”Дисковер Монголиа” ба дэлхийн шинэ тоглогч

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

”Дисковер Монголиа” ба дэлхийн шинэ тоглогч

Ердөө хориодхон хоногийн дараа дэлхийн уул уурхай, банк санхүүгийн “акул”-ууд Монголд хөл тавина. Тэдний ирэх болсон гол шалтгаан нь “Дисковер Монголиа” олон улсын чуулга уулзалт. Ирэх есдүгээр сарын 8, 9-нд энэхүү чуулга уулзалт болох юм. Чуулга уулзалтад оролцохоор гадаадын томчууд хэдийнээ бүртгүүлээд байгаа гэнэ. Өөрсдийгөө таниулах гэж гуйвж гувшиж явсан үеэ бодвол өнөөдөр Монголыг дэлхийн уул уурхайн болон банк санхүүгийн томчууд хэдийн мэддэг болсон.

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2003 оны намар “Дисковер Монголиа” хэмээх олон улсын чуулга уулзалт анх зохиогдож байлаа. Анхны юм болгон айдастай бас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг хойно. Монгол орныг гадаадынханд сурталчилах, гадаадын томчуудын сонирхлыг өдөөж, хөгжил буурай улс орондоо хөрөнгө оруулалтыг татахаар энэхүү чуулга уулзалтыг зохиож байсан тэр цагаас хойш есөн жил өнгөрчээ. Монголын газрын хэвлийн доорх их баялаг гадаадынхны хөрөнгийг даллан дуудах бай нэгэнтээ болж чадсан нь магадгүй энэхүү чуулга уулзалтын нэг хувь нэмэр байж ч болох. Энэ жилийн чуулга уулзалт “Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлье” уриан дор өрнөх юм байна. Өөрөөр хэлбэл, манайд хөрөнгө оруулаач хэмээн монголчууд гуйдаг байсан үе ард үдэж, танайд хөрөнгө оруулья, хаанахын ямар орд ямар хэмжээний нөөцтэй вэ гэх судалгааг харийнхан нэлээд сонирхох болсон.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд дэлхий дахины сонирхлыг татсан Оюутолгой, Тавантолгой гэх хоёр том төслийг түлхүүрдээд буй. Тиймээс ч гадаадынхан хөрөнгө оруулалт хийхийн тулд өөр хоорондоо өрсөлдөж байна. Тиймдээ ч Монгол Улсыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн харийнхан цоллож буй. Энэ нь манай орны эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлж байгаа. 2011 он  гарсаар Монгол Улсын төсөв байнгын ашигтай гарах болсон. Сангийн дэд сайдын хэлснээр Монгол Улсын төсөв өнөөдрийн байдлаар нэг их наяд төгрөгийн  ашигтай гарсан байна. Энэ бол сайхан мэдээ. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар өдгөө төсвийн гуравны нэг хувийг нүүрснээс бүрдүүлэх болсон байна. 2009 онд улсын төсөвт алтнаас 60.5 тэрбум, нүүрснээс 75.8 тэрбум, зэсээс 237.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин 2011 онд уул уурхайн салбараас нийт 873 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгийг ихээхэн зоволгүйгээр цуглуулж чадна гэдэгт эрхбаригчид ч итгэлтэй байгаа билээ.

Хэдийгээр нэг үеэ бодоход харийнхан өөрсдөө гуйгаад ирдэг болсон ч гэлээ Монгол Улсад багагүй бэрхшээл бий. Тэр нь хөрөнгө оруулагчдыг эмээх нэг зүйл болдог нь худал биш. Жил, жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалтаар хөрөнгө оруулагчид Монгол Улсаас нэг л зүйлийг хүсдэг. Тэр нь хууль, эрх зүйн, татварын тогтвортой байдал. Нэг нам, нэг сайд гарч ирэнгүүтээ л хуулиараа оролдож, хуулиндаа байнга гар дүрдэг нь харийнхан санаа амар хөрөнгө оруулалт хийхэд хязгаарлалт болдог. Тиймээс  нэгэн чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчид “бид нэг л зүйлээс айдаг. Тэр нь Монголын төр, төрийн бодлого” хэмээн онцолсон бий.

Хөрөнгө оруулагчдын санааг зовоодог нөгөө нэг асуудал нь Монголын дэд бүтэц. Монгол Улс дэд бүтэцгүйгээр уул уурхайн салбараасаа ихээхэн хэмжээний хөрөнгө олно гэж байхгүй шүү хэмээн дэлхийн банк, санхүүгийн томчууд анхааруулах, зөвлөхийн завсар сануулдгийг ч бас бодолцох хэрэгтэй болов уу. Монголд баялаг нь байгаа, харийн гадаадынханд мөнгө байна. Гэхдээ гадаадынхан Монголоос хураасан ургацын талбайг нь  монголчууд шүүрдэх ёсгүй гэх шүүмжлэл ч бас дагалддаг. Тэгэхээр Монгол Улс дэлхийд шинэ тоглогч байхын тулд тоглоомын дүрэм нь тодорхой, тоглогчид нь ухаантай байх л хэрэгтэй болж.

Монголыг сурталчлах сурталчилгаа одоо хэрэггүй хэмээн хэлэх хүмүүс ч байдаг. Харин “Дисковер Монголиа”-г зохион байгуулагчид Монголд сурталчилгаа хэрэгтэй, учир нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаас гадна, уул уурхайг салбарыг дагалдан хөгжих техник, технологи нийлүүлэх, үйлдвэрлэх зэрэг ханган нийлүүлэлтийн асуудлаар түншлэлээ олоход тус чуулга уулзалт гүүр болно гэдэгт итгэлтэй байгаа бололтой.  Тэгэхээр намрын халуун өдрүүдэд болох “Дисковер Монголиа” хэрхэн зохиогдож, хэр үр дүнтэй арга хэмжээ болохыг харья. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан эдийн засгийн форум шиг асуултын хариултгүй, ардаа үр дүнгүй арга хэмжээ болоод өнгөрөхгүй л байгаасай.

Ж.Гэгээ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж