Нью-Жерси Девилс – Тампа Бэй Лайтнинг | News.MN

Нью-Жерси Девилс – Тампа Бэй Лайтнинг

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Нью-Жерси Девилс – Тампа Бэй Лайтнинг

Нью-Жерси Девилс – Тампа Бэй Лайтнинг

Дорнод бүсийн Атлантик дивизионыг 54 хожилтой 113 оноогоор тэргүүлсэн Тампа Бэй Лайтнинг баг Нью-Жерси Девилс багтай плэй-оффын эхний тоглолтоо хийнэ. Тампа Бэй Лайтнинг энэ улиралд гайхалтай байгаа бол Нью-Жерси Девилс эцсийн мөчид 44 хожил байгуулж 97 оноогоор плэй-оффт багтаж чадсан. Гэхдээ хоёр баг энэ улиралд хоорондоо 3 тоглоход гурвууланд нь Нью-Жерси Девилс баг хожсон. Улирлын хоорондын тоглолтын үр дүнг харвал Нью-Жерси Девилс илүү байх баг нь юм.

Тампа Бэй Лайтнинг хэдийгээр улирлын тоглолтоос хожил авч чадаагүй ч Нью-Жерсид хүнд өрсөлдөгч юм. Учир нь Тампа Бэй Лайтнинг энэ улиралд багийнхаа түүхэнд урьд хожид үзүүлж байгаагүй өндөр амжилт үзүүлж 113 оноотой улирлыг өндөрлүүлээд байна. Дээр нь багийн ахлагч С.Стэмкос энэ улиралд бүрэн фит бол Орос лигонер Н.Кучеровтой гайхалтай довтолгооны хослолыг үүсгээд байгаа. С.Стэмкос 2016-2017 оны улиралд бэртлийн улмаас ердөө 20 хүрэхгүй тоглолтонд оролцоод байсан бол энэ улирал үнэхээр гайхалтай байж 27 гоол, 59 гоолын дамжуулалт өгсөн юм. Саяхан улирлын төгсгөлд бага зэрэг гэмтэл авсан ч плэй-оффын эхний тоглолтонд оролцох боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа. С.Стэмкос, Н.Кучеров гэсэн шилдэг довтолгооны хослолтой Тампа Бэй Лайтнинг баг плэй-оффт эргэн ирсэн нь үнэхээр гайхалтай үйл явдал юм.

Тэдэнтэй өрсөлдөх Нью-Жерси Девилс баг хар цувралаа дуусгаж 6 жилийн дараа плэй-оффт эргэн ирлээ. Тэртээ 1981 онд Нью-Жерси Девилс нэртэй баг бүрдсэн эхний 5 улиралдаа плэй-оффт орж чадахгүй байсан анти үзүүлэлтээ сүүлийн 5 жил давтаад байсан. Харин энэ улиралд багийн рүүки залуусын гайхалтай тоглолт Нью-Жерси Девилсийг эргээд плэй-оффын байранд нь авчирлаа. Энэ улиралд багийнхаа төлөө 2 дахь улиралдаа тоглож буй Т.Халл, өнгөрсөн оны драфтын тэргүүн сонголт Швейцар залуу Н.Хиршер, Денверийн их сургуулийн багаас гаралтай Колорадо Эвеланш багт данстай Америк хамгаалагч В.Бутчер нарын залуус үнэхээр ганган байж багаа улирлын турш чирсэн. Харин тэдэнд плэй-оффын туршлага дутах талтай.

  • Таамаг: 6 тоглолтонд Тампа Бэй Лайтнинг баг хожно

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж