Тус төвд ажиллах эмч, мэргэжилтэн, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, эмнэлгийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болох менежмент шийдэгдсэн гэхэд болно. Уг төвийн менежментийг Японы “Marix consultrans inc” групп, боловсон хүчнийг нь ЭМШУИС бэлтгэхээр боллоо. Аливаа эмнэлгийг барьж, байгуулахаас өмнө менежментийг нь шийдвэрлэх хэрэгтэй аж. Иймд тус төвийн барилгын ажилтай зэрэгцэн маркетинг, менежементийг нь давхар хийж эхэллээ. “Marix consultrans inc” групп энэ чиглэлээр арвин туршлагатай, 70 жилийн түүхэн замналыг туулсан аж. Мөн тус групп дэлхийн есөн оронд 150 гаруй эмнэлгийн барилга байгууламжийг барьжээ. “Marix consultrans inc” группийн багийн ахлагч Киоши Охтани хэлэхдээ, “Эрдэнэт хот үйлдвэр дагаж боссон бол одоо эмнэлэг, эмчилгээний төвийг дагаж хөгжих цаг ирлээ” хэмээсэн юм. Сайн менежмент, чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологи л монголын эрүүл мэндийн салбарыг дэлхийд таниулж чадна. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэр ХХК эхлүүллээ. Уул уурхайгаас олсон орлогыг монголчуудад зориулахаар шийдсэн үйлдвэрийн удирдлагуудад ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, “Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй эмнэлэг олширсон. Харин өөрийн баялгийн өөртөө зориулах мөч ирлээ. Монголын эмч, мэргэжилтэн, эрдэмтдийг татан оролцуулж, олон улсын оношилгоо, эмчилгээний төв барьж байгаа нь үнэхээр зөв алхам юм. Нөгөөтэйгүүр монголын хөрөнгө монголдоо үлдэнэ. Энэ нь улс орны хөгжилд ихээхэн нэмэртэй юм” хэмээлээ. Гурван талт гэрээний дагуу ЭМШУИС нь “Эрдэнэт” оношилгоо, эмчилгээний төвд ажиллах эмч, мэргэжилтнийг бэлтгэхээс гадна судалгаа хийх аж. Үнэндээ монголын эрүүл мэндийн салбарыг монголчууд л авч явах ёстой гэдгийг гэрээг үзэглэх үйл ажиллагаа харууллаа.
“Эрдэнэт” оношилгоо, эмчилгээний төвийг барих асуудал 2008 оноос эхтэй боловч тухайн үед эдийн засгийн хямрал нүүрлэж, нөгөөтэйгүүр, хамтран ажиллах түнш байгууллагыг судалсаар цаг алджээ. Ингээд Австрийн “Вагнерс” групп, Японы “Marix consultrans inc” группыг сонгож тендер зарласан байна. “Marix consultrans inc” групп монголд ойрхон гэдгээр шалгарчээ.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, “Үйлдвэрийн нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Иймд бид ирээдүйдээ зориулж энэ төвийг барьж байгаа юм” гэв.
Монголын ирээдүйд зориулагдах “Эрдэнэт” оношилгооны төв Орхон аймагт 2012 онд сүндэрлэнэ.
"Ардын эрх" сонин