Нөгөө талаар Трамп-Ким Жон Уны уулзалтын гол сэдэв нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай асуудал юм.  Монгол Улс өөрийн газар нутгаа цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарласан.

Ажиглагчдын үзэж буйгаар Улаанбаатар хот бол АНУ болон Хойд Солонгосын аль алины хувьд уулзалт зохион явуулахад хамгийн тохиромжтой газар.  БНСУ-ын хувьд энэ уулзалт ялгаагүй чухал ач холбогдолтой учраас Улаанбаатарт явуулах саналыг хүлээн авч магадгүй. Япон уулзалтыг Улаанбаатарт явуулах саналыг дэмжсэн нь хулгайлагдсан иргэдийн асуудлыг хөндөж тавих боломж гарна гэж үзсэнтэй холбоотой. Харин Ши Жиньпин болон Путин уулзалтыг хаана зохион явуулах талаар ямар нэгэн санал дэвшүүлээгүй байгаа ч хэн хэнд нь Монгол Улсын санал ашигтай.

Ажиглагчдын анхаарлыг татаж буй бас нэг асуудал нь Ким Жон Ун ямар тээврийн хэрэгсэл ашиглах вэ гэдэг асуулт юм.

Хэрэв уулзалт Азид биш, Европт болвол Ким Жон Унд БНСУ эсвэл Швед тусгай нисэх онгоц санал болгож магадгүй. Гэвч Хойд Солонгосын тал энэ саналыг хүлээж авах нь эргэлзээтэй.

Ким Жон Ун өөрийн нисэх онгоцоор очлоо гэхэд онгоцны түлшийг цэнэглэх эсвэл дамжин нисэхийн тулд аль нэг оронд зогсох шаардлага гарна гэсэн үг. Гэвч энэ бас л ээдрээтэй асуудал. Учир нь маш олон орон Хойд Солонгосын эсрэг хориг тавьсан.

Ким Жон Уны эцэг Ким Жон Ил онгоцоор нисэхээс айдаг байсан тул гадаадад цөөн удаа айлчлал хийхдээ хуягласан галт тэргээр зорчдог байсан юм.

Ким Жон Ун онгоцоор нисэхээс айдаг эсэх нь тодорхойгүй ч тэрбээр өнгөрсөн сард Бээжинд айлчлахдаа галт тэргээр зорчсон билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж