Өмнөд Солонгосын нэгэн фермер хөршийнхөө нохойг төхөөрч, эзнийг нь нохойн махаар хийсэн зоогт урьсан хэрэг тус улсын цахим сүлжээнд олон нийтийн бухимдал, эгдүүцлийг төрүүлсэн байна.
Энэ хэргийн талаар нохойн эзэнд өөр нэгэн хөрш нь хов хүргэсний дараа 62 настай фермер хэргээ хүлээсэн гэнэ.
Тэрбээр мэдүүлэгтээ нохой байнга хуцаад ядаргаатай санагдсан учраас чулуугаар шидэж алсан гэжээ. Гэхдээ тэрбээр нохойг үхсэн гэдгийг мэдсэний дараа төхөөрч, зоог бэлтгэсэн хэмээн өчжээ. Тэр бүү хэл нохойн эзнийг хүртэл зоогтоо урьжээ.
Солонгосчууд нохойн махыг хүнсэнд хэрэглэж ирсэн эртний уламжлалтай боловч орчин үед нохойн махыг хүнсэнд хэрэглэх биш, гэрийн тэжээвэр амьтан гэж үзэх хандлага түгээмэл болжээ. Ялангуяа залуу үеийнхэн нохойн мах идэхийг бүдүүлэг гэж үзэх болсон байна.
Нохойн эзэн гэмт хэрэгтэнд хатуу шийтгэл ноогдуулахын тулд цахим сүлжээнд олон нийтийг дэмжихийг уриалжээ. Түүний уриалгыг 15,000 хүн дэмжиж, гарын үсэг цуглуулсан байна.
Нохойгоо алга болоход эзэд нь хотод зар тарааж, олсон хүнд нэг сая воны шагнал амлажээ.
Тэд нохойг нь алсан хөршийнд очиход тэрбээр нохойг нь олвол хэлнэ гэж хэлжээ.
Нохойн эзэн нохойн мах иддэггүй хүн учраас хөршийнхөө урилгыг хүлээж аваагүй гэнэ.
Амьтны эрхийн төлөө тэмцэгчид энэ хэргийн дараа нохойн махны хэрэглээг бүрмөсөн хориглох кампанит ажил өрнүүлжээ. Өмнөд Солонгост шинээр баталсан хуулийн дагуу амьтантай зүй бусаар харьцсан этгээдийг хоёр жил шоронд хорих буюу 20 сая воны торгууль ноогдуулах ажээ.
Эх сурвалж: Agence France – Presse